Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 304

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, хохирогчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 17160008700033 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жавсанжав тайж овогт Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Бунгийн гол гэх газарт 47-84 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашин жолоодож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2, 2.3-ийн “а” заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Б-г дайрч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахаар завдсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Э-ыг 4 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж, Б.Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийн гаргасан 22.701.370 төгрөгийн нэхэмжлэлээс 30.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчид 21.210.000 төгрөг төлснийг дурдаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б гаргасан гомдолдоо: “...Б.Э гэгч залуу нь намайг санаатайгаар дайрч гэмтээсэн болно. Миний бие махбодид хүнд гэмтэл учруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн боллоо. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд өөрчлөлт оруулсанд маш их гомдолтой байна. Ялын тухай гомдолгүй гэж хэлсэн боловч зүйл ангийг “Зам тээврийн осол” болгож өөрчилсөн нь буруу гэж бодож байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн хэлсэн саналдаа: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс зөв үнэлж чадалгүй, хэргийг буруу зүйлчилж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Ял шийтгэлийн тухайд санал байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хэргийн байдалд нийцсэн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны орой 22-23  цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Бунгийн гол гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-г “үерхэе” гэж гуйн, татгалзсан хариу авсны дараа түүнийг гэрээс гарч явахад нь тормосны систем нь бүрэн бус 47-84 ГАА улсын дугаартай УАЗ-31512 загварын автомашиныг жолоодож, хохирогч Б.Б-г 3-4 удаа тойрохдоо түүнийг дайрч биед нь цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, баруун уушигний дунд дэлбэнгийн няцрал, олон хавирганы хугарал, зүүн дал, баруун шууны хугарал, дух, хамар, баруун хацар, цээж, хүзүү, эрүүний зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх шаардлагыг хангасан байна.

Прокуророос шүүгдэгч Б.Э-ыг “Хүнийг алахаар завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж, давж заалдах шатны шүүх Б.Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, прокурор болон шүүх хэргийн үйл баримтад нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-ын үйлдэлд хүнийг санаатай алах, эсхүл хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн субъектив санаа зорилго тогтоогдоогүйгээс гадна түүнийг хохирогч Б.Б-г алах, эсхүл хүндээр гэмтээх зорилгоор зориуд тээврийн хэрэгслээр дайрсан гэж үзэх объектив талын шинж тогтоогдоогүй болно.

Харин Б.Э нь хохирогч Б.Б-г гэртээ унтахаар хэвтэж, түүний эгч нь түр гарсан хойгуур түүнийг “үерхэе” гэж гуйн, хөнжлийг нь татаж, гарнаас нь барьж авч, хажуугаар нь хэвтэх, тэврэх гэж оролдоход нь Б.Б дээлээ өмсөн гэрээс гарч эгчийнхээ хойноос урд талын айл руу явах үед Б.Э нь өөрийн жолоодож ирсэн УАЗ-31512 загварын тээврийн хэрэгслээр 21-33 метрийн хэмжээтэй тойрог үүсгэн хохирогч Б.Б-г 3-4 удаа тойрох үедээ түүнийг дайрч хүндээр гэмтээсэн үйлдэлдээ хэт хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1, 2.3-ийн “а” заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон хэдий ч тэрээр хохирогч Б.Б-г явуулахгүй хоргоож, түүнийг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр 3-4 удаа тойрохдоо болгоомжгүйгээр дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан үйлдлийг жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд илтэд тохироогүй байна гэж үзэв.

Иймд энэ талаар хохирогч Б.Б-ын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, үр дагаврыг харгалзан 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай

 2. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Ж овогт Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгиййн 7 дахь заалтыг “Хохирогч Б.Б-ын гаргасан 22.701.370 төгрөгийн нэхэмжлэлээс 30.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э 21.210.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН