| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0764/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/784 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/784
2024 10 07 2024/ШЦТ/784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч М.Эрдэнэзаяа
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, хувиараа худалдаа эрхэлдэг гэх, ам бүл 4; хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “***” 25 дугаар байр, 1-603 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** регистрийн дугаартай, ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс караокед үйлчлүүлж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан хохирогч *** эзэмшлийн Самсунг галакси эс-22 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна, маргахгүй. Тухайн үед бид нарын хэн хэн нь архи уучихсан, тэр эрэгтэй надтай маргалдаад байхаар нь согтуудаа гар утсыг нь авсан юм. Дараа нь гар утсыг нь цагдаад буцааж өгсөн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... би 2024 оны 4 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед найз Зоригтбаатарын хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маск нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Тухайн караокед 6 цаг гаран үйлчлүүлж байгаад гарахаар болоод тооцоогоо хийх гэтэл миний гар утас болон хойд талд нь байсан ХААН банк, Капитрон банкны виза карт байхгүй болчихсон байсан. Тэгээд тухайн караокены ажилчид болон үйлчлүүлж байсан хүмүүсээс асуусан боловч хараагүй гэсэн бөгөөд сууж байсан хэсгээ шалгаж үзээд олоогүй тул гарсан. Гар утсаа алдсан өдрийн 16 цагийн үед тухайн караоке дээр дахин ирж уг караокег ажиллуулдаг Октъябртай уулзаж хяналтын камерын шүүх гэтэл кодыг нь мэдэхгүй байна гэж хэлээд гар утаснаасаа хэсэг үзүүлсэн. Тухайн бичлэг дээр манай ширээн дээр хамт сууж үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй миний гадуур хувцасны халаасыг ухаад байсан. Тэгээд гар утсаа хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн газарт хяналтын камер байсан уг хяналтын камерыг шүүж үзэхэд хамт сууж үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй миний халаасыг ухаад байсан. Би тухайн хоёр эмэгтэйг танихгүй. Одоо харвал танина. Миний халаасыг ухаж байсан эмэгтэй нүдний шил зүүсэн, дунд зэргийн махтай, бөөрөнхий нүүртэй, давхраатай нүдтэй, ягаан өнгийн хувцас өмссөн байсан. Миний гээгдүүлсэн гэх гар утас цагаан өнгөтэй, 512ӨВ багтаамжтай Самсунг Галакси Эс 22 ультра загварын гар утас байсан, тухайн өдөр гадна талаараа хар өнгийн, хойд талдаа карт хийдэг хэсэгтэй гэртэй байсан байсан, зүүн доод буланд цууралт үүссэн, хойд талын шил хагарсан, өөр ямар нэг онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Би тухайн хулгайд алдсан гэх гар утасныхаа имээ кодыг мэднэ. Тухайн гар утас 353238130390353 гэх кодтой байсан” /хх-н 21-22/ гэж,
гэрч **** “... 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн үед найз ***гийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маск нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Бид хоёрыг гаднаас орж ирэх үед зөөгч нь ирээд манайх суудалгүй болчихсон байна, та хоёр тэр хоёр эрэгтэйтэй хамт суучих гэж хэлээд цонхон талын ширээг зааж өгсөн. Тэгээд манай хоёр Золзаяа бид хоёр 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй шилтэй пивоноос 2 шилийг аваад зааж өгсөн ширээндээ суусан. Ширээндээ суугаад ууж байсан зүйлээ дуусчихаар нь дахиад хүний хоёр ширхэг 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво авч уусан. Сүүлд авсан пивоо ууж байгаад нойр хүрээд унтчихсан. Намайг унтахын өмнө манай найз *** хамт сууж байсан хоёр эрэгтэйн хамт бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Тэгээд нэг сэртэл манай найз намайг гэр рүүгээ харъя гэж хэлээд уг караокеноос авч гараад таксинд суугаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны 603 тоотод ирсэн. Гэртээ ороод шууд унтаад өгсөн. Өглөө сэрэх үед 10 цаг болж байх шиг байсан. Би цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн байсан харин найзыгаа ямар хувцастай байсныг нь сайн санахгүй байна” /хх-н 25-27/ гэж,
гэрч *** “... уг 88087185 дугаар нь миний өөрийн эзэмшлийн дугаар мөн. Энэ дугаарыг би 2021 оноос хойш ашиглаж байгаа. Надаас өөр тухайн дугаарыг ашигладаг хүн байхгүй. Тухайн үед би гар утасгүй байсан бөгөөд 4 дүгээр сарын 22-ны өдөр манай төрсөн эгч *** манай ажил дээр ирээд эгч нь таксинд явж байх үедээ гар утас олсон. Чи энэ гар утсыг авах уу гэхээр нь би тухайн үед гар утасгүй байсан тул тухайн гар утсыг авсан. Самсунг брэндийн цагаан өнгийн гар утас байсан. Дэлгэцэн дээр нь цагаан өнгийн зураас гарч гэмтсэн байсан, арын шил нь хагарчихсан байсан. Самсунг галакси Эс22 ультра загварын цагаан өнгөтэй 353238130390353 имээ дугаартай гар утас байсан. Намайг барьж байх хугацаанд дэлгэцийн гэмтлийн цагаан зураас нь нэмэгдсэн. Уг гар утас надад өөрт байгаа. Би 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш тогтмол ашиглаж байгаа” /хх-н 26-37/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч ***гийн *** “... би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. хохирогчийн бодит хохирлыг төлж барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа ойлгож ухаарсан...” /хх-н 94-95/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 04/, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн БГ2-24-830 дугаартай 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт /хх-н 40-43/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 55/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 65/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 60/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 61-63/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-н 58/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх бөгөөд 88888508 дугаарын утаснаас “*** миний бие гар утсаа алдсан хэрэг дээр сэтгэл санааны хохиролгүй, ямар нэгэн гомдол саналгүй болно” /хх-н 102/ гэх зурвас явуулсан байна.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ