Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       Ө.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Хохирогч                                                       Ц.Х

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолтой, Ө.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ө-н О.

 

Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн урд талын замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-д заасан заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.М-н амь насыг нь хохироосон, /17 настай/ Г.М-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Х-нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Ө-н О-ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Од ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Оы 4 настай охин О.А-г төрсөн эх Б.Э-н асрамжинд шилжүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, согтуурал шалгасан 3 ширхэг баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 02248845 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч нараасаа уучлалт хүсч байна. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилсэн бөгөөд үүнд маргахгүй.

Миний бие уг ослын улмаас аарцаг ясны хугарал, дал ясны хугарал, баруун хөлний хугарал гэмтлүүд үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл аарцаг ясны хугарал баруун хөлний хугарал гэмтэл бүрэн эдгээгүй байгаа билээ.

Иймд миний эрүүл мэндийн байдлыг болон бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлсөн ба тухайн гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа, мөн хохирогчийн цаашид эмчилгээний зардал гарвал нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн бөгөөд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2.д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэх үндэслэл хэрэгт нотлох баримтаар авагдсаныг анхаарч үзэлгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 заалтад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан байх ба Ө.О нь болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх боломжийг анхаарч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүгдэгч Ө.Од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

 Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн урд талын замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус-30” маркийн 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.д заасан ...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон, 12.3-д заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.М-н амь насыг нь хохироосон, /17 настай/ Г.М-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

 Ө.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын  11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар ялыг нэмж нэгтгэн, түүний гэм буруугийн байдал, учруулсан хохирол хор уршгийн байдлыг харгалзан үзээд  шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.

 

          Шүүгдэгч Ө.Оы үйлдсэн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хасч, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Оы гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргийн үйл баримтанд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг түүнд оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нь давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ө.О болон түүний өмгөөлөгчийн ...биеийн эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,           39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О, шүүгдэгчийн өмгөөлөгч О.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

                                                                                           С.ЦЭЦЭГМАА