| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/1018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1039 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.А |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1039
2024 12 20 2024/ШЦТ/1039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч А.Анар, түүний өмгөөлөгч Г.Намуун,
шүүгдэгч “********” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, ****** ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4-р хороо, 56-р байрны 42 тоотод оршин суух, урьд
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 449 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ************.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “********”нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4-р хороо, “Луна” плазагийн CU-124 салбарт хамгаалагчаар ажиллаж байсан А.Анарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “хоол идүүлэхгүй нааш цааш яваад ядаргаатай юм” гэж дургүйцэн маргалдаж “********”нүүрэн тус газарт цохиж, харилцан зууралдан цохилцож, дэлгүүрээс гарсны дараа хохирогчийн гарт байсан бороохойг булаан авч түүний толгойн тус газарт 4 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн цохиж, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд няцарсан шарх, дээд 21 шүдний цууралт, зүүн мөр, 2 бугалга, баруун тохойд цус хуралт, зүүн сарвуу, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “********” мэдүүлэхдээ: “...Би тухайн хэрэг гарсан өдрөөс хойш CU ороход айдаг болсон. Тухайн хэрэг гардаг өдөр “********”орж ирээд бэлэн хоол авч идээд сууж байсан. Олон хүн орж ирэхээр нь урдаас нь харсан сандлыг цэгцлээд тавьсан чинь яагаад хоол идүүлэхгүй байгаа юм гээд над руу дайрсан. Бид хоёрыг нэг ах орж ирээд салгасан. Тэгсэн миний араас гүйж ирээд дэлгүүрт намайг ухаан алдуулсан. Би Энхтогтохоос зугтаад шуурхай алба дуудсан чинь Энхтогтох гараад явсан. Шуурхай алба ирээд явсан замаар нь хайгаад олохгүй байсан. Дараа нь Энхтогтох 2 найзтайгаа ирээд над руу дайраад байсан. Намайг гэмтлийн эмнэлэг явсны дараа Энхтогтохын найз нь эмнэлэг дээр ирээд сүрдүүлээд байсан. Тухайн үед Энхтогтоход зодуулах үед миний сонсголын аппарат эвдэрсэн, энэ тухай баримтаа хавтас хэрэгт хавсаргасан. Энэ хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг 2-р зэргээр тогтоосон, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг шилжүүлсэн. Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох боломжгүй, сонсголын бэрхшээлтэй. Эмчилгээний төлбөрт 425.000 төгрөг, нийтэд хохиролд 13.338.400 төгрөгийг өнөөдрийн байдлаар баримттай нэхэмжилж байна. Мөн уг гэмт хэргийн улмаас шүд цуурсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ******* гаргаж өгсөн нүүр, гартаа гэмтэл авсан байдлыг харуулсан гэрэл зураг, /хавтас хэргийн 6-7 дахь тал/,
Хохирогч А.Анарын:
“...2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4-р хороо “Луна” плазагийн СU-124 дүгээр салбар дээр хамгаалагчийн ажлаа хийж байхад 30 орчим насны согтуу залуу ширээн дээр гоймон, сэндвич, прошки идэж байсан. Би хажуугаар нь гарахдаа тухайн залуугийн сууж байсан ширээний нөгөө талын сандлыг нь засаж тавьсан чинь тэр залуу “нааш цааш яваад ядаргаатай юм бэ, хоол идүүлэхгүй юм. Чи хэн юм” гээд босоод ирэхээр нь “би ажлаа хийж байна. Та хоолоо ид” гээд хэлсэн чинь “чи хэн юм бэ” гээд орилж байгаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би бороохойгоо гаргаж ирээд тэр залуугийн толгой руу нэг удаа цохиод тэр залуу намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд барьж аваад тэр залуугийн гар болон хөл хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн тэр намайг түлхээд кофены машиныг унагаад бид хоёр газар унасан. Босож ирээд тэр залуу миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод байсан. Бид хоёр зууралдсан байдалтай дэлгүүрээс гараад үүдэнд ирсэн. Тэгсэн тэр залуу миний нүүр хэсэг рүү олон удаа мөргөөд цохиод байсан. Энэ үед өөр залуу бид хоёрын хажуугаар гарсан чинь намайг зодоод байсан залуу үл таних залуу руу “чи хэн юм бэ” гээд дайраад байсан чинь үл таних залуу гараад зугтаагаад явсан намайг зоддог залуу араас нь гүйгээд явахаар нь би араас нь гараад баруун эргээд урагшаа явсан гудамж руу явсан чинь намайг зоддог залуу өөдөөс гарч ирээд намайг барьж аваад би нэг мэдсэн газар унасан байдалтай ухаан алдсан байсан. Ухаан ороод сэрээд харахад миний толгой хагарсан, миний толгой битүү цус болсон байсан. Босох гэсэн чинь бороохойгоор миний толгой хэсэг рүү нэлээн олон удаа хурдан, хүчтэй цохиод байхаар нь би зүүн гараа өргөөд толгойгоо хамгаалаад бороохойг нь барьж авахад миний нүүр лүү мөргөөд цохиод байсан. Толгой манараад ухаан алдах гээд байхаар нь би бороохойгоо тавьсан чинь тэр хүн миний бороохойг аваад зугтаагаад яваад өгсөн. 1-2 минутын дараа манай шуурхай албаны хүн ирээд бид хоёр тэр залууг тэр хавиар хайгаад олоогүй. Бид хоёр буцаад дэлгүүр дээрээ ирсэн чинь цагдаа болон эмч нар ирсэн байсан. Энэ үед намайг зоддог залуу чинь хоёр найзаа дагуулаад бороохой барьчихсан орж ирэхэд нь цагдаа тэр залууг бариад авсан. Тэгээд би гэмтэл орж толгойдоо оёдол тавиулсан... Миний толгой хагарсан, хамар хавдсан, дээд үүдэн хоёр шүд юм хазаж чадахгүй өвдөж байгаа. Мөн хүзүү хөшиж өвдөөд баруун гараа өргөж чадахгүй, мөр өвдөж хөндүүрлэж байна. Зүүн гарын гарын долоовор хуруу хавдсан, миний чихний аппарат эвдэрсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 17-18, 23-24 дэх талууд/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8158 дугаартай шинжээчийн:
“...”********”биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд няцарсан шарх, дээд 21 шүдний цууралт, зүүн мөр, 2 бугалга, баруун тохойд цус хуралт, зүүн сарвуу, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд:
“... хохирогч А.Анараар таньж олуулах ажиллагааг явуулахад 2 дугаартай залуу намайг зодсон залуу мөн байна. Би тухайн үед энэ залуугийн царайг сайн харсан. Миний заасан залуу мөн байна. Би одоо тод сайн санаж байна” гэсэн түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд Хяналтын камерын бичлэгийн цагаар 2024-06-16 04:56:23 болж байх бөгөөд хяналтын камерт бор өнгийн хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн цагаан өнгийн фудволктой цагаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнтэй маргалдаж байв..., хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн цагаан өнгийн фудволктой эрэгтэй хүний толгой хэсэгт хар бороохойгоор нэг удаа цохиж байв..., хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн цагаан өнгийн фудволктой цагаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй зууралдаж байв..., цагаан өнгийн фудволктой хүн хамгаалалтын ажилтны хувцастай хүнийг дэлгүүрийн касс руу түлхэн дээрээс нь дарж байв..., хамгаалалтын ажилтны хувцастай хүн цагаан фудволктой хүнтэй зууралдаж байх ба хар бороохойгоор нурууны зүүн хэсэгт 1 удаа цохиж байв..., цагаан өнгийн фудволктой эрэгтэй хамгаалалтын ажилтны хувцастай хүний толгой хэсэгт 2 удаа цохиж байв...., нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж байв..., цагаан өнгийн фудволктой хүн хамгаалалтын ажилтны хувцастайн бороохойг булаан авч толгой хэсэгт 3 удаа цохиж байв...., бороохойгоор цохихоо зогсоож, бор өнгийн хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн босож байв..., бороохойг булаацалдаж байв” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 72-76 дахь тал/
Шүүгдэгч “********”яллагдагчаар өгсөн:
“... 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн үед “Луна” Плазагийн CU сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж хоолоо хүлээж байх хооронд хэсэг унтчихсан юм. Унтаж байх хооронд хамгаалагч залуу хоног төөрүүлж байгаа гудамжны, хүнтэй харьцаж байгаа юм шиг миний толгой хэсэг рүү бороохойгоор цохиж сэрээгээд улмаар бид хоёр маргалдаж барилцаж авсан. Үүний дараагаар би бороохойгоор хэд хэдэн удаа цохиулсны дараа би бороохойг нь булааж аваад толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж нүүрэн тус газарт нь гараараа хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********”нь хохирогч “********”эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 425.000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 8.573.400 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх ” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч харуул хамгаалалтын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа шүүгдэгчид зодуулж бие мах бодид нь учирсан шүдний хохирол арилаагүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө айдас нь арилаагүй байна, мөн Энхтогтох нь эмнэлэг дээр очихдоо 2 найзтайгаа ирээд сүрдүүлээд явсан байсан. Миний үйлчлүүлэгч сэтгэл зүйн хувьд хүн байгаа, сонсголын аппаратыг тухайн үедээ 3.840.000 төгрөгөөр худалдаж авсан. Сонсголын аппаратын төлбөр болон өмгөөлөгчийн хөлсийг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “********”нь:
2024 оны 06 дугар сарын 16-ны шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4-р хороо “Луна” плазагийн CU-124 салбарт хамгаалагчаар ажиллаж байсан А.Анарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “хоол идүүлэхгүй нааш цааш яваад ядаргаатай юм” гэж дургүйцэн маргалдаж “********”нүүрэн тус газарт цохиж, харилцан зууралдан цохилцож, дэлгүүрээс гарсны дараа хохирогчийн гарт байсан бороохойг булаан авч түүний толгойн тус газарт 4 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн цохиж, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд няцарсан шарх, дээд 21 шүдний цууралт, зүүн мөр, 2 бугалга, баруун тохойд цус хуралт, зүүн сарвуу, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “********” мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 8158 дугаартай шинжээчийн дүгнэлт таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “********”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогч “********”нь хөгжлийн бэрхшээлтэй буюу сонсголын бэрхшээлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй гэх үндэслэлд хамаарч байх боловч түүний өмгөөлөгч Г.Намуунтай байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад баримт дутуу байх тул өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулж олгох боломжгүй байна гэж дүгнэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.300.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохрогчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн санал болгож байгаа эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрөхгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч “********”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч “********”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон **************** шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ”********” дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********” 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********** хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 425.000 төгрөг, сонсголын аппаратны хохиролд 3.072.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8.573.400 төгрөг, нийт 12.070.400 төгрөгийг гаргуулж хохирогч А.Анарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч “********”нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч “********”нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********** хохирогч “********” эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 1.268.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ