Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

 

 

   2024          12           20                                    2024/ШЦТ/1038

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Цогням /томилолтоор/,

шүүгдэгч “********” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “********” холбогдох эрүүгийн “********” тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** ажилтай, ам бүл 5, эхнэр, эх, хүүхдүүдийн хамт ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “********”нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 04-ээс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” зочид буудлын гадна “********” маргалдаж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “********”нүүрэн тус газар руу цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Бямбасүрэнгийн:

“...Би 2024 оны 10-р сарын 05-ны өдрийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хороо “******”-н баруун талын хашаа дотор байсан нэрийг нь мэдэхгүй бааранд “********” нарын хамт ороод архи уугаад баар хаах болоход Энхтулга түрүүлээд гэр лүүгээ яваад өгсөн. Би Гантулга, Мягмарбазарын хамт гараад манай найз Гантулга тасарчихсан биеэ авч чадахгүй байхаар нь өөрийнх нь “Тоёота приус-30” маркийн автомашинд суулгаад дуудлагын жолооч дуудаад баарны хашаан дотор хүлээж байсан. Танихгүй 3-4 хүн манай найз Мягмарбазарыг газар унагаад зодож байхаар нь би салгах гээд очиход хар хувцастай, урт үстэй, нүдний шилтэй залуу нь намайг барьж баруун гараар миний баруун нүд хэсэг рүү 2-3 удаа, уруул хэсэг рүү 2-3 удаа цохисон, намайг доош дараад 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд яваад өгөхөөр нь би бичлэг хийнэ гэж өөрийн “самсунг эс-20” маркийн гар утсаа гаргахад буцаж ирээд гар утас цохиж унагаад дэлгэц хагалсан. Тэгээд намайг хар хувцастай, урт үстэй залуу саарал өнгийн “Тоёота приус-30” маркийн машинд суугаад яваад өгсөн. Намайг цохисон хүнийг би харвал танина. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Хохирогч ****** дахин өгсөн:

“...Мягмарбазар тухайн үед ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх үү гээд мөрдөгч асуухад миний биед учирсан гэмтэл байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд явсан ... маргааны үед Гантулга согтуу машиндаа унтаж байсан...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 38, 40-41 дэх  тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10-р сарын 10-ны өдрийн 13234 дугаартай шинжээчийн:

“...”********”биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...самсунг галакси эс-20 маркийн гар утасны дэлгэцийг 200.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн тайлан /хавтаст хэргийн 59-64 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч “********” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “********” нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “********”нь:

2024 оны 10 дугаар сарын 04-ээс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “white house” зочид буудлын гадна “********” маргалдаж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч “********” нүүрэн тус газар руу цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “********” мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13234 дугаартай шинжээчийн дүгнэлт  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Цолмонбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “********”эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгчийн зүгээс 600.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Х.Цолмонбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.Цолмонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

 

Шүүгдэгч “********”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн “********” дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *********  750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ