Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2017/00123

 
 

2017 оны 01 сарын 23 өдөр

    Дугаар 142/ШШ2017/00123

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох 3,328,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Аманжул шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: ******* нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,300,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Энэ мөнгийг бэлнээр надаас авсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 07-нд Хаан банкин дахь өөрийнхөө 5096054016 дугаарын дансандаа 400,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-нд 250,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд 20,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-нд 500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30 нд 300,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-нд 30,000 төгрөг нийт 5,300,000 төгрөг надаас авсан. Энэ мөнгөнөөс хүү Б.Баянмөнхийнхөө виза картыг надад өгснөөр уг виза картаар нь би 1,972,000 төгрөг авсан. *******гийн өөрийн хүү Б.Баянмөнхийнхөө хамт анх над дээр ирж байсан бөгөөд дээрхи дансаар л надаас мөнгө авдаг байсан учир би хүү Б.Баянмөнхтэй нь зээлийн гэрээг /бүх мөнгөө нийлүүлж нэгтгээд/ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,800,000 төгрөг өгсөн гэсэн гэрээг хийж байсан боловч дээрхи мөнгийг авагүй гэснээр шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надаар мөнгө хийлгэсэн байсан данс нь *******гийн данс болохыг шүүх хурлаас хойш олж мэдлээ. *******гаас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3,328,000 төгрөгийг гаргуулан авна. Иймд *******гаас 3,328,000 төгрөгийг гаргуулан Т.Аманжул надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Т.Аманжул гэдэг эмэгтэйг би урд өмнө таниж мэдэхгүй. Гэрэлмаа гэдэг хүүхэнтэй машинд ээжийнх нь гэрийн гадаа надыг дуудаж хорхой өвсний сүлжээнд оруулна. 7 хоногт 40 сая төгрөгийн боломжтой сүлжээ. Би энд хүмүүс оруулж байгаа. Та хүүхэд, ахан дүүсээ оруул, би мөнгийг нь өгье гээд миний хүүхдийн Худалдаа хөгжил банкны виза картыг барьцаалж аваад 2 сая төгрөгийг өгсөн. Ингээд Гэрэлмаа бас энэ мөнгөнөөс хамаатан садангаа оруулж эхэлсэн. Ингээд би аль учраа мэдэхгүй бөөн мөнгөний барьцаанд хүүгийнхээ виза картыг энэ хүүхэн авсан. Ингээд энэ би тавилгын дэлгүүртэй очиж худалдагч нэг эмэгтэйд би сайн таньдаг. Гал тогооны ком, станк 2-ыг энэ эвдэрхий, хямдаруулж өгнө гээд өрний сүлжээнд орсон. Ингээд манай хүү Б.Баянмөнх 9 дүгээр сарын 05-нд цалин бонус орохонд хэрэгцээний мөнгийг нь би өөрийнхөө 5090054016 гэсэн данс руу шилжүүлж авч бид нар хоол хүнс хэрэгцээний юмыг авдаг байсан. Ингээд би барьцаанд 10 хувийн хүүтэй мөнгөнд орчихоод Худалдаа хөгжил банкнаас 12 дугаар сард 2015 онд цалингийн зээл нэмж авч бүх өрөө өгсөн. Ингээд энэ эмэгтэй саяхан Р.Үүрийнтуяа гэдэг шүүгчтэй Т.Аманжул бид 2 шүүх хуралдаанд орсон. Би өмгөөлөгч ******* гэдэг өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орсон. Шүүх надаас нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч ******* хуралдаанд оролцоогүй. Яагаад ч юм ирээгүй. Би нотлох баримтууд болох банкны дансны хуулгыг миний дансруу шилжүүлсэн хаан банкны хуулга зэрэг өмгөөлөгчид байсан. Бичиг баримтууд өмгөөлөгчид байсан болохоор би гэрчлэх ямар ч баримт байхгүй шүүгч Р.Үүрийнтуяа шууд хурал хийсэн. Давж заалдах хоног дээр бас өмгөөлөгч за одоо би тайлбар бичнэ гээд өдий хүртэл хугацаа алдсан. Ингээд бид нар Т.Аманжулаас авлагатай байтал эргээд төлбөрийн өрөнд орсон. Цалингаас 50 хувиар суутгаж авчихсан байна. гэтэл Т.Аманжул дахин шүүх хурарлдаанд миний цалингийн үлдэгдэл бид авахаар дахин 5096054016 дансанд хийсэн мөнгө авна гээд бас нэхэмжилсэн байна. Ийм учраас би энэ Т.Аманжулыг цагдаагийн газраар залилсан. Ганц би биш. Гэрэлмаагийн олон хүнийг хорхой өвсний сүлжээнд оруулж залилан мэхэлсэн. Иймд би шүүгч Р.Үүрийнтуяа хэргийг шүүн тунгаасан хэргийг дахин надаас гаргуулсан. Ээж хүү хоёрыг яагаад ийм байдалд оруулаад байгаа юм бэ?. Иймд энэ асуудлыг би зөвшөөрөхгүй. 1-рт залилан хийж байгаа, 2-рт Өмгөөлөгч ******* хэл амаар доромжилж нэр төр гутааж өртэй бөөстэй хүмүүс байгаа юм гээд манай үйлдвэрийн ажилчдын дунд хэрүүл маргаан үүсгэдэг. Иймд Т.Аманжул, ******* хоёр залилан мэхлэх арга барилаа дахин давтаж байна. Иймд би энэ хэргийг Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Энэ мэтээр ядарсан ард иргэд болон намайг хэдэн удаа нэг хэргийг хэдэн шүүгчээр шийдүүлдэг юм бол. Нэг хэргийг 2 шүүгчийн гараар шийддэг асуудал шийдвэрлэхгүй та минь ээ. Иймд залилангийн шинж чанартай асуудлыг салгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Аманжул, хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 3,328,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ........”******* нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,300,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Энэ мөнгийг бэлнээр надаас авсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 07-нд Хаан банкин дахь өөрийнхөө 5096054016 дугаарын дансандаа 400,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-нд 250,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд 20,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-нд 500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30 нд 300,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-нд 30,000 төгрөг нийт 5,300,000 төгрөг надаас авсан. Энэ мөнгөнөөс хүү Б.Баянмөнхийнхөө виза картыг надад өгснөөр уг виза картаар нь би 1,972,000 төгрөг авсан одоо зээлийн үлдэгдэл 3,328,000 төгрөг болж байна” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...”н.Гэрэлмаа гэдэг хүн намайг хорхой өвс гэдэг сүлжээнд оруулна гээд Т.Аманжултай уулзуулаад 2 000 000 төгрөгөөр хорхой өвсний сүлжээнд орууллаа та 2 000 000 төгрөгөө Т.Аманжулаас зээлээд хүүгийнхээ виза картыг Т.Аманжулд өгчих гэж хэлээд зээл авахуулсан. Би 2015 онд Худалдаа хөгжил банкаас зээл авч бүх өрөө төлсөн гэж тайлбарлаж гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгохыг хүсэж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч, түүнийг няцаах нотлох баримтыг гаргаж өгөөгүй, татгалзлаа нотолж чадахгүй байна.

            Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид 3.300.000 төгрөг бэлнээр өгсөн байх бөгөөд хариуцагч ******* уг мөнгийг хүлээн авч төлнө гэсэн бичиг хийж өгсөн байна. Хариуцагч энэ мөнгийг аваагүй нэхэмжлэгч намайг  хорхой өвсний сүлжээнд оруулсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч Т.Аманжул нь хариуцагч *******гийн ХААН банкин дахь 5096054016 тоот данс руу 2013 оны 12 дугаар сарын 07-нд 400,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-нд 200,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30 нд 300,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-нд 30,000 төгрөгийг дансаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч түүнийг авсан болох нь дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар тогтоогдож байна. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлнээр 3,300,000 төгрөгийг, дансаар 2,000,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг зээлж авсан болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч 5096054016 тоот дансыг өөрийнх нь данс гэдгийг болон мөнгө шилжиж орсныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү баримтыг няцаагаагүй болно.

Мөн хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Т.Аманжул нь түүний хүү Б.Баянмөнхийн виза картыг барьцаалан түүний цалингаас мөнгө суутгаж аваад, үлдсэн мөнгийг буцааж *******гийн данс руу шилжүүлдэг байсан гэж тайлбарлаж байна.

Гэвч Т.Аманжул, Б.Баянмөнх нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч түүний цалингаас виза картаар мөнгө суутган авч байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нийт зээлсэн 5,300,000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 1,972,000 төгрөгийг хасаж 3,328,000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 68,198 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,328,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Аманжулд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 68,198 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН