| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0422/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/519 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0422/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000571 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 28-ны Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 8, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймаг, *******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* /
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дархан Их дэлгүүрийн гадна автомашины зогсоолд байрлуулсан иргэн ******* эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан бэлэн хувцас, цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 455,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 06/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг Цагааннуур сумаас Дархан-Уул аймагт хүүхдүүдийн хичээл сургуулийн эд зүйл авах гээд ирсэн. Ингээд 08 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн орчим Дархан зах руу гарсан Зах руу ороод хар өнгийн 2 үүргэвчтэй цүнх авсан. Дараа нь охиндоо 2 ширхэг өмд авсан нэг даавуун өмд, нөгөөдөх нь жинсэн өмд, даавуун өмд нь 35.000, жинсэн өмд нь 57.000 төгрөг болсон. Дараа нь гутлын лангуу руу очиж 4 ширхэг гутал авсан. Дараа нь ээмэг бөгж дээр очоод 10,000 төгрөгөөр охиндоо зүүлт авч өгсөн. Тэгээд энэ зүйлүүдээ аваад машиндаа суугаад Дархан их дэлгүүр лүү явсан. ...дэлгүүрийн гадаа зогсоол дээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай машинаа тавьчхаад дэлгүүр лүү орсон. Миний машины жолооч талын арын хаалга ерөөсөө түгжигддэггүй юмаа. Тэгээд захаас авсан эд зүйлээ машинд үлдээчхээд их дэлгүүр орчхоод гараад ирэхэд машинд байсан эд зүйлээс охинд авсан хар цүнх, цагаан тортой юм алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Олон улсын худалдааны төвийн лангуун дээрээ ажилтай байхад Гантулга гэх хүн гутал өмд зарна 20,000 төгрөгт гэсэн юм ярьж байсан. Тэгэхээр нь би асуухад хулгайн эд зүйл бишээ гэж байсан. Би барьж яваа юмыг нь харахад шинэвтэр юм шиг байхаар нь 20,000 төгрөг өгөөд авсан. Ийм л юм болсон. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тэр худалдаж авсан зүйлээ хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн тул цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...таксинд суугаад Дархан Их дэлгүүр дээр буугаад тэрүүгээр явж байгаад нэг мэдэхэд нэг цонх нь онгорхой машины хажуугаар өнгөрч яваад хаалгыг таттал онгорхой байсан, тэгэхээр нь би орж суугаад дотор нь байсан хар өнгийн үүргэвч, цагаан өнгийн тортой зүйл байсан тайлаад үзэхэд цагаан өнгийн гутал, хар өнгийн кет байсан ингээд тэрийг нь аваад машинаас буугаад цүнхийг нь үүрээд олон улсын худалдааны төв орсон. Тэгээд олон улсын худалдааны төв дээр очоод гаргүй Мандаа гэх залууд нөгөө цагаан ууттай 2 ширхэг гутлыг 20,000 төгрөгөөр зарсан. Ингэхдээ хулгайн эд зүйл гэж хэлээгүй энийг аваад ганц юмны мөнгө өгчих гэсэн. Тэгээд 20,000 төгрөг аваад тэрүүгээрээ олон улсын бөөний төвөөс нэг шил архи аваад гарсан. Ингээд тэднээсээ яваад буцаад Дархан Их дэлгүүрийн машины зогсоолын тэнд явж байхад 2 эмэгтэй хүн зогсож байсан хажуугаар нь өнгөрөөд явах үед нэг эмэгтэй цүнхийг чинь үзье дээ гэж хэлэхээр нь би тэгээ тэг гээд үзүүлтэл миний худалдаж авсан цүнх байна, нөгөө хүн чинь энэ байна гээд тэнд зогсож байсан цагдааг дуудсан. Ингээд тэр цагдаа намайг дагуулаад цагдаагийн газар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан бараа, эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 455,400 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-35/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36-39/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нь шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өмнө нь өмчийн эсрэг гэмт хэргээр удаа дараа ял шийтгүүлж байсан ч түүндээ дүгнэлт өгөхгүй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 16 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баясгалангийн Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 09 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг хорих ялын 16 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД