| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0779/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/812 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/812
2024 10 15 2024/ШЦТ/812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Түвшинбаяр
шүүгдэгч ***
хохирогч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай хотхон”-ы 50 А байрны гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад хохирогч ***ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, хоолойноос боож, маажиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүү, эрүү, цээжинд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Согтуу байснаас ийм хэрэг үйлдлээ. Цаашид өөртөө анхаарах болно. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.413.970 төгрөг өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 124.762 төгрөг төлсөн байгаа. Цаашид гарах зардлуудыг нь төлөх болно гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би найзынхаа ажил дээр буюу барилга барьж байгаа газар нь очсон байсан юм. Гэтэл хэсэг хүмүүс барилгын хашаа руу орно энэ тэр гэсэн маргаан үүсгээд, үүнийг нь зохицуулж салгах санаатай очоод хохирогч болчихлоо. Уг нь би иргэний үүргээ биелүүлж байна гэж бодсон чинь болохгүй юм байна. Шууд цагдаа дуудах нь зөв байж. Би эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирлоо. Ажил төрөл хөөцөлдөөд хүмүүстэй уулзах гэхээр хамар ам ийм байдалтай хэцүү байна. Хамрын хагалгаанд ороход 4.900.000 төгрөгийн зардал гарна гэсэн мэс заслын үнэлгээг “ЭМЖЖ” эмнэлгээс надад гаргаж өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлоо бас нэхэмжилнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 108.880 төгрөг төлсөн тухай баримтыг шүүхэд шинээр нэмж гаргаж өгье гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Алтай хотхоны 50 А байрны гадна зогсож байтал миний таньдаг хүмүүс үл таних хүмүүстэй зодолдож байсан. Би маргааныг салгах гэж очоод үл таних жижиг биетэй залууг цаашаа гээд түлхтэл миний хамар руу шууд мөргөсөн. Гараараа тэмтэрч үзэхэд баруун талаараа цөмөрч гэмтсэн, хамраас цус гарч байсан. Үргэлжлүүлж намайг хэл амаар доромжилсон. Тухайн залууг явах гээд байхаар нь би цамцнаас нь зуураад байж байхад миний хүзүүнээс боож эрүү, цээж хэсэг рүү хумсаараа маажсан. “Мед траума” эмнэлэгт толгойн зураг 150.000 төгрөгөөр, эмийн сангаас 140.000 төгрөгийн эм авч хэрэглэсэн. Нойрсуулагчтай хагалгаанд орохоос өмнөх эмчилгээ гэж 194.160 төгрөгөөр хийлгэсэн. Хамрын хагалгаанд орохоос өмнөх шинжилгээ, эмчилгээний зардал нийт 1.413.970 төгрөгийг эмчилгээний баримт өгнө. Гэмтэл бүрэн эдгэрсний дараа хагалгааны зардал 3.993.960 төгрөг гэж эмнэлэг хэлсэн” /хх-н 13-19/ гэж,
гэрч *** “... Алтай хотхон дотор баригдаж байгаа барилгын компанид ажил хийж байсан тухайн үед материалуудаа захиалчхаад дотогшоо орж байх үед араас 3 хүн дагаж орж ирэх гээд байсан. Тэр үед би тухайн 3 залууд хандаж энэ газар барилга баригдаж байгаа, та 3 гар гээд шаардлага тавих үед тухайн 3 залуу надад хандаж бид гурав найзынх руугаа орох гэж байна гэж хэлсэн. Би тэр 3 залууд хандаж энд барилга баригдаж байгаа ямар нэгэн айл ороогүй гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэр үед *** ах цаанаас хүрч ирээд бид хоёр тухайн 3 залууг барилга дотроос хөөж гаргах үед тэр залуугийн дунд байсан жижиг биетэй, 160-165 см орчим өндөртэй залуу нь *** ахын хамар хэсэг рүү үсэрч ирээд 1 удаа мөргөсөн. Нөгөө 2 залуу нь *** ахыг мөргөсөн залууг салгаад бид хэдээс уучлалт гуйсан” /хх-н 21-22/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хүзүү, эрүү, цээжинд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн 11098 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 28-29/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. /хх-н 91-93/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин түүний гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирол төлбөрийг төлсөн, цаашид гарах хохирол, эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа гэх байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг хамгийн багаар буюу 240 цагийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 55/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 53/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.413.970 төгрөг хохирол баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч *** төлж барагдуулсан байна. Мөн шүүгдэгч *** Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 124.762 төгрөг төлжээ.
Мөрдөгчөөс хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 62/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***гөөс гаргуулж хохирогч ***ад олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдрийн шүүх хуралдааны явцад хохирогч ***ын шүүхэд гаргаж өгсөн эмчилгээний зардлын 108.880 төгрөгийг мөн шүүгдэгч ***гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
5. Шүүгдэгч *** хохирогч ***ын эмчилгээний зардалд нийт 1.413.970 төгрөг төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 124.762 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***гөөс хохирогч ***ын эмчилгээний зардалд зарцуулсан 108.880 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гөөс 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***ад олгосугай.
8. Хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ