Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

 

 

   2024          12           20                                    2024/ШЦТ/1036

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Т.Баянмөнх,

хохирогч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч “********” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “********” холбогдох эрүүгийн “********” тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хорооны 7/3-51 тоотод оршин суух, урьд

- Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 265 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, “********”

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “********”нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "BIG" нэртэй караокены 206 тоот өрөөнд байхдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэн Г.Ган-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.Ган- Эрдэнийг гараараа цохих, пивоны шилээр бие рүү нь хатгах зэргээр эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний биед "баруун өвдөг, зүүн гуянд шарх, бүсэлхий, зүүн гуянд зулгаралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “....Би эхнэр, хүүхэд, ээжтэйгээ түрээсийн байранд амьдардаг. Энэ гэмт хэргийн улмаас 2 удаа хагалгаанд орсон. Хагалгаанд ороод түрээсийн төлбөрөө төлж чадаагүй. Одоо миний өвдөг өвөл болохоор янгинаад байгаа. Хохирлын 300.000 төгрөгийн баримт байгаа бусад хохирлын баримтаа хайгаад болохгүй байгаа боловч баримтаа бүрдүүлж байгаа шүүгдэгчээс нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай "...Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн “********” баруун хөл гэмтсэн." гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

 

Хохирогч “********”:

"...Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6-р хороо 31-5 тоот гэртээ байхад найз Ариунболд гэртээ 4 хоног ууж байна гэсэн болохоор очоод хамт ганц пиво ууя гэж яриад Ариунболдын эхнэр, бид 3 нийт 60,000 төгрөг хүний 20,000 төгрөгөөр нийлээд 0,5 л-ын хараа, 2,5 л-ийн хэмжээний пиво авч, Жуковын Хонхор гэдэг газар Ариунболдынд ууж байсан, тухайн үед Ариунболд руу найзууд нь залгаад таксины мөнгийг нь өгье, ТБД андууд дээр хүрээд ир гээд Ариунболдын эхнэр бид 3 очоод байрны гадаа машин дотор Ариунболдын найз гэх 2 залуутай хамт уусан. Тэгээд ууж байхад намайг гэмтээдэг залуугийн эхнэр нь ирээд хувцсаа сольчхоод ирье гээд гарч ирээд Ариунболд, эхнэр нь, 2 эрэгтэй найз, намайг гэмтээдэг залуугийн эхнэртэй нийлээд 6 уулаа Модны 2-ын голын замд караокед орсон. ...намайг гэмтээсэн гэх залуу нь анх уулзсан цагаасаа Ариунболдыг дээрэлхэх хандлагаар “Чи хөөе пиз да минь” энээ тэрээ гээд, Ариунболд юм хэлээгүй “Уучлаарай” гээд байсан. Тэгээд караокед тэгээд байж байсан тамхины өрөөнд Ариунболдын нөгөө эрэгтэй найз нь “Чи намайг шувуу гэж дуудахгүй шүү” гээд байсан. ...тэгэхээр нь би “Та нар одоо адилхан ууж идэж байж болиоч дээ” гээд Ариунболдыг өмөөрөөд хэлсэн чинь тэр шувуу гэх эрэгтэй найз нь “Би харилаа” гээд гараад явсан тэгснээ буцаж ирээд тэр залуу нэг юм хэлээд над руу “Чи согтвол хүн алах юм байна” гэхээр нь юу яриад байгаа юм гэтэл намайг гэмтээсэн залуу бүтэн пиво газар хаглаад миний зүүн хавирганы хэсэг рүү 2 удаа зоосон, тэгэхээр нь би “Чи чинь одоо болиоч гээд түлхсэн чинь дахиад бүтэн пиво газар хагалаад дахиад миний зүүн хавирга руу 2 удаа хатгасан тэгэхээр нь би “Наадах чинь зоогдохгүй ээ зүгээр байна” гээд дараад хэвтсэн чинь шувуу гээд залуу нь миний хоолойноос боогоод холдуулсан. ...тэгээд би хөлөө бариад доошоо болоод байж байсан баахан шилтэй пиво хагалсан дээр нь би халтираад унахад миний баруун хөлийн өвдөг 5 орчим ангайж, 18-19 оёдол тавиулсан. Одоо гэмтэлд хэвт гэсэн ирж хувцсаа авах гээд ирсэн юм. Миний баруун хөлийн өвдөг орчимд 5-6 орчим газарт 18-19 орчим оёдол тавиулсан, Баруун гуяны дотор талд 1 удаа хагалсан пивоны шилээр зоолгосон. Өөр гэмтэл байхгүй. Миний хавирганы орчимд бол гэмтэл байхгүй, шил нь зоогдоогүй юм. ...миний баруун гуяны дотор талд зүсэгдсэн шархыг Ариунболдын найз гэх залуу пивоны 3 дахь шилээ хагалаад миний гуя руу 1 удаа зоосон. Баруун хөлийн өвдгөнд үүссэн гэмтлийг би гуя руугаа 1 удаа зоолгоод хөлөө бариад доошоо болсон чинь газар асгарсан пивонд халтирч унаад гэмтээсэн. ...би маш их гомдолтой байна. ...Төрмөнх намайг гараараа 2 удаа цохиж дараа нь пивоны шил хагалж миний биеийн зүүн талын гуя, нуруу хэсэгт 3-4 удаа зоосон, тэгээд би өөрийн хөлийг хараад, эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэл өг гэсэн ...Баянгол дүүргийн 33 дугаар хороо “BIG” нэртэй караокед хэрүүл маргаан болсон, Төрмөнх гэх эрэгтэй архи уусан үедээ үг, хэл амаар доромжлон, миний нүүр хэсэгт 3 удаа цохиж, миний хөл, нуруу хэсэгт ууж байсан пивоны шилээ хаглан шилээр миний зүүн талын гуя, зүүн талын нуруу хэсэгт зоож зүссэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-17 дахь тал/,

 

“********”:

"...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр 16 цагийн үед хүрээд ир манай найз нар байна, би Төмөр замын дээд сургуулийн ойролцоо далангийн зогсоол дээр байна гэсэн бид нар 5 уулаа байна манай багын найз нар байна гэхээр нь би очсон, очоод удаагүй байхад хэдүүлээ караоке оръё гэхээр нь бид нар модны 2-ын ойролцоо байх нэрийн мэдэхгүй нэг караоке орсон, манай нөхөр найз нараа дайлна гээд “Архины сэт гээд 250,000” мянган төгрөгийн үнэтэй дайлсан, тэгээд архи дуусахад дахин архи захиалах гээд нөхөр Г.Мөнхтөртэй гараад захиалга өгөөд буцаад өрөөндөө ороход хүмүүс хоорондоо хэрүүл хийгээд байж байсан нөхөр Г.Ган-Эрдэнэ гэх залуутай маргаж байгаад тухайн залуугийн нүүр хэсэгт гараараа 1 удаа алагдсан, тэгээд Г.Ган-Эрдэнэ гэх залуу манай нөхрийг барьж аваад ноцолдож байгаад доороо оруулж боосон, нөхөр хөдлөх боломжгүй байгаад байхаар нь Самбуу боль гээд салгасан, тэр 2 ноцолдоод ширээн дээр байсан архи пивоны шил хагалсан, тэр 2-ыг салгаад босгоход Ганаа гэх залуугийн хөл цус болсон байсан, хамт ууж байсан хүмүүс нь манай нөхөр лүү дайраад байхаар нь би цагдаа дуудаарай гэсэн. ...Г.Ган-Эрдэнэ гэх залуу өөрөө хагархай шилэн дээр унж хөлөө гэмтээсэн. ...манай нөхөр Г.Мөнхтөр, Г.Ган-Эрдэнэ 2 хоорондоо хэрүүл маргаан хийж ноцолдсон өөр хүн зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-29 дэх тал/,

 

Гэрч “********”:

“...тухайн өдөр 15 цагийн үед Ган-Эрдэнэ гэх манай найз гэрт ирсэн, би гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан удаагүй Мөнхтөр гээд барилга дээр хамт ажиллаж байсан найз залгаад уулзах уу? гэхээр нь би мөнгө байхгүй байна гэхэд миний данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн, би найз Ган-Эрдэнийн хамт таксинд суун Баянгол дүүргийн 2-р хороо Барилгын 7-р байрны ойролцоо очсон, Мөнхтөр өөрийнхөө эрэгтэй найзтайгаа халамцуу сууж байсан, удаагүй бид нар ярилцаж байгаад караоке орохоор болсон орсон караокены нэрийн мэдэхгүй байна. Бид нар орж архи, пиво захиалан уусан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул согтоод юу ч санахгүй байна, бид нарын байсан караокены өрөөнд цагдаа, эмнэлгийн байгууллага ирэхэд би сэрсэн, тухайн газар юу болсон талаар санахгүй байна... “ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Гэрч “********”:

"...тухайн өдөр би өөрийн ажил болох Баянбүрдийн хойд талд байх барилга дээр ажиллаж байсан, 13-14 цагийн орчим над руу Мөнхтөр залгаж, 2 уулаа уулзах уу? хүрээд ир гэхээр нь Баянгол дүүргийн 2-р хороо Барилгын 7-р байрны ард талд байх далан дээр цагаан өнгийн “Toyota sai3 маркийн Мөнхтөрийн машинд уулзсан, бид 2 уулзаад удаагүй байхад Ариунболд, түүний эхнэр, Ган-Эрдэнэ нар ирсэн удаагүй араас нь Мөнхтөрийн эхнэр ирээд бид 2 гэртээ ороод хувцсаа солиод гарч ирээд бид 6 Модны-2-ын замд байрлах “BIG” нэртэй караокед орж хүний нэг нэг шил пиво, 1 шил архи хоол зэргийг авсан, эхний авсан юмнууд дуусахаар нь дахин 1 шил архи 5 ширхэг пиво авсан, тэгээд Мөнхтөр нь Ган-Эрдэнийн нүүр хэсэгт нь хөлийн өвдөг хэсгээрээ 1 удаа цохиход Ган-Эрдэнэ гэх залуу Мөнхтөрийн дээрээс унаад хоорондоо ноцолдож байх үед ширээн дээр байсан пиво, архины жижиг өрүүнк зэрэг унаж хагарсан байсан Ган-Эрдэнэ тухайн хагарсан шилэн дээр өвдөглөж хөлийн өвдгөө зүсэж цус гарсан байсан, тэгээд би тухайн 2 хүнийг салгах гэж хойш нь татаж босгож ирсэн, тэрнээс цааш нь юу болсныг санахгүй байна. Мөнхтөр нь Ган- Эрдэнийн нүүр хэсэгт хөлийн өвдөг хэсгээр 1 удаа цохиж байсан, хэрүүл, маргаан юунаас болж болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн:

 “...10285 дугаартай дүгнэлтийн гэмтлүүд нийтдээ хөнгөн зэргийн хохиролд хамаарна, шарх гэмтэл нь хөнгөн, гуянд үүссэн шарх гэмтлийн зэрэгт хамаарна. ...шарх гэмтэл ир үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 10285 дугаартай:

 “...1.”********” биед баруун өвдөг, зүүн гуянд шарх, бүсэлхий, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Хэрэг болсон гэх газрын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт /хавтаст хэргийн 97 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 64-70 дахь тал/,

 

Шүүгдэгч Г.Мөнхтөрийн яллагдагчаар өгсөн:

 “...миний уур хүрээд ууж байсан пивоны шилээ хагалж байгаад бүдүүн гуя хэсэгт хатгасан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-70 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч “********” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогчоос эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 300.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” цаашид эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн 280.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

            Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Мөнхтөрийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “********”нь:

2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "BIG" нэртэй караокены 206 тоот өрөөнд байхдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас иргэн Г.Ган-Эрдэнэтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар Г.Ган- Эрдэнийг гараараа цохих, пивоны шилээр бие рүү нь хатгах зэргээр эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний биед "баруун өвдөг, зүүн гуянд шарх, бүсэлхий, зүүн гуянд зулгаралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Ган-Эрдэнэ, гэрч Ж.Ууганцэцэг, С.Ариунболд, Д.Ринчинсамбуу, шинжээч эмч Б.Ганзориг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10285 дугаартай шинжээчийн  дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.   “*********** зүйтэй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 410 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг дүгнэлтийг гаргав. 

 

Шүүгдэгч “********”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Мөнхтөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй *********** шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ”********”дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 410 /дөрвөн зуун арван/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 300.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ган-Эрдэнэд олгож, хохирогч Г.Ган-Эрдэнэ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мөнхтөрөөс хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 280.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ