| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/1015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1037 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1037
2024 12 20 2024/ШЦТ/1037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч “********” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “********”холбогдох эрүүгийн “********” тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “*************”.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “********”нь хохирогч Ю.Гантөмөрийг Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой болон нүүр хэсэгт удаа дараа цохиж, толгойг нь зорчиж явсан автобусны голын хайрцагт мөргүүлж хамар ясанд бага зэргийн цөмөрсөн хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч “********”:
“...Би өглөө өөрийнхөө найз Баатарын хамт Зунжингаас жуулчид аваад хотод 09 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн ба 15 цагийн үед багын найз Мөнх-Эрдэнэ манай автобусанд суугаад бид хүмүүсээ буулгачхаад, хорооллын тийшээ архи ууж суугаад дараа нь 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг нийтийн караокед архи ууж байгаад явах болсон. Баатар архи уугаагүй болохоор жолоо барьсан ба Мөнх Эрдэнэ бид хоёр автобусны арын суудалд суусан байсан. Удалгүй бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаж зодолдсон ба Мөнх-Эрдэнэ миний нүүрэн тус газар, толгойд удаа дараа гараараа цохиж, автобусны голын хайрцагт толгойг мөргүүлсэн. Баатар автобусаа зогсоогоод биднийг салгасан үед би зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
Гэрч “********”:
“...Гантөмөр Эрдэнээгийн хамт караокед хэсэг сууж байгаад харих болоод Эрдэнэ 3 дугаар сургуульд буух болсон ба UB place-ийг эргээд автобусан дотор Гантөмөр Эрдэнэтэй зодолдоод эхэлсэн ба би автобусаа зогсоогоод салгах хооронд Гантөмөрийн нүүрэн тус газарт олон удаа гараараа цохиж, автобусны дунд хайрцагт толгойг нь 5, 6 удаа цохисон байсан. Би автобусаа зогсоогоод салгахад Эрдэнэ гэх залуу дайраад байсан бас миний цамцыг урсан, автобусны толийг хагалсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 09-р сарын 25-ны өдрийн №12612 дугаартай:
“...”********” биед хамар ясанд бага зэргийн цөмөрсөн хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт бүхий хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч “********” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “********”нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “********”нь:
хохирогч Ю.Гантөмөрийг Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой болон нүүр хэсэгт удаа дараа цохиж, толгойг нь зорчиж явсан автобусны голын хайрцагт мөргүүлж хамар ясанд бага зэргийн цөмөрсөн хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ю.Гантөмөр, гэрч Д.Баатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12612 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “********”“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “********” эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч “********”энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ю.Гантөмөр нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “********”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн “********” дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ю.Гантөмөр нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ