Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             С.Б, Ч.Э нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       С.Б, Ч.Э

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Б, Ч.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б, Ч.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт С-н Б

 

Монгол улсын иргэн, Б овогт Ч-н Э

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн 14-01 тоотод оршин суух З.М-н байшинд хууль бусаар нэвтэрч 43 инчийн Скай ворд загварын зурагт, хонины гуя 2 ширхэгийг хулгайлан 886.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Э нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр С.Бын Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн 14-01 тоотод оршин суух З.М-н байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлсан 43 инчийн Скай ворд загварын зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Ч-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын эдлэх 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч.Эын эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ч.Э нарын цагдан хоригдсон тус бүрийн 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ч.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 699 дугаар захирамжаар:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд “шүүгдэгч С.Бын эдлэх 1 жилийн хорих ялыг” гэснийг “шүүгдэгч С.Бын эдлэх 2 жилийн хорих ялыг” болгон залруулж,

 

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо:

 

... Миний хувьд өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч шүүхийн өмнө маргах зүйлгүй байсан бөгөөд өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байгаа.

Манайх ам бүл 4, эхнэр гэртээ хүүхдээ хардаг одоогоор ажилгүй. Том охин 7 настай сургуульд сурдаг, бага банди 3 настай цэцэрлэгт явдаг. Миний эмээ болох 84 настай бие муутай хөгшин байдаг. Одоогоор хүний асаргаанд байдаг юм.

Энэхүү ар гэрийн минь байдал болон настай эмээг минь харж үзэн миний ял шийтгэлээс минь хасаж хөнгөрүүлж өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие Ч.Э нь өндөр настай аав, ээж хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. 2019 оны 05 сард хүнд зодуулж толгойдоо хүнд гэмтэл авсан баруун талын духны чамархайн цус харвалт гэсэн оношоор эхний хагалгаандаа орсон. Хоёр дахь хагалгаа нь 6 сарын дараа орж толгойгоо нөхүүлэх шаардлагатай.

Одоогоор биеийн байдал толгой эргэнэ, дотор муухайрч хагалгаа хийсэн газраас шүүс идээ гарч байгаа. Хүнд гэмтлийн зэрэгтэй, групп 70%-аар тогтоолгосон, ажил хийх ямар ч чадваргүй болсон.

Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд миний биеийн байдлыг харгалзан үзэж хорих ялаас минь хөнгөрүүлж өгч туслалцаа үзүүлнэ үү? гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн “Б” овогт С-н Б, “Б” овогт Ч-н Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн 14-01 тоотод оршин суух З.М-н байшинд хууль бусаар нэвтэрч 43 инчийн Скай ворд загварын зурагт, хонины гуя 2 ширхэгийг хулгайлан 886.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С.Бын Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн 14-01 тоотод оршин суух З.М-н байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлсан 43 инчийн Скай ворд загварын зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хорих ял, шүүгдэгч Ч.Эыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр шүүгдэгч нар урьд нь энэ төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзаж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.   

 

            Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар хорих ял хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын ... хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1     , 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, Ч.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                             М.ХҮРЭЛБААТАР

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           З.ХОСБАЯР