Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00169

 

                                 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч С.Мөнхтулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мөнхтулгад холбогдох 201714000205 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг Тэлмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 72-5б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж овогт Сангидоржийн Мөнхтулга./ ИН 84011111/.

Холбогдсон гэмт хэргийн талаар

  Шүүгдэгч С.Мөнхтулга нь шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

              Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Мөнхтулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ гэмт хэргийг Солонго гэж хүний гуйлтаар хийсэн нь үнэн. Солонго надтай яриад би олон нялх хүүхэдтэй чи шүүх дээр очоод согтуу байсан гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд би шүүх хурал дээр согтуу байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

     Шүүгдэгч С.Мөнхтулгын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 201614000404 тоот Ж.Солонгод холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлсэн “...Өнгөрсөн зун яг хэдэн сар байсныг нь тодорхой санахгүй байна. Солонго гэж зүс таних эмэгтэй надтай уулзаад урт цагаанаар хүүхэн асууж хүн ирвэл миний утасны дугаарыг өгөөч гэж хэлж байсан. Солонго тэр хүмүүсээр яадагийг нь мэдэхгүй. Хүүхэн асуусан хүн байвал миний гар утсыг өгөөч гээд байдаг юм. Орой үдшийн цагаар Солонго өөрөө над руу залгаад мессеж бичээд хүүхэн асууж байна уу? гэж асуугаад Дарханаас манай гэрт Мөөгий гэж эмэгтэй ирчихсэн байгаа юм гэж ярьдаг байсан. Бодвол Мөөгий нь биеэ үнэлдэг юм байгаа биз. Миний хувьд Солонгоогийн дугаарыг хүнд өгч байсан удаа байхгүй. Өнгөрсөн зун намар хааяа нэг хүүхэн асуусан хүнд Солонгын гар утасны дугаарыг өгч байсан. Дугаар өгсөн хүмүүсийнхээ нэр хаягийг мэдэхгүй, надаас дугаар авсан хүмүүс очдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

     Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “... Уншиж чадахгүй 3-р анги төгссөн, энд ярьж байгаа үнэн зөв, юу ярьж хэлснээ сайн мэдэхгүй байна. Солонготой өмнө ярьж байгаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

   Гэрч Г.Түвшинтөрийн  мөрдөн байцаатын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А.Оюунболдын өгсөн үүргийн дагуу С.Мөнхтулга гэдэг хүнийг гэрээс нь очиж авахаар явсан бөгөөд түүнтэй утсаар холбогдож хаана байгааг нь асуухад гэртээ байна гэхээр нь Нарангийн 72 гудамжинд очиход С.Мөнхтулга зам дээр гарч ирсэн байсан. Би С.Мөнхтулгыг аваад цагдаагийн газар дээр авч ирж мөрдөн байцаагч ахлах дэслэгч А.Оюунболдод хүлээлгэж өгсөн. Би С.Мөнхтулгыг машиныхаа хойд талд суулгаад явсан ба надад архи үнэртээгүй. Би гэрийнх нь хаягийг аваад очиход С.Мөнхтулга гэрээс гараад зам дээр явж байсан. С.Мөнхтулгыг би согтуу гэж хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 талд/

    Гэрч Ж.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэргийн материал танилцсаны дараа Мөнхтулгатай уулзаад чи яагаад худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бэ? Би чамтай ерөөсөө уулзаагүй биз дээ гэж хэлсэн чинь Мөнхтулга би тийм мэдүүлэг өгөөгүй, согтуу байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/ 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг бүхий сиди,

          Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үзлээ.

   Шүүгдэгч С.Мөнхтулга нь  Ж.Солонгод холбогдох эрүүгийн 201614000404 дугаартай хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ Ж.Солонго гэж зүс таних эмэгтэй надтай уулзаад Уртцагаанаар хүүхэн асууж хүн ирвэл миний утасны дугаарыг өгөөч гэж хэлж байсан. Солонго тэр хүмүүсээр яадагийг нь мэдэхгүй. Хүүхэн асуусан хүн байвал миний гар утсыг өгөөч гээд байдаг юм. Орой үдшийн цагаар Солонго өөрөө над руу мессеж бичээд хүүхэн асууж байна уу? гэж асуугаад Дарханаас манай гэрт Мөөгий гэж эмэгтэй ирчихсэн байгаа гэж ярьдаг байсан гэж мэдүүлэг өгсөн атлаа Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө уншиж чадахгүй 3 дугаар анги төгссөн, энд ярьж байгаа нь үнэн, өмнө нь юу ярьж хэлснээ сайн мэдэхгүй байна. Солонготой өмнө нь ярьж байгаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Түвшинтөр, Ж.Солонго нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч С.Мөнхтулгад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

      Иймд шүүгдэгч С.Мөнхтулгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

   Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь :

 

           1. Шүүгдэгч  Тайж овгийн Сангидоржийн Мөнхтулгыг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгад оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

            5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгад  оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4.д зааснаар ялтан С.Мөнхтулгад хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

      7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ