| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0383/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/520 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0383/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000506 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,*******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэрт *******аас мөнгө нэхэж үснээс нь зулгаах, нүүр рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Huawei загварын гар утас, хэтэвч, түүний дотор байх иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 550,000 төгрөг зэргийг авч 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
*******ы бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4-5/,
Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байхад намхан нуруутай согтуу эмэгтэй хүн ирээд надаас мөнгө нэхээд байхаар нь би надад мөнгө байхгүй би гэрээс очоод аваад өгье гэж хэлэхэд чи яг одоо өг гэж хэлээд миний үснээс зулгаагаад газар унагаж нүүр рүү цохиж гэдэс рүү өшиглөж байгаад миний цүнх дотор байсан бор саарал өнгийн түрийвч, бэлэн 2,000,000 төгрөг, иргэний үнэмлэх, хаан банкны 2 ширхэг виза карт, Huawei загварын гар утас зэрэг эд зүйлийг надаас булааж аваад цагдаад мэдэгдэх юм бол ална гэж хэлэхэд зугтаад явсан. ...Миний хамраас цус гарсан толгойны орой хэсгийн үс зулгарсан баруун гарын шуу зулгарсан. Миний толгой байнга өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн “...тухайн үед би маш их айж сандарсан байсан учраас 2,000,000 төгрөг дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлсэн байна. Би Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсний дараа өөрийн дансны хуулгаа авч үзэхэд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр банкны АТМ-ээс бэлнээр 550,000 төгрөг авсан байсан. Би тэр мөнгөнөөс хэрэглээгүй байж байгаад бүгдийг дээрэмдүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирлыг шинжээч томилуулахгүйгээр хүснэгтийн дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,
Сэжигтэн *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Би **************т байдаг айлд архи ууж байгаад тэдний гэрээс гараад явж байхад нэг эмэгтэй таарсан. Тэгээд согтуудаа тэр хүүхнээс архины мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь цүнхийг нь булааж авах гэж ноцолдож байхад гар утас, түрийвч хоёр газар унахаар нь би аваад зугтааж холдоод түрийвчийг онгойлгож үзэхэд 70,000 орчим төгрөг байсан. Мөн иргэний үнэмлэх, банкны виза карт байсан гар утас нь Huawei маркийн гар утас байсан. Би мөнгийг нь хэрэглэсэн. Харин иргэний үнэмлэх, виза карт, гар утсыг нь цүнхэндээ авч явж байгаад алга болгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,
*******ы банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “ үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 540,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 628 дугаартай “ *******ы биед баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн “ *******ы зулай хэсгийн халцарсан үс нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх үс халцарсан байдал нь мохоо зүйлийн чирэх, зулгаах үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх үсний халцрал нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 15-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гудамжинд таарсан иргэн *******аас мөнгө нэхэж үснээс зулгаах, нүүр рүү цохих зэргээр хүч хэрэглэн довтолж Huawei загварын гар утас, хэтэвч, түүний дотор байх иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, бэлэн 550,000 төгрөг зэргийг хууль бусаар авч 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосон атлаа тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч *******д хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “...Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан учраас шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран: “...Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******д нийт 1,090,000 төгрөг учирсан тул дээрх мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв
Шүүгдэгч *******: “...Дахин ийм алдаа гаргахгүй. Хохирлыг төлж барагдуулна” гэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг буюу шууд хохирол 1,090,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******гаас нийт 1,090,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, 6 дугаар хэсэг, 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай -д олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, 5 сартай жирэмсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс цагдан хоригдсон 16 хоногийг хорих ялын 16 хоногоор тооцон хорих ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг хорих ялын 16 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******гаас 1,090,000 /нэг сая ерөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, 6 дугаар хэсэг, 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай /-д олгосугай.
6. Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД