Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0234

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн 1 дэх заалтын Н.Бадамсүрэнд холбогдох хэсэг, 2 дахь заалтын Н.Бадамсүрэнд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “”Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Н.Бадамсүрэнд эзэмшүүлсэн газар нь Архивын тасаг болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газартай давхцаагүй, харин “Ойрад хөгжимт жүжгийн театр”-т эзэмшүүлэхэзр төлөвлөж байсан гэх 9900 м.кв газартай 630.6 м.кв хэмжээ бүхий газар нь давхацсан байх ба зураглалыг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан” гэж үндэслэснээрээ шүүхээс анхнаасаа тус хэрэгт нотлох баримтад үндэслэсэн байх гэдэг шинжийг алдагдуулсан. Учир нь эзэмшүүлэхээр төлөвлөж байсан гэх, гэдэг утгыг оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүхийн нотлох зарчмыг гажуудуулсан. Нэгэнт аймгийн Засаг даргын захирамж батлагдан гарсан бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэж, гардуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд тус шинжийг харгалзан үзээгүй, гарсан цагаасаа хүчингүй гэдэг утгыг бий болгосон. Захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсэн байдаг.

2. Мөн “Н.Бадамсүрэнд эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан иргэнд газар эзэмшүүлэх гэрээнд Н.Бадамсүрэн гарын үсэг зураагүй байх боловч газар эзэмшигчийг төлөөлж, X.Түрүүдөл гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Н.Бадамсүрэнд үлдсэн гэрээний хувьд Н.Бадамсүрэн гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан газар эзэмшүүлэх гэрээнд Н.Бадамсүрэн гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэж үзсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг төрүүлж байна. Нэгж талбарын хувийн хэрэг бол албан ёсных бөгөөд архивлан хадгалагддаг. Ийм байхад Н.Бадамсүрэнд үлдэх хэсэг нь гарын үсэгтэй гэдэг байдлаар асуудалд хандсан нь нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

3. Тус шийдвэрийн Тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандахын шүүхэд гаргасан тайлбарт 2013 оны А/280 дугаар захирамж гэж бичсэн, Үндэслэх хэсэгтээ аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гэж бичсэн нь тус шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт нэг өдөр гарсан хоёр өөр захирамжийн талаар тус тус дурдсан нь шүүхийн шийдвэр эргэлзээг бий болгож байна.

4. Улаангом сумын 3 дугаар багийн нутагт Н.Бадамсүрэнд 1000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг илт зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/02 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөгөөр 2016 онд иргэн, хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад 2015 онд иргэн Н.Бадамсүрэнд шууд эзэмшүүлсэн. Хавтаст хэргийн 54-57 дугаар хуудсанд авагдсан Увс аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, гандан хийдийн урд талд газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн гэж илт худал мэдээллийг шүүхийн шийдвэрт дурдсан байна.

5. Газар эзэмшүүлэх эрх олгох үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 -д заасан /Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ/ гэсэн хэсгийг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг бүхэлд нь тус тус зөрчиж, нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гандан хийдийн урд талд 1000 м.кв газар эзэмших тухай өргөдөл, тойм зургийн хамт гаргаж байсан гэх боловч уг хүсэлт нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өргөдөл, хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, эрх бүхий албан тушаалтан нь хүлээн авч шийдвэрлэх талаар үүрэг болгоогүй буюу тухайн иргэн хүсэлт гаргаагүй албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу шийдвэрлэгдээгүй шууд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүгч энэ талаар анхаарч авч үзээгүй.

 Н.Бадамсүрэнд газар эзэмшүүлсэн захирамж нь илт хууль бус нь хууль, тогтоомжоор нотлогдож байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл тогтоогдоогүй байна гэж илт өөр үндэслэлээр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 захирамжийн Н.Бадамсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдлийг илт хамгаалсан байдал харагдаж байна.

6. Аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаар захирамжаар “Ойрад хөгжимт жүжгийн театр”-т “Ардын язгуур урлагийн төв театрын барилга”-ын зориулалтаар 9900 м.кв газрыг эзэмшүүлж газар эзэмших эрх нь үүссэн. Уг захирамжийг үндэслэн аймгийн төсвөөс 90 сая төгрөгөөр театрын барилгын зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж хүлээн авсан. Барилга угсралтын ажил нь төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хийгдээгүй байх үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Отгонболд нар нь хууль тогтоомжийг илт зөрчиж Н.Бадамсүрэнд давуу тал олгож, Драмын театрт эзэмшүүлсэн газартай давхцуулж газар олгосон нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүгч нэг талыг баримталж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

“Ойрад хөгжимт жүжгийн театр”-т 2013 онд 9900 м.кв газар эзэмшүүлэх захирамж, барилгын зураг төсөв, боловсруулах ажлын даалгаврыг боловсруулах, батлах, захиалах зэрэг үйл ажиллагааг аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Отгонболд нар нь хийж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Хавтас хэрэгт авагдсан материалд байгаа.

Иргэний эрх ашиг хөндөгдөх, хөрөнгө мөнгөний асуудал яригдах болохоор Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригддаг. Хуулийн этгээдийн хувьд дээрх зарчим мөн л яригдах ёстой байтал түүнийг харгалзан үзэлгүйгээр шүүхээс шийдвэрлэлээ.

7. Шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй захиргааны акт гаргасан, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг тогтоож, нөхцөл байдлыг тодорхойлон 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу сонсгох ажиллагааг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 269 дугаар бичгээр хийсэн албан тоотод холбогдох хууль, тогтоомжийн заалтуудыг дэлгэрэнгүй байдлаар хавсарган хүргүүлж уг бичгийг нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан нь байгууллагаас явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн 269 дугаарт бүртгэгдсэн нь нэхэмжлэгч Н.Бадамсүрэнгийн гарын үсгээр баталгаажсан байна. Нэхэмжлэгч Н.Бадамсүрэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасны дагуу тайлбар саналаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн нь байгууллагын өргөдөл, хүсэлт бүртгэлийн дэвтрийн 1639-д бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч Н.Бадамсүрэнд хууль бусаар газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/566 дугаар захирамжийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 341 дүгээр бичгээр албан ёсоор мэдэгдсэн, мэдэгдсэн тухай тэмдэглэл нь байгууллагын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт хүлээн авсан иргэний гарын үсгээр баталгаажсан байна. Гэтэл шүүгч Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан хариуцагч талаас гаргасан тайлбар, нотлох баримтад анхаарал хандуулаагүй нь харагдаж байна.

8. “Нэхэмжлэгч талаас гаргасан өргөдлийг аймгийн Засаг дарга хүлээн авч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан эрхийнхээ хүрээнд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа тул, энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхээ баталгаажуулсан нэхэмжлэгчийг буруутган, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм” гэж шүүгч үзсэн нь цаашид шударга ёсны зарчмыг үгүйсгэсэн, хууль тогтоомжийг зөрчиж эрх мэдэлтэй нь газрыг хуйвалдан авдаг, бусад шударгаар газар эзэмших эрхтэй олон хүний эрхийг хязгаарлаж болдог юм байна гэдэг буруу ойлголтыг иргэнд Н.Бадамсүрэнд бий болгосон.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар анх Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны А/286 дугаар захирамжаар “Ойрад хөгжимт жүжгийн театр”-т 9900 м.кв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст 1800 м.кв, Архивын тасагт 1260 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна. Улмаар тухайн газартаа “Ойрад хөгжимт жүжгийн театр” нь Ардын язгуур урлагийн төвийн театрын барилга барих зориулалтаар 2014 онд бүрэн зураг хийгдэж батлагдаад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн, энэхүү ажилд орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтаар 90 сая төгрөгийн зардал гаргасан, мөн кадастрын зураг хийлгэсэн болох нь тогтоогджээ.

Үүний дараа мөн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны А/789 дугаар захирамжаар Н.Бадамсүрэнд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд орон сууцны зориулалтаар 1000 м.кв  газар эзэмшүүлэхдээ “Ойрад хөгжимт жүжгийн театр”-тай давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байсан тул дээрх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу 2016 оны А/566 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь зөв байна.

Хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас явуулжээ. Оролцогч болох Н.Бадамсүрэнгийн тайлбар, саналыг бичгээр хүлээн авсан, аймгийн Засаг даргын захирамж процессын дагуу гарч, ёсчлогджээ.

Нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд талуудын мэтгэлцсэн байдал зэргээс үзэхэд анх “Ойрад хөгжимт жүжгийн театр”-т газар эзэмшүүлсэн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/286  дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, энэхүү захирамжийг гаргасан субьект нь өөрөө хүчингүй болгоогүй, одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа,  2013 оны захирамж 2015 онд буюу 2 жил 7 сарын дараа газар эзэмшсэн иргэн Н.Бадамсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, “Ойрад театр”-т газар эзэмшүүлсэн захирамж хууль зөрчсөн мэтээр дүгнэсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн “Нэхэмжлэгч талаас гаргасан өргөдлийг аймгийн Засаг дарга хүлээн авч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан эрхийнхээ хүрээнд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа тул энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхээ баталгаажуулсан нэхэмжлэгчийг буруутган, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм” гэсэн дүгнэлт агуулгын хувьд буруу байна. Захиргааны хэргийн шүүх нь хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрхийг хамгаалахаас “хууль бусаар үүссэн эрх”, хууль бус ашиг сонирхлыг хамгаалах, хаацайлах ёсгүй.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/789 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг илт зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/02 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөгөөр 2016 онд иргэн, хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад 2015 онд иргэн Н.Бадамсүрэнд шууд эзэмшүүлсэн байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Ингэснээрээ Н.Бадамсүрэн хууль бус давуу байдал бий болгож, Газрын тухай хуулийн үндсэн зарчим болох /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан/ “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх, “...Харин “Ойрад хөгжимт жүжгийн театр” болон Архивын тасагт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй байна. ...хэдийгээр газар эзэмших тухай шийдвэр гарсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ыг хууль ёсоор 9900 м.кв газрыг эзэмшигч гэж үзэх боломжгүй юм. Иймд Н.Бадамсүрэнд эзэмшүүлсэн газар нь бусдад эзэмшүүлсэн газартай давхцаагүй гэж дүгнэх үндэслэлтэй болно” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь анх “Ойрад хөгжимт жүжгийн театр”-т газар эзэмшүүлсэн захирамжийн 2 дахь заалтын дагуу тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Г.Отгонболд/ нь эзэмшилд олгосон газарт гэрээ байгуулан, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, харин түүнээс 2 жил 7 сарын дараа гарсан иргэн Н.Бадамсүрэнд газар эзэмшүүлсэн захирамжийн мөн адил агуулга бүхий 2 дахь заалтыг биелүүлж ялгавартай хандсан байна. “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ыг анхан шатны шүүх буруутгасан боловч гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй буруутай албан тушаалтан хэн болох, эсхүл гуравдагч этгээд өөрөө буруутай эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

Мөн хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа “Н.Бадамсүрэн нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Гандан хийдийн урд талд 1000 м.кв газар эзэмших тухай өргөдөл, тойм зургийн хамт гаргаж байсан гэх боловч уг хүсэлт нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өргөдөл, хүсэлтийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, эрх бүхий албан тушаалтан нь хүлээн авч шийдвэрлэх талаар үүрэг болгоогүй буюу тухайн иргэн хүсэлт гаргаагүй албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу шийдвэрлэгдээгүй шууд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” гэх байдалд дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Түүнчлэн Н.Бадамсүрэнд газар эзэмшүүлсэн захирамж нь хууль бус гэсэн үндэслэлээр улмаас аймгийн Засаг дарга өөрөө захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн байхад тухайн захирамжид заагдаагүй үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл тогтоогдоогүй байна гэж өөр үндэслэл баримталсан нь буруу юм. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Газрын тухай хуульд заасан 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээд гэрчилгээг хүчингүй болгоогүй, гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үндэслэл болсон “захиргааны акт” болох аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болгосны үр дагавар байгааг анхаараагүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бадамсүрэнгийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР