Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 116/ШШ2022/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                      Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Булган сумын 3-р багт оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

                      Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******,  хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                   Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн  А/65 дугаар захирамжийн хуулбарыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авч танилцан, дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Би Дорнод аймгийн ******* сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт үр тариа тариалах зориулалттай 334.76 га газрыг эзэмшдэг.  Уг захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, 59.1.16, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2., 20.2.6, 20.2.8, 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “...270.76 га хэмжээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгож” шийдвэрлэжээ. Намайг газраа хуулийн дагуу хоёр жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон байна. Уг газрыг эзэмших гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд авсан. Уг газар нь атаршсан талбай бөгөөд, 1990-ээд оноос хойш хагалаагүй, хагалж боловсруулахад нарийн техник ажиллагаа шаардлагатай байдаг. Иймд би дээрх ажлуудыг хийж, газраа авснаас хойш 2020 оны хавар нь хаврын хагалгаа /бут,борной/-той хамтатган тариалалт хийсэн.  Хойшид хэрэглэх шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдээ захиалаад байсан. Энэ хугацаанд буюу 2020 онд гарсан нийт зардал 91 сая 705 000 төгрөг байна. 2021 онд 2020 онд хагалж боловсруулсан талбайг хавах, 100 га газрыг хагалж эдлэншүүлэх, газраа бүхэлд нь хашаажуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байсан ч удаа дараа газрыг хүчингүй болгож, ийнхүү ажил хийх боломж олгохгүй байсаар одоо гэрчилгээг хэсэгчлэн цуцалсан байна. Атаршсан газарт шууд тариалалт хийх боломжгүй бөгөөд үе шаттайгаар хөрсийг бэлдэж, үүний дагуу тариалалт хийдэг. Манайх мэргэжлийн агрономич ажиллаж, хөрсний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр тариалалтын бэлтгэл ажил болон төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дээрх хугацаанд буюу намайг зарим газартаа тариалалт хийгээгүй гэх хугацаанд коронавируст халдвар, түүний улмаас тогтоосон хөл хорионы улмаас ажил саатах нөхцөл байдлууд байсан гэдэг нь нийтэд илэрхий билээ. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар уг хуулийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах зохицуулалттай. Гэтэл хуулийн энэхүү үндэслэлийн аль хэсэгт заасныг хэрхэн зөрчсөнийг дурдалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг ийнхүү хэсэгчлэн хүчингүй болгож байгаад гомдолтой байгаа бөгөөд, хууль бус гэж үзэж байна. Энэ талаар аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй байна.  Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын А/65 тоот захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасан. Засаг даргын хувьд хуульд заасан үндэслэлүүдийг дурдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон. Үлдсэн хүчинтэй хэсэг газрын 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Урьд нь гаргасан А/89 тоот захирамжаа хүчингүй болгосон байна. Анх А/32 тоот захирамжаар газар олгож байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу *******ид үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. 2018 онд газар эзэмших гэрээг байгуулсан, тухайн бүс нутаг газрын хувьд атаршсан газар бөгөөд 1980-аад оноос хойш тариалалт хийгдэж байгаагүй газар байсан учраас эхлээд нөхөн сэргээлт хийж бэлдэх ажил хийгдсэн. Ингэхдээ нийт 90 орчим сая төгрөгийг зарцуулж, үе шаттайгаар цаашид хийх ажлаа төлөвлөж байсан. Өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа газар эзэмших эрхийг цуцалж байсан тул ажил хийх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Шууд 100 хувь бүх газар дээр тариалалт хийх боломжгүй гэдгийг мэргэжлийн агрономич тайлбарласан. Ковид-19 өвчнөөс шалтгаалж хөл хорио дэгдэж байсан. Тиймээс тухай бүрчлэн газар дээрээ ажиллагаа хийж тариалан тарих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал илэрхий байдал гэж дүгнэж байна. Газар эзэмших эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг хэсэгт үүссэн тохиолдолд хүчингүй болгож болдог. Мөн Тариалангийн тухай хуулийг баримталж газар эзэмших эрхийг цуцалсан байна. Газрын тухай хуулийг баримтлах ёстой байсан гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Манай талаас аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Хуульд заасан бүрдүүлбэр хангаж нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.

                   Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай холбогдуулан тус шүүхэд өмнө нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаанд ******* сумын Засаг даргын зүгээс маргаан бүхий тариалангийн газартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, сонсох ажиллагаа явуулж, талуудыг байлцуулан хагалсан гэх газрыг 2 удаа хэмжих зэрэг нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа тариалангийн зориулалттай газар бөгөөд тодорхой хугацаанд ашиглаагүй газар байсан. Газрын дуудлага худалдаанд оролцогч нь газрын чанар, нөхцөл байдлыг сайтар судалж дуудлага худалдаанд оролцсон нь ойлгомжтой бөгөөд газар атаршсан бол Газрын тухай болон Тариалангийн тухай хуульд заасан газар эзэмшигчийн хүлээн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх тухай хуулийн хөнгөлөлт олгосон зохицуулалт байхгүй юм. Нэхэмжлэгчийг газраа 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрээ гаргах ёстой гэж тайлбарласан нь захирамжийн хууль үндэслэлтэй илтэд зөрүүтэй тайлбар байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг захиргааны байгууллагаас баримтлаагүй. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Газрын ангиллын хувьд тариалангийн зориулалттай тул бие даасан хуулиар зохицуулагдсан газрын харилцаа юм. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагыг Газрын тухай хуулийг ашиглаагүй байхад, тухайн хуулийг газар эзэмшигч хэрхэн зөрчсөнийг дурдаагүй нь хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан нь газар эзэмшигч, өмчлөгч болох төрийн хооронд үүссэн тариалангийн зориулалт бүхий газрын харилцааг, Газрын тухай нийтлэг органик хуулийн ерөнхий зориулалттай хольж тайлбарласантай шууд холбоотой байна. Захиргааны байгууллагын зүгээс гаргасан А/65 дугаар захирамж нь Тариалангийн тухай хуулиар тариалангийн газар эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбоотой гарсан акт бөгөөд Газрын тухай хуулийг заавал хамтатган ашиглах шаардлагагүй юм. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нь тодорхой үүрэгтэй байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийн 20.2.2-т заасан үүргээ яагаад биелүүлээгүй талаар үндэслэл, нотолгоо бүхий тайлбарыг нэхэмжлэлдээ огт дурдаагүй байх ба энэ үйлдлийг хийхэд ковидын нөхцөл байдал ямар нэгэн байдлаар хамаарахгүй ба тариалангийн газар эзэмшигчийн санаачлагаас шууд хамаарах тул нэхэмжлэгч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

               *******ийн хувьд Тариалангийн тухай хуулийн 20.2.6-д заасан үүргээ эзэмших хугацаанд огт биелүүлж байгаагүй, тэгсэн атлаа үүргээ биелүүлж байсан мэтээр үндэслэлгүй тайлбар нэхэмжлэл гаргасан. Тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшигч нь тухайн засаг захиргааны нэгжийн Засаг даргад энэ мэдээг гаргаж өгөөгүй нь тариалангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль зүйн хангалттай үндэслэл мөн. Тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшигч нь эзэмшиж буй хугацаандаа, түүнийг үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулснаар үл хамаарч Тариалангийн тухай хуулийн 20.2.8-д заасан үүргээс нэхэмжлэгчийн чөлөөлөх хуулийн боломж, эрх сумын Засаг даргад олгогдоогүй, нэхэмжлэгч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хувьд Тариалангийн тухай хуулийн 20.4-т зааснаар өөрийн эзэмшлийн талбайд хэсэгчлэн тариалалт хийгээгүй, зөвхөн 64 га газрыг хагалсан байдаг. Энэ хэмжээн дээр талууд хэмжилт хийх замаар маргаангүйгээр ойлголдолд хүрсэн. Тиймээс сумын Засаг дарга Газрын тухай хуулийн хүрээнд биш, Тариалангийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан үүрэг, эрхийн хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хуульд бүрэн нийцсэн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөвлөлт байгаа бол Тариалангийн тухай хуулиар сум дүүргийн газрын албанд мэдэгдэж, танилцуулах ёстой байдаг. Тариалангийн тухай хуулиар энэ төрлийн харилцааг зохицуулдаг. Үүргийн харилцааг *******оос нэхээд байгаа юм. 100 хувь тариалалт хийхийг шаардаагүй. Нэхэмжлэгч тал буруу ойлгосон байна. Тариалангийн тухай хуулинд 2 жил хүртэл өнжөөх боломжтой. Гэхдээ энэ талаар мэдээгээ өгөхийг л шаардаж байгаа юм шүү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д зааснаар газар эзэмших эрхээ цуцлуулна. Өөрөөр цуцлах эрх байхгүй гэж тайлбарлаад байх юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт гэрээний нөхцөл байдлыг удаа дараа зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрээг цуцлах талаар заасан байна. 40.1.2, 40.1.3 дахь хэсгийг харвал Тариалангийн тухай хуулийг баримталж болох боломжтой талаар дурдсан байна. Заавал иш татаад байх шаардлага байхгүй. *******ийн хувьд тариалангийн газар эзэмшихээр эрх авсан хүн. Тиймээс Тариалангийн тухай хуулийг баримтална. Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан газраа 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлаж хэлээд байна. Тариалангийн газар гэдэг нь өөр төрлийн харилцаа юм. Газрын тухай хуулиар газар авсан, Тариалангийн тухай хуулийг баримтлахгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар яагаад 2 жил өнжөөж байгаа талаар тайлангаа Засаг даргад өгөхгүй байгаа гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. Техник хэрэгслээ оруулж чадахгүй байсан, хөл хориотой байсан гэж одоо яриад байх юм. Энэ нөхцөл байдлаа Засаг даргад тайлагнах ёстой. Талбайгаа яаж ашиглаж байгаа мэдээгээ тухай бүрт нь Засаг даргад гаргаж өгөх ёстой байдаг. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд энэ талаар асуудлыг тодорхой зааж өгсөн байгаа. Ашиглаагүй, мэдэгдээгүй л бол газар эзэмших эрхийг цуцлах талаар үүрэг өгсөн. Ковидтой холбоотой асуудлыг ярьж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас тариалангийн асуудалд давуу эрх олгосон байгаа. Бүх тариалан, хадлангийнханд нээлттэй үлдээсэн. Ажлаа бүрэн хийх эрхийг олгосон. Зөрчил гаргаагүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч тал дурдаагүй, маргаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч А/32 тоот захирамж нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж яриад байх юм. Тэгвэл анхнаасаа эзэмших ч эрхгүй байсан юм биш үү. Тариалангийн газар өгчихөөд 15 жилийн хугацаагаар газар олгосон байгаа. Энэ бол нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн асуудал тул маргаан үүсгэх ёстой юм. Тариалангийн тухай хууль нь агуулгын хувьд хамаарах ёстой. Өмгөөлөгч нь тариалангийн газар биш гэж яриад байх юм. Нэхэмжлэгч өөрөө мөн гэдгийг тайлбарлаж хэлсэн. Тариалангийн газар мөн л бол Тариалангийн тухай хуулийг баримтална. Хуулийг мэдэхгүй гээд хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Иргэнийг мэтгэлцэх боломжгүй болгосон Тариалангийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан гэж тайлбарлаж байна. Захиргааны акт гаргагч нь хуулийг зөв хэрэглэсэн. Оролцогчийг сонсох ажиллагааг хийсэн, газраа хэмжсэн, мэдэгдлийг өгсөн, нэхэмжлэгч өөрөө очсон, хоёр ч удаа газар дээр нь очиж шалгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                     Нэхэмжлэгч нь тус шүүхэд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ[1].

                      Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/32 дугаар захирамжаар[2] ... Тус сумын Баян-Өлзийт багийн Уушиг гэдэг газарт 334.76 га газрыг Цэвээндоржийн Цэдэвдоржид эзэмших хүсэлт гаргасны дагуу үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

                  Гэтэл Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар[3] ... ******* сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт үр тариа тариалах зориулалтын 334.76 га газар эзэмшигч Цэвээндоржийн Цэдэвдорж нь талбайн ашиглалтын талаарх мэдээг сумын Засаг даргад тухай бүр гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 274.76 га хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй тул 274.76 га хэмжээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон.

                      Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 116/ШШ2022/0001 дугаартай шийдвэрээр[4]... *******ийн, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/89 дүгээр захирамжийг, дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

                      Дээрхи хугацаанд хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж, тухайн газарт хэмжилт болон үзлэгийг явуулжээ.

                   Тэрээр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжаар[5] дахин ... ******* сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт үр тариа тариалах зориулалттай 334.76 га газар эзэмшигч Цэвээндоржийн Цэдэвдорж нь талбайн ашиглалтын талаарх мэдээ гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 270.76 га хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх талаар албан ёсоор мэдэгдээгүй, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй, өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгээгүй зөрчил гаргасан тул тариалалт хийгдээгүй 270.76 га хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

                     Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй:

                 Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.2.6-д “таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”, 20.2.8-д “өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгэх” гэх хуулийн заалтуудыг нэхэмжлэгч нь зөрчсөн байна.

                  Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэсэн заалтын дагуу *******ийн тариалангийн газрыг тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр хэсэгчлэн хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

                 Иймд  Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

                         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан,  нэхэмжлэгч *******ийн, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

                  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 45-р хуудас

[3] Хавтаст хэргийн 44-р хуудас

[4] Хавтаст хэргийн 53-61-р хуудас

[5] Хавтаст хэргийн 5-р хуудас