Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0716

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*************” ХХК, /РД:*************/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*************, түүний өмгөөлөгч З.Б*************, Ж.Ч*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2....1 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрийн “Б*************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан  илэрхийлсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:             

2.1 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2258 дугаар шийдвэрээр “Д*************” ХХК-д олгосон Төв аймгийн Бүрэн сумын ************* нэртэй 1************* га хайгуулын талбайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[1] Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр “Б*************” ХХК  шилжүүлэн авч,[2] 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 771 дугаар шийдвэрээр MV-************* ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ[3].

2.3 Харин Төв аймгийн Бүрэн сумын ******* нэртэй 689 га хайгуулын ************* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1758 дугаар шийдвэрээр иргэн М.Д*************[4] Ашигт малтмал хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1115 дугаар шийдвэрээр “Н*************” ХХК-д, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр талбай бүхий дээрх компаниас “Б*************” ХХК-д шилжүүлэн авсан[5] бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 772 дугаар шийдвэрээр Дундговь, Төв аймгийн Адаацаг, Бүрэн сумын нутаг дахь ************* нэртэй 1*************3.69 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт MV-************* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б*************” ХХК-д болгожээ[6].

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу MV-*************, MV-************* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2019 оны төлбөрөө мөн 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн байна.[7]

Харин нэхэмжлэгч “Б*************” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн ээлжит ************* оны төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүйтэй холбогдуулан  хариуцагчаас 2************* оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8/5621 тоот албан бичгээр

“...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэн...”[8], уг албан бичгийг “Монгол шуудан” ХК-иар  2************* оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Б*************” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө *************-д *****тоот хаягаар хүргүүлсэн байна.[9]

Гэвч нэхэмжлэгч “Б*************” ХХК-иас тусгай зөвшөөрлийн ээлжит 2************* оны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагчаас 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрээрээ “Б*************” ХХК-ийн MV-*************, MV-************* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалж,[10] тус шийдвэрийг .2....1 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8/263 дугаар мэдэгдлээр[11] “Монгол шуудан” ХХК-иар 2....1 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Б*************” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө *************-д *****тоот хаягаар хүргүүлсэн байна[12]

Харин дээрх үйл баримтаас жилийн дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар “Б*************” ХХК-иас 2....1 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот албан бичгээр “...2************* онд дэлхий нийтэд Коронавирус халдварт цар тахал дэгдсэн...хувьцаа эзэмшигч П.И************* болон Ц************* нар сүүлийн хэдэн жил гадаадад амьдарч байгаа...гүйцэтгэх захирал Б.Б************* жирэмсэн болж 2************* онд төрж, компанийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан...тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлөх боломжийг сэргээж өгнө үү...” гэх утга бүхий гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргажээ[13]

Уг гомдлын хариу болгож Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас 2....1 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/5367 албан бичгээр“...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тухай актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн...” гэх хариуг “Б*************” ХХК-д өгсөн[14] тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шийдвэрийн “Б*************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ[15].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрт “...Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай 8/5621 тоот мэдэгдлийг 2************* оны 12 дугаар сарын 21-ний өдөр Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн бүртгэлийн системд бүртгэлтэй танай компанийн албан ёсны хаягт хүргүүлсэн” гэж тайлбарласан боловч бодит байдал дээр манай компанийн албан ёсны хаягт ямар нэгэн мэдэгдэл ирээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан зарчмын үндсэн дээр бидэнд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэх ёстой байсан. Мөн бидний оролцоог хангаж санхүүгийн болон удирдлагын хувьд хүнд нөхцөл байдалд байгааг харгалзан үзээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу компанийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа компанийн санхүүгийн болон удирдлагын хувьд доголдолтой байгаа бодит нөхцөл байдлыг тогтоож авч үзээгүй буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу бидэнд нөхцөл байдлаа тайлбарлах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг тодорхой хугацаанд нөхөж төлөх боломжийг тус тус олгоогүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан ба маргаан бүхий шийдвэр нь 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан боловч бидэнд бичгээр болон амаар мэдэгдээгүй.

Өөрөөр хэлбэр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан үүргээ зөрчсөн буюу бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх боломжтой байсан...” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компани бол хоёр хувьцаа эзэмшигчтэй. Энэ 2 компанийн хувьцаа эзэмшигч нар нь Монгол улсад байхгүй байгаагаас шалтгаалаад жирэмсний амралттай байсан компанийн гүйцэтгэх захирал нь солигдоогүй.

...Бидэнд байгаа мэдээллээр бол энэ н.Ц************* гэдэг хүн өнөөдрийн байдлаар Монгол улсад байхгүй. 2019 онд хилээр гарсан.

...”Б*************” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б************* компаниасаа цалин авдаггүй. Цалин авдаг компани нь “З*************” ХХК юм. “Б*************” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийлээ гээд тухайн тэр “З*************” ХХК-д ажиллах эрхгүй гэдэг агуулга байхгүй.

Тусгай зөвшөөрөл цуцлагдах үед гүйцэтгэх захирал жирэмсний амралттай байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс яагаад энэ хүсэлтийг удаа дараа гаргаад байгаа вэ гэхээр нэгдүгээрт гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг бид тайлбарлаад байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна...” гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“З*************” ХХК-ийн болон “Б*************” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар бүгд Монгол улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гадагшаа явчихсан. Ингээд Б.Б************* энэ компанийн үйл ажиллагааг хариуцахаа больсон ч жирэмсний амралттай байж таарсан юм.

Манай байгууллагад нэгдүгээрт цар тахал нөлөөлсөн. Хоёрдугаарт ийм тийм шалтгааны улмаас төлбөрөө төлөөгүй...” гэжээ.

            3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “Б*************” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2************* оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөөгүй.

Ашигт малтмалын ашиглалтын MV-*************, MV-************* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг болон 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрийг ”Б*************” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн УУКК системд бүртгүүлсэн хаяг болох “Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Жуковын өргөн чөлөө*************-д *****тоот” хаягаар хүргүүлсэн.

Харин “Б*************” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд албан ёсны хаягаа “Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Жуучлны гудамж-42, ************* тоот” гэж бичсэн байна.

...“Б*************” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-************* MV-************* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо мэдэгдэлд гарын үсэг зуруулдаг бөгөөд компанийг төлөөлж Н.Д************* гэдэг хүн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарын үсэг зурахад  уг мэдэгдлийн 4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлсөн байна. Хэрэв энэхүү төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлагдахыг анхаарна уу”, 6-д “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээллийг Үндэсний шуудан сонин болон Ашигт малтмал, газрын тосны газрын www.mrpam.gov.mn” цахим хаягаар авч болохыг тус тус анхааруулж танилцуулсан байна.

...Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан тул нэхэмжлэгч компанийн хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн[16].

....2************* оны 11 дүгээр сард анхны халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт хийгээгүй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг хэлмээр байна. Дээрээс нь сонсох ажиллагаа хийгээгүй гэж хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч маань өөрөө бас тодорхой хэмжээний үүрэгтэй байгаа. Хаягийн өөрчлөлтийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 35.12-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хаягийн өөрчлөлтөө нэхэмжлэгч компани манайд мэдэгдээгүй. Бид нар бол 2017 онд бүртгүүлсэн байсан хаягаар нь хүргүүлсэн...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б*************” ХХК-ийн MV-*************, MV-************* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг 2************* оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөхөөр байна.

Гэтэл нэхэмжлэгч компани дээрх хуулийн хугацаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл...” тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон боломжит хугацаанд мөн төлбөрийг төлөөгүй байсан тул хариуцагчаас маргаан бүхий актаараа “Б*************” ХХК-ийн MV-*************, MV-************* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасанд нийцэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах...”, 32.1-д ”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” заасан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, зөрчсөн байх тул хариуцагчаас мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүй ёсны юм.

Гэтэл нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуульд заасан “тусгай зөвшөөрлийн төлбөр” буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах хуулиар хүлээсэн үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй[17] атлаа маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... Ковид 19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан,...хувьцаа эзэмшигч П.И************* болон Ц************* нар сүүлийн хэдэн жил гадаадад амьдарч байгаа...гүйцэтгэх захирал Б.Б************* жирэмсэн болж, төрсөн...” гэх агуулгаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлан маргах боловч эдгээр үндэслэлүүдийг тодорхой нотлох баримтанд тулгуурлан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг тодруулахад тус ухагдахуунд хамаарахгүй байсан тул шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2....0 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор[18] өдөр тутмын бэлэн байдлаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2************* оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2************* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд, 2************* оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор[19] 2************* оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас 2************* оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг буруулан хэсэгчилсэн байдлаар шилжүүлж шийдвэрлэсэн байх ба эдгээр тогтоолуудад дурдсан хугацаа нь MV-*************, MV-************* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлөх болон ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацааг тус тус хамарч байна.

Харин “Б*************” ХХК-ийг хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөхөд захиргааны байгууллагад зайлшгүй биечлэн ирэх шаардлагагүй байдаг.

Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Үндэсний төлбөрийн системийн” хууль батлагдан,  2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн үеэс 24 цагийн турш цахимаар мөнгөний орлого, зарлага, шилжүүлэг хийх, төлбөр шилжүүлэх  цаг алдалгүй хийх  боломжтой болсон тул  Засгийн газрын дээрх тогтоолууд нь “Б*************” ХХК-ийг хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхээр банкны гүйлгээ хийх, төлбөр шилжүүлэхэд нь нөлөөлөхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд төлбөрийг цаг үеийн дэвшилтэд технологийн нэг болох цахим гуйвуулгаар дэлхийн хаанаас ч шилжүүлэх бүрэн боломжтой байсан.

Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б*************” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.И************* /РД:*************/ нь 2************* оны 01 дүгээр сарын 28-ны өдөр УБ-Истанбул чиглэлийн ТК-363 дугаар аяллын онгоцоор улсын хилээр гарснаас хойш Монгол улсын хилээр буцаж орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2************* оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2-4в/1253 дугаар албан бичгээр[20] тогтоогдсон бол Б.Ц-************* /РД*************/ хувьд “...2018-2019 оны хооронд Монгол улсаас гарсан бөгөөд одоо АНУ-ын Чикаго хотод байгаа...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[21] зэргээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч нарын хилийн чанадад амьдарч байгаа нь тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш.

Түүнчлэн нэхэмжлэгч “Б*************” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б************* 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс жирэмсний амралтаа ажил олгогч “З*************”  ХХК-ийн тодорхойлолт дээр авсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б*************-аас “...миний бие гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байдаг бөгөөд цалин авч ажилдаггүй болно...”гэх тайлбарыг[22] өгсөн зэргээс үзвэл компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх, түүний ажил үүргийг шилжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, удирдан зохион байгуулах нь компанийн дотоод асуудал бөгөөд үүнд шүүх хөндлөнгөөс нэхэмжлэгчийг хаацайлан зөвтгөн дүгнэлт өгөх шаардлагагүй юм. 

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг хойшлуулах нөхцөл байдлын талаар захиргааны байгууллагад хандаж байсан талаарх хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, энэ тухай нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс огт дурдаж байгаагүй болно.

Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно”  гэжээ.

Хариуцагчаас Ашигт малтмалын ашиглалтын MV-************* MV-*************. дугаартай тусгай зөвшөөрлүүдийн төлбөрөө бүрэн төлж бүртгүүлэхийг 2************* оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын mrpam.gov.mn сайтад мэдэгдэл хэлбэрээр[23] байршуулсан байхаас гадна Үндэсний шуудан сонины 2************* оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 дахь нүүрэнд нийтэд мэдээлэн нийтэлсэн.[24]

 2************* оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8/5621 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрээр “Б*************” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-*************, MV-************* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу цуцалсныг мөн өөрийн www.mrpam.gov.mn сайтад байршуулсны[25] зэрэгцээ 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 8/263 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгээр тус компаниас Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрчлөн  бүртгүүлсэн[26] хаяг болох “Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Жуковын өргөн чөлөө *************-д *****тоот” хаягаар хүргүүлсэн боловч буцаагдаж ирсэн байна[27]

Нэхэмжлэгч “Б*************” ХХК өөрийн албан ёсны хаягийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа дээр 2009 оны ************* дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 3-р хороо, 1 тоот[28] гэж тэмдэглэсэн байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж-42 .************* тоот гэж маргах боловч  уг хаягийн өөрчлөлтийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй.

Дээр дурдсан үйл баримтаас үзвэл хариуцагч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ[29] бүрэн хэрэгжүүлсэн байх тул түүнийг хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэж, оролцоог хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах  өчүүхэн ч үндэслэл байхгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан “тусгай зөвшөөрлийн төлбөр” буюу ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах хуулиар хүлээсэн үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.  

Эцэст нь шүүхээс нэхэмжлэгчийн 2....1 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот албан бичгээс хөөн хэлэлцэх хугацааг тооцон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй гэж үзсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн албан бичиг, итгэмжлэл дээрх гарын үсгийн зөрүүтэй байдлыг тогтоох, маргааны үйл баримттай холбоотой тайлбар авах зорилгоор “Б*************” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг дуудан ирүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй байсан[30] болохыг дурдах нь зүйтэй.

             Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Б*************” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2************* оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ************* дугаар шийдвэрийн “Б*************” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын

тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7....00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР