Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0653

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Т.М******өнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т************”ХХК,

Хариуцагч: Б******* о********а**** ж***** с*****,

Маргааны төрөл: “Т************”ХХК -ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ж********нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т************”ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын “Т************”ХХКхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь зааснаар иргэдийн төлөөлөгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

3. “Т************”ХХКБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 0.65 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгожээ.

 4. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т************”ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч “Т************”ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт бүхий 0,65 га газрыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А-321 дугээр шийдвэрээр олгосон байдаг.

Манай компанийн зүгээс газар ашиглах гэрчилгээг авсаныхаа дараа Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг батлуулж Газар ашиглах гурвалсан гэрээг байгуулахад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба яг гэрээ байгуулах үед Б******* о********а**** ж***** с*****адаас манай компанийн ашиглах эрх олгосон газрын орц гарцыг хааж, газар олголт хийсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргахад хүлээн аваагүй атлаа ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлүүдийг зааж хүчингүй болгож байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах шийдвэр гарч, газрын гэрчилгээ олгогдсоноос хойш албан ёсоор удаа дараа хандаж орц гарцыг чөлөөлж өгөхийг хүсэхэд шийдвэрлээгүй, гэрээг баталгаажуулж өгөөгүй атлаа газрын төлбөрийг нэхэж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж заасантай нийцээгүй, мөн хуулийн зарчмын дагуу газрыг ашиглах болможийг нээсэн орц гарцтай байлгахыг хариуцагч түүний харьяа байгууллагууд хариуцах бөгөөд түүнээс бус ямар ч ашиглах боломжгүй газрыг ашиглуулах шийдвэр гаргачихаад төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах нь шударга бус бегеед манай компанид газар ашиглах боломжийг олгоогүй учир энэ үүргээ биелүүлээгүй гэж буруутгагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй" гэж тодорхойлсон байх хэдий ч уг хуулийн заалтыг буруугаар хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар заалтыг эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь ...газар тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэжээ. Гэтэл бодит байдал дээр газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй, эцсийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталгаажуулаагүй байхад 2 жилийн хугацааг яаж тооцож тогтоосон нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон 0,65 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12 ны өдрийн А/79 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар “Т**********” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 0.65 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд 2020 онд газар ашиглах хугацаа нь дуусгавар болж, сунгуулах хүсэлтийг холбогдох газруудад ирүүлээгүй байдаг.

Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 214-ний өдрийн 11-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн/ “Т” ХХК орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн

Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр .... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй "М/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

“Т******”ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар албан бичгээр газар дээр нь үл таних хүмүүс дур мэдэн барилгын суурь ухан, талбайг ашиглаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож газрыг чөлөөлүүлэх талаарх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн Уг хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж газар ашиглах боломжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай дэх хэсэгт заасан гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11из/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгч “Т************”ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэв.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 0.65 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулж, газар ашиглах эрхийн 2015/570 дугаар гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5 жилийн хугацаатай олгожээ.

3. Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар ...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, ... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэсний 145-т нэхэмжлэгч “Т************”ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалжээ.

4. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компанийг Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэв.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 2/ “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, 3/ “газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэж тус тус заасан.

6. Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т “...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заажээ.

7. Эдгээр хууль болон журмын заалтуудаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулан гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу газрыг ашиглах, газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна.

8. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч “Т************”ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гурвалсан гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Б*********д өгсөн нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гурвалсан гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаардана.

10. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл зэрэг бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

11. Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

12. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

13. Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байжээ.

14. Учир нь “Т************”ХХК нь 2016 онд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайлан батлуулснаас хойш тухайн газраа ашиглаж чадаагүй байна. Тус компанийн эзэмшдэг газрыг тойруулж орц гарцыг бүхэлд нь хааж, өөр иргэн, хуулийн этгээд барилга барьсны улмаас маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломж байгаагүй болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 72 тоот хүсэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-03/3461 тоот албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 24 өдөр, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд 0.65 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байх бөгөөд, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дээрх хугацаа дууссан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал гаргаж “Т************”ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

16. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “Т************”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “Т************”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын “Т************”ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

                                 

ШҮҮГЧ                               Т.М******ӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ