Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1333

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2408000000652 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жим” нэртэй караокены гадна хохирогч ***тэй маргалдаж, улмаар түүний зүүн хацар болон шүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн завжинд няцарсан шарх, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дээд 4, зүүн дээд 1, 3, баруун доод үүдэн 1 дүгээр шүднүүдийн булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408000000652 дугаартай хэргээс:

2. Иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,

3. Хохирогч ***ийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө өөрийн найз ***ын хамт гэртээ 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Архиа дууссаны дараа гэрт уугаад яах вэ гэж бодоод “Жим” гэх караоке руу орж нэг, нэг шил пиво хувааж уухаар болсон. Тэгээд бид хоёр тухайн караоке руу орж баруун гар талд байх ширээнд очиж суугаад зөөгч залууд 2 шил пиво захисан. Тэгээд зөөгч залуу 2 шил пиво авч ирсэн боловч хэт хүйтэн байсан тул би “ууж чадахгүй юм байна, дахиад өөр пиво нэмээд захиалъя” гэхэд зөөгч залуу “нэмж пиво авч ирэхдээ ямар сүртэй “п” вэ, гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуутай маргаан үүсгээд хоорондоо заамдалцаад барилцаж авсан. Тэр үед зөөгч залуу “хоёулаа гаръя” гэхээр нь би “тэгье” гээд тус караокеноос гарах гээд явж байтал машины зогсоолын дэргэд тухайн залуу миний зүүн хацар хэсэг болон шүд хэсэг рүү нэг удаа цохисон. Цохиулсны дараа миний уруулаас цус гарсан тул би гараараа амаа дарах үед аман дотор шүд мэдрэгдсэн. Тэгээд би шүдээ нулимаад харахад миний үүдэн 4 шүд уначихсан байсан. Би тухайн зөөгч залууд хандан “чи миний 4 шүдийг унагачихлаа” гэхэд тухайн залуу зугтаагаад явсан. Тэгээд би гэртээ харьсан. ...Би тухайн залууг заамдсан, өөрөөр биед нь халдаагүй. ...Би шүүх шинжилгээний газарт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

4 Хохирогч ***ийн дахин өгсөн: “...Тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө “Жим” караокены зөөгч болох *** нь караокены дотор байх үед намайг жийж шатны хажууд унагаасан. Мөн караокеноос чирч гаргаад гадаа байх үед миний нүүр хэсэг  рүү гараараа нэг удаа цохиж учруулсан. Эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Хувийн эмнэлгээр явж, рентген зураг авхуулсан. Мөн өвчин намдаах эм уусан. Өөрөөр эмчилгээ хийлгээгүй. Надад сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. ...*** нь миний 4 шүдийг эмчлүүлээд өгчихвөл надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Тухайн үед манай найз *** байсан бөгөөд тэрээр одоо Өмнөговь аймагт байгаа, яг хаана байгаа талаар сайн мэдэхгүй. Надад утасны дугаар нь байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

5. Гэрч ***гийн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчим ажил дээрээ ирж цэвэрлэгээ хийчхээд караокегоо нээсэн ба 20 цагийн үед манай зөөгч *** ажилдаа ирж, түүнээс хойш хугацаанд хамт ажилласан. Гэтэл 23 цагийн орчим гаднаас согтуу хоёр эрэгтэй хүн орж ирсэн ба би тухайн хоёр хүнд “манайх хаах гэж байна” гэж хэлтэл “нэг нэг шил пиво уугаад болоо” гэхээр нь зөвшөөрсөн ба 4 номерын ширээнд суусан. Тэр үед зөөгч *** очиж захиалгыг нь авсан. Надад ирээд “2 пиво авна гэж байна” гээд хөргөгчөөс 2 пиво аваачиж өгсөн. Гэтэл тухайн хоёр залуу ***ыг хэл амаар доромжлоод орилоод байхаар нь юу болсон талаар нь асуухад “хүйтэн пиво байна, бүлээн пиво уумаар байна гэнээ” гэж *** надад хэлсэн. Тэгэхээр нь би текний дээр байх пивыг авах гэтэл хүрэхгүй байхаар нь ***аар авхуулсан. Тэгээд *** 2 пивоо аваачиж өгтөл дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би “2 пивоо авчих хоёулаа хаая” гэж хэлээд ***ыг явуулахад тэр хоёр нийлээд ***ыг зодоод байх шиг байхаар нь салгах гээд очтол дийлээгүй. Тэгээд арай гэж ***аас нэгийг нь холдуултал *** нэгийг нь аваад гарчихсан. Харин түлхэж холдуулсан залуу тэр хоёрын араас гараад явчихсан. Би үлдээд цэвэрлэгээгээ хийсэн. Нэлээд хугацааны дараа *** “хүнээс цамц аваад ирлээ” гээд уранхай фудволкоо бариад ороод ирсэн. ***ыг тухайн хоёр согтуу хүнээс салгах гэж байх үедээ гэдэс хэсэг рүүгээ хэн нэгэнд цохиулсан. Түүнээс өөрөөр миний биед гэмтэл учраагүй. Би хэн нэгний биед гэмтэл учруулаагүй. ...Манайд хяналтын камерын бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4561 дугаартай: “...***ийн биед зүүн завжинд няцарсан шарх, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дээд 4, зүүн дээд 1,3, баруун доод үүдэн 1 дүгээр шүднүүдийн булгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун дээд 4, зүүн дээд 1,3, баруун доод 1 дүгээр шүднүүдийн булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

7. Дүрс оношилгооны эмчийн дүрслэл оношилгооны хариу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэт авиан оношилгооны хариу, “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

8. Гэрч Д.***ын: “...Би найз ***тэй 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт 1 шил архи уусан. Мөн дахин ***ийн гэрт очиж 1 шил архи уугаад 23 цагийн үед хоёулаа Сонгинохайрхан дүүргийн 1  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жим” нэртэй караокед орж 2 ширхэг пиво ууж суусан. Гэтэл найз *** пиво “хүйтэн байна, бүлээн болгох арга байна уу” гэж барменаас асуухад тэр залуу “олон юм ярилгүй уучих” гэж хэлээд тэр хоёр маргалдаж, хоёр биеэ зуураад байсан. Би тэр хоёрын дундуур орж салгасан. Гэтэл тэр хоёр гадагшаа гарсан. Би суугаад сандал дээрээ тасраад унтсан. ***ийн гэрт би очиход тэрээр “шүдээ караокены бармен залууд цохиулсан” гэж хэлсэн. ***ийн ам, уруул хөхөрч хавдсан байсан. ...Гадаа гараад юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...*** гэх залуу намайг барьж аваад надтай зууралдаад барьцалдаж авахаар нь коридор руу түлхэж гаргасан. Тухайн үед *** гэх залуу коридорын шатны хажууд унтсан. Би *** гэх залууг караокеноос чирж гаргасан ба араас нь найз нь гэх зүс таних залуу гарч ирээд намайг цохих гэхэд би бултаад гар нь намайг оноогүй. *** гэх залуу над руу дайрахаар нь би дахин түлхэж газар унагаасан. Тухайн үед миний цамц урагдсан тул би найз руугаа залгаад караоке руу буцаад орсон. Нөгөө хоёр залуу дахин орж ирээгүй. *** надтай харилцан зодолдсон зүйл байхгүй. Би ***ийг караоке дотор байх үед хөлөөрөө жийгээд шатны хажуу руу унагаасан. Дараа нь чирч караокеноос гаргасан. Хяналтын камер байгаа боловч тухайн өдөр караокены тог тасраад байсан болохоор камер ажиллаагүй. ...Одоогоор хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Хэрэв баримтаар надаас хохирол нэхэмжлэх юм бол хохирлыг нь барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 42-66 дугаар хуудас/,

11. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

12. Хохирогч ***ээс гаргаж өгсөн 615,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 69-73, 91-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жим” нэртэй караокены гадна хохирогч ***тэй маргалдаж, улмаар түүний зүүн хацар болон шүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн завжинд няцарсан шарх, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дээд 4, зүүн дээд 1, 3, баруун доод үүдэн 1 дүгээр шүднүүдийн булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Эрүүгийн 2408000000652 дугаартай хэргээс:

2. Иргэнээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 3 дугаар хуудас/,

3. Хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

4 Хохирогч ***ийн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

5. Гэрч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4561 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

7. Дүрс оношилгооны эмчийн дүрслэл оношилгооны хариу, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэт авиан оношилгооны хариу, “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

8. Гэрч Д.***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

10. Хохирогч ***ээс гаргаж өгсөн 615,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 69-73, 91-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргахад шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Мөн Хүний эрхийн *** тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан “зүүн завжинд няцарсан шарх, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун дээд 4, зүүн дээд 1, 3, баруун доод үүдэн 1 дүгээр шүднүүдийн булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ***ын гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэрэг шууд чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ***ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Хохирогч ***ийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хохирогч ***ийн зүгээс “Мед траума” эмнэлэгт 160,000 төгрөгөөр үзүүлсэн үзлэгийн хуудас, “АШУҮИС” НАСС-д 25,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт, “Лазер мед” эмнэлэгт 130,000 төгрөгөөр үзүүлсэн баримт, “Маргад дент” эмнэлгээс 300,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан баримт, нийт 615,000 төгрөгийн баримтыг ирүүлжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч *** баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

 

            Иймд, дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч ***аас 615,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

 

            2. Энэ хэрэгт мөрдөгч, прокуророос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 120,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2297 дугаартай захирамжаар “хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллагаас тогтоолгох”-оор эрүүгийн 2408000000652 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч уг хугацаанд дээрх дүгнэлт гараагүй, мөн мөрдөгч, прокурорын шинжээч томилсон тухай тогтоол хүргэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан тул дээр дурдсан ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгч ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэв.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог тул уг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзсэн болно.

 

Харин шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Дөрөв. Бусад:

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч ***аас гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 615,000 /зургаан зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ***оршин суух, *** /РД:***/-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, улсын яллагчаас энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч *** нь шаардлагатай гэж үзвэл учирсан гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ДАВААДОРЖ