Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Лид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       П.Л

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч      П.Н

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                           Р.Б

Нарийн бичгийн дарга                             Б.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолтой, П.Лид холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт П-н Л.

 

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 10 сарын 15-наас 21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 8-34 тоотод хамт амьдардаг Д-н Р-г онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 297 дугаар шүүхийн тогтоолоор:

 

Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн П-н Л-г хэрэг хариуцах чадваргүйд тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лид холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар П.Лийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Тусгай тасагт албадан эмчлүүлэхээр шилжүүлж,

 

П.Лийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Тусгай тасагт хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 88 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, П.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н давж заалдах гомдолдоо:

П овогтой Н миний бие нь Даваат багийн 8-34-д ам бүл долуулаа амьдардаг.

Миний төрсөн ах П.Л гэх хүн бидний хамт амьдардаг бөгөөд түрүүчийн шүүх хурлаар ахыг маань шар хадны эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн шийдвэр гарсан гэсэн ч ах маань миний амьдралд их тус нэмэр болдог, хүүхдүүдийг минь харж ханддаг.

Надтай 39 жил хамт амьдарсан ах минь учраас ахыг минь хамт үлдээж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү.

Ахыг маань харж ханддаг хүнгүй, миний ах дүү нар дотор хэн ч байхгүй болно гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатын шүүх шүүгдэгч П.Лийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ биеэ хамгаалах чадваргүй Д.Р-г зодож, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна гэж тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг буюу хэрэг хариуцах чадвартай байхдаа ял шийтгүүлсэн ялтанд хамаарах хуулийн заалтын баримталсан нь буруу байна.

Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч П.Лийг хэрэг хариуцах чадваргүйд тооцохдоо Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой байтал Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буюу “гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

П.Лид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн... хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь заалтыг давхар баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Иймд П.Лид холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Т нь шүүгдэгч П.Лийг 2018 оны 10 дугаар сарын 15-наас 21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 8-34 тоотод хамт амьдардаг байсан Д.Р-г онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, П.Лид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

         Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн П-н Л-г хэрэг хариуцах чадваргүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар П.Лийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Тусгай тасагт албадан эмчлүүлэхээр шилжүүлж шийдвэрлэжээ.

 

         Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн бүхэлд нь хянан үзвэл

 

         Шүүгдэгч П.Л нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 21-ний хооронд хамт амьдарч байсан биеэ хамгаалах чадваргүй П.Р-г онц харгис хэрцгий аргаар зодож алсан, энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч П.Лийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ биеэ хамгаалах чадваргүй Д.Р-г зодож алсан  үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хуулийн зүйл заалтыг буруу баримталж шийдвэрлэжээ.

 

         Шүүгдэгч П.Лийг хэрэг хариуцах чадваргүйд тооцохдоо Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлахгүйгээр 1 дэх хэсгийг буюу ...гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан заалтыг хэрэглэсэн, мөн шүүгдэгчийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт албадан эмчлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг буюу хэрэг хариуцах чадвартай байхдаа ял шийтгүүлсэн ялтанд хамаарах хуулийн заалтыг баримталсан, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн заалтыг давхар баримталж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

       Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаартай шинжээчийн дүгнэлтээр П.Лийн оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь зан төрхийн өөрчлөлт, догшролд орох нь цаашид илрэх боломжтой, дээрх зан төрхийн өөрчлөлт догшролд орсон тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг тусгай тасагт авах шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэн П.Лийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт эмчлүүлэхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

         Харин шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх хугацааг шүүх шинжээчийн дүгнэлтийг харгалзан тогтоогоогүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзээд 1 жилийн хугацаатай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой байна гэж үзлээ.

 

         Иймд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн ...ахад минь авсан эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6.3 дугаар зүйлийн 1... гэснийг 6.3 дугаар зүйлийн 3 ... гэж, 3 дахь заалтын 7.4 дүгээр зүйлийн 6... гэснийг 7.4 дүгээр зүйлийн 1... гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1.1 гэснийг хасч тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7.д зааснаар П.Лид 1 жилийн хугацаагаар  эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.ЦЭЦЭГМАА