Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/03136

 

 

 

 

 

                   2021           11            25  

                                      184/ШШ2021/03136

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Цийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э,

 

Хариуцагч: Ж.О,

 

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

Эмнэлэг, эмчилгээний болон оршуулгын зардалд 7,054,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Д.Э, Д.Э, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний авга ах Сгийн Д нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. С.Дийн төрсөн охин Д.Э нь аавыгаа бие муу эмнэлэгт хэвтэж байхад байрыг нь булаацалдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гарч С.Д нь орон сууцаа зарж охин Д.Эд байрны оногдох хэсгийг өгч байсан. Түүнээс хойш авга ах С.Д нь “намайг амьд сэрүүн байхад шүүхээр орж орон гэргүй болгосон” охин Д.Этай аав, охины харилцаагаа тасалсан гэж бидэнд ярьдаг байсан.

Мөн хүү Д.Э нь аавтайгаа ямар ч харилцаа холбоогүй байдаг байсан. Эхнэр Ж.Оээс 2008 оноос хойш тусдаа амьдарч байсан. Авга ах С.Дийг өвдөж эмнэлэгээр эмчилгээ сувилгаа хийлгэж байхад эхнэр

Ж.О нь огт ирж уулздаггүй тусалж дэмждэггүй, асарч сувилж байгаагүй.

Авга ах С.Д нь зүрх муутай группт байсан. Мөн тархины хорт хавдар өвчтэй байсан ба байнга эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлдэг сувилал, амралтад биеийг нь тэнхрүүлэх гэж ах дүү бид нар тусалж дэмжиж асарч сувилж байсан. Охин болох Д.Э нь байрыг нь заруулж мөнгө авснаас хойш эцэгтэйгээ 8-9 жил ямар ч холбоогүй байсан. Тархины хорт хавдартай байсан тул урагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Ах дүү нараараа ярилцахад авга ах маань өөрөө татгалзсан. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оршуулгын ажиллагааг нь хийсэн.

Иймд авга ах С.Дийн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Наранбулаг амралтын газарт төрсөн дүү С.Уээр асруулж амруулахад гарсан зардалд болох 1,848,000 төгрөгийн 50 хувь болох 924,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 хоногийн эмчилгээнд 450,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 7 хоногийн эмчилгээнд 180,000 төгрөг, оршуулгын зардал 1,300,000 төгрөг, цагаалганд 4,260,600 төгрөг нийт 7,054,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний хувьд зөвхөн ажил явдлын үеийн мөнгийг нэхэмжилсэн болохоос биш бусад зардлуудыг нэхэмжилсэн зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч Д.Э, Д.Э, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч Д.Э, Д.Э нар нь С.Дийн төрсөн хүүхдүүд мөн. С.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барж, улсын бүртгэлийн байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нас барсны 6629 тоот гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримт болон нэхэмжлэлдээ дурдсан Наранбулаг амралтын газар, цайллага хийсэн ресторан нь Ц.Цгийн аав болон түүний өөрийнх нь компани, дүү нь тус компанийн захирал болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч мөнгөн дүнг зохион бичих болон хэдийд ч үйлдэх боломжтой. Ц.Ц нь үнэхээр тус мөнгийг төлсөн гэдэг баримт нь нотлогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл дансаар шилжүүлсэн баримт байдаггүй. Ц.Цгийн данснаас тус компанийн дансанд шилжсэн талаар баримт байхгүй зөвхөн бэлэн мөнгөний баримтаар нотлогдох боломжгүй.

Мөн хариуцагч талын хүсэлтээр талийгаач С.Дийн амбулаторын картанд үзлэг хийлгэсэн. Тус картуудад нэхэмжлэлийн шаардлага болсон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 хоног, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 7 хоног эмнэлэгт хэвтсэн гэдэг нь нотлогддоггүй. Тухайн эмнэлгээс ирсэн баримт, тодорхойлолтын огноо зөрүүтэй

Оршуулгын зардал 1,300,000 төгрөг болон цагаалганд 4,260,600 төгрөгийг Ц.Ц нь дангаар өгсөн бол мөн адил холбогдох баримт болон дансны хуулгаар нотлогдох боломжтой байсан. Тус оршуулгын зардал болон цагаалганы мөнгө нь олон хүнээс цугларсан мөнгө байх боломжтой.

Хариуцагч нар нь аавынхаа сүүлчийн замд үдэх бүх ажилд гар бие оролцсон. Ажил явдлын үед бүх санхүүг С.Дийн дүү С.У “би барина” гээд нас барсны дараа өгдөг 1,000,000 төгрөгийг нь хүртэл авсан. Бид ч боломжоороо тодорхой хэмжээний мөнгийг гаргасан, ах дүү, найз нөхдөөс нь ирсэн хандивын мөнгийг С.У бүгдийг нь авсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Д.Э, Д.Э, Ж.О нарт холбогдуулан эмнэлэг, эмчилгээний болон оршуулгын зардалд 7,054,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгдөг.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талийгаач Дийг эмнэлэгт хэвтсэн, үзүүлсэн, эмчлүүлсэн, амралтад амруулсан, сувилуулсан, мөн түүний оршуулгын, буяны ажлын цагаалганы төлбөр, зардлыг би өөрөө гаргасан тул өв залгамжлагч нараас нь гаргуулна гэж, хариуцагч талаас татгалзаж буй үндэслэлээ ...буяны ажил олон түмний хандиваар бүтдэг, эмчилгээ хийлгэсэн, амарсан, эмнэлэгт хэвтсэн болох нь баримтаар тогтоогдоогүй, өгсөн баримтууд засвартай, нөхөж авсан байдаг. Үнэхээр өөрөө гаргаснаа нотолж чадвал бид тухайн гаргасан зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Талийгаач Сгийн Д нь нэхэмжлэгч Ц.Цгийн авга ах, хариуцагч Ж.Оийн нөхөр, Д.Э, Д.Э нарын эцэг мөн бөгөөд хүнд өвчний учир нас барсан, талийгаачийн өв залгамжлагч нь дээрх хариуцагчид мөн талаар зохигчид маргадаггүй ба энэхүү үйл баримтууд нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, нар барсны бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа  зэргээр нотлогдоно.

 

Хариуцагч нар нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 44 дүгээр зүйлийн 44.3 “Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу талийгаач С.Дийг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч, адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж заасан байна.

 

Авга ах Сгийн Дийг тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгч Ц.Ц биелүүлсэн гээд өөрөөс гарсан зардлыг эхнэр, хүүхдүүдээс нь шаардан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд, нэхэмжлэгч, талийгаач нарын хооронд ямарваа нэг үүргийн харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж, С.Д нас барснаар Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1 “өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүний оршуулахад гарсан зардлыг өвлөгч гаргах эрхтэй”, 535 дугаар зүйлийн 535.1 “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгуулага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал өөрт гарсан зардлаа шаардах, хариуцагч тал төлөх үүрэгтэй байхаар хуульд зохицуулсан байна.

Дээрх Гэр бүлийн болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын агуулга, зарчмын хүрээнд хариуцагч талаас ...нэхэмжлэгч өөрөөс гарсан зардлаа нотолсон тохиолдолд хариуцагч төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад

“Нью семетри” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0000122 дугаартай 1,300,000 төгрөгийн нэхэмжлэх, мөн компанийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/227 дугаартай “Бурхан болооч С овогтой Д ...оршуулгын үйлчилгээний нийт зардалд 1,300,000 төгрөг төлсөн нь үнэн болно” гэх лавлагаа баримтаар, Наранбулаг ресторан, лоунжийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “хуйцаа, үхрийн жигнэсэн мах, сүүтэй цай, борш, 1 хүний багц хоол 36,000 төгрөг, 102 хүн 3,672,000 төгрөг, ус 1,800, ундаа 2,500, 102 хүн 438,600, VIP өрөө 3 хоног 150,000 төгрөг, нийт дүн 4,260,600 төгрөг, бичсэн хүний гарын үсэг...” гэх баримтаар Ц.Цгээс оршуулга болон цагаалганы төлбөрийг төлсөн гэж дүгнэх,

Наранбулаг амралтын 0000648 дугаартай Цгээс амралтын байр, хоолны үнэ 2 хүний 2019 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх 14 хоногийн 1,848,000 төгрөг төлсөн гэх баримт /2020 оны маягт дээр 2019 он болгон огноог засварлан бичсэн/, талийгаачийг хэвтэн эмчлүүлж байсан гэх “Очир-Инвест” эмнэлгийн 2019 оны 2 дугаар сарын 11, 5 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон, нөхөж авсан гэх 450,000 төгрөг, 180,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн анхан шатны баримтын бүртгэлийн маягт, түүний дүрэм журамд нийцээгүй, эргэлзээ бүхий бичмэл баримтууд байх тул шүүхээс үнэн зөв баримт гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүчлэн хариуцагч талын ...”Очир-Инвест” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөр эмнэлэгт үзүүлсэн, тухайн эмнэлэг нь хэвтэх шаардлагатайг зөвлөсөн, тухайн эмнэлгийн баримт, бүртгэл огнооны зөрүүтэй, садан төрлийн ашиг сонирхол нэг этгээдээс санхүүгийн баримт гаргаж өгсөн зэрэг нь эргэлзээ төрүүлж байгаа гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас хангалттай үгүйсгэж чадаагүй тул, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байсан зэргийг үндэслэн, хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эмнэлгийн картад үзлэг хийсэн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч Ц.Цгээс хариуцагч Д.Э, Д.Э, Ж.О нарт холбогдуулан гаргасан эмнэлэг, эмчилгээний, амралт сувиллын болон оршуулга, цагаалганы зардалд төлсөн 7,054,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 530 дугаар зүйлийн 530.2.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Д.Э, Д.Э, Ж.О нарт холбогдох Ц.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосуай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,723 төгрөгийн 127,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 213,899 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ