Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/811

 

 

 

 

 

 

 

 

 

   2024           10           15                                  2024/ШЦТ/811                         

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Агар

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Энэбишийн гудамж Гандангийн автобусны буудлын хойд замд 2024 оны 7 дугаар сарын 19-ний шөнийн 01 цаг 53 минутын орчимд “Тоуоtа Наrrier” маркийн, 86-63 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”; /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан/, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчин явган зорчигч ***ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Надад маргах зүйл байхгүй. Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд жижүүрээр ажилладаг. Би сарын цалин 1-1.5 сая төгрөгийн цалинтай. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төлсөн байгаа гэв.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 7 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Гандангийн замын хойд талд байдаг Лоунжид 2 найзын хамт төрсөн өдөр тэмдэглэж сууж пиво, коктейль зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн. Маргааш нь ажилтай байсан болохоор 2 найз үлдээд би гэртээ харихаар тэндээс гараад ээжтэйгээ утсаар ярьчхаад замын урдаас такси барихаар Гандангийн автобусны буудлын харалдаа явган хүний гарцгүй хэсгээр зам гарч явсан бөгөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 3 эгнээ зорчих хэсгийг өнгөрөөд баруунаас зүүн тийш чиглэлтэй 4 эгнээ зорчих хэсгийн 4-р эгнээ дээр нэг машин зам тавьж өгөхөөр нь цаад эгнээнд нь араас нь ирж явсан машиныг анзаарч хартал их л цаана харагдахаар нь би зам гараад амжчих юм шиг санагдаад нөгөө надад зам тавьж өгсөн машины урдуур шогшоод гүйтэл 3-р эгнээгээр араас нь ирж явсан тээврийн хэрэгсэл тулж орж ирээд миний баруун талаас мөргөөд унагасан. Тэгээд би тэр даруйдаа мөргүүлээд маш хурдан босож ирээд эргээд ухаан алдаад унасан. Тэгээд нэг сэртэл Гэмтлийн эмнэлэг дээр зүүн хөл хугарсан байдалтай хэвтэж байсан” /хх-н 14/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***ын биед зүүн дунд чөмөгт ясны дунд 1/3-ийн сэлтэрхий үүсгэсэн бяцарсан зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоогэсэн 9196 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 25-27/

 

Түүнчлэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 40673776 дугаартай “Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд. Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйнуудын тоормосны хүчний хэмжээ, баруун зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал, өнгө үзэмж, зогсоолын тоормос, экологийн үзүүлэлт, дугуйн хээний гүн, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 13700cd Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500сd, хол дээрээ 75600cd (стандарт 10000- 225000сс1) байгаа нь баруун зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 34-40/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1562 дугаартай магадалгаа /хх-н 54-55/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ***ын хохиролд нийт 600.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардал болох 1.475.600 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төлж барагдуулсан зэргийг, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл буюу согтуурсан үедээ (согтуурлын хэмжээ 1.89%) явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан нөхцөл байдал нөлөөлснийг харгалзсан болно.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 69/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 70/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 72/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 73/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Хохирогч ***ын хохиролд 600.000 төгрөг төлсөн байна. Мөн хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.475.600 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба дээрх төлбөрийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор /хх-н 78/ тогтоогдож байна.

 

Мөрдөгчөөс хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар” зэрэг гэж тогтоосон байна. /хх-н 17/

Гэвч хохирогч *** нь “... жолоочийн зүгээс надад хэрэгтэй зүйлүүдийг бэлдэж өгсөн, эмчилгээний төлбөрт тусалсан. Тийм учраас надад өөр гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй ...” /хх-н 18/ гэсэн байх тул шүүгдэгч ***гоос хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн төлбөрийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***гийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

  1. ***г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***гийн гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч *** хохирогч ***ын хохиролд буюу эмчилгээний зардалд 600.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.475.600 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ