Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/813

 

  

 

 

 

 

 

 

 

      2024          10           15                                2024/ШЦТ/813

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Түвшинбаяр

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж

хохирогч ***, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 9 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ****

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Гранд плаза” худалдааны төвийн 3 давхрын 303 тоот лангууны хэсэгт хохирогч ***тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад түүнийг гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү, хамрын нуруу үзүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

*** лангууныхаа заалны үүдэнд бичлэг хийгээд байсан. Би гар утасныхаа цэнэглэгчийг авахаар буцаж ирэхэд дахин бичлэг хийхээр нь чи намайг яагаад бичээд байгаа юм бэ гэхэд юу гэнэ ээ, дахиад хэлдээ гээд миний гараас базсан. *** миний гарыг хөдөлгөөнгүй барьсан байсан болохоор би гараа авч чадахгүй байсан. Өмнө нь *** манай лангуу руу цээжээрээ түрж орж ирээд намайг багалзуурдаж байсан болохоор айдаст автан хэсэг зогсоход ***ийн гар утас миний нүүрэнд тулсан байсныг холдуулах гэхэд миний гарын үзүүр ***ийн эрүүг шүргэсэн. Намайг гар утсаараа ***ийг цохисон гэж байгаа боловч бодит байдалд миний гар утас халаасанд байсан. Би ***ийн гар утсыг авах гэхэд *** гар утсаа авах гэж хүчтэй татахдаа өөрөө нүүр рүүгээ цохичихсон. Заалнаас гарахад *** араас дуудан коридорт унасан гар утсаа авахгүйгээр миний араас гүйж манай зааланд орж ирэхээр нь би худалдагч Анужингийн нөхрийн ард талд ороход *** миний нүүрийг самардах гэж оролдсон. Тухайн үед намайг цохих боломжтой байхад яагаад зүгээр явсан гэдэг нь ойлгомжгүй байгаа. Тэр өдөр *** мэдүүлэг өгөхөөр явсан байсан. Манай худалдагч Анужин маргааш нь ажлаасаа гарсан. Би ***ийн лангууны эзэн Ганчимэг гэх эмэгтэйтэй 10 жил хэрэлдэж байгаа. Би ***ийг өөрийнхөө хүүхэд шиг л боддог байсан. Ганчимэг манай худалдагч Анужин руу залган чи нөхөртэйгөө хамт байсан гэсэн чи хам хэрэгтэн шүү, *** одоо хамар нь хугарсан байдалтай сэхээнд байгаа гэж хэлж сүрдүүлсэн байна лээ. Манай заалны камерын бичлэгийг хэн нэг нь устгасан байсан. Худалдагч Анужинаас бичлэг устгасан талаар асуухад мэдэхгүй гээд байсан. Манай заалны камерын талаар худалдагч Анужинаас өөр мэдэх хүн байхгүй. *** миний гарыг нэг удаа хүчтэй базахад олон хоног болсны дараа эдгэрсэн. Харин ***ийг нэг удаа цохиход хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдрийн орой ажил тарах гэж байхад *** манай лангууны урдуур 2-3 удаа яваад байсан. Хэрэг болохоос өмнө би ***гийн лангууны хажуу талд байдаг нийтийн эзэмшлийн хогийн саванд хогоо хаячхаад буцаж явахад намайг юу өмссөн гуйлгачин бэ гэх зэргээр доромжилсон. Намайг ганцаараа байгаа болохоор дайрч доромжлон хэрүүл хийж магадгүй гэж айгаад би бичлэг хийтэл чи яагаад намайг бичээд байгаа юм бэ, чамд ямар хэрэгтэй юм бэ гээд үүрч явсан торноосоо гар утсаа гаргаж ирээд намайг 2-3 удаа цохиод миний хамраас цус гарсан. Би айснаасаа болоод ***г заалнаасаа түлхэж гаргасан. ***гийн араас гүйж зааланд нь ороод би хэлдэг газар хэлнэ шүү гэж хэлээд газар унасан утсаа авч цагдаад дуудлага өгсөн. *** өмнө нь намайг ... бүдүүн гахай, ... юу өмссөнийг нь хар даа, ... гуйлгачин, ... пэндийсэн новш энэ тэр гэж байнга хэл амаар доромжилж байсан. Ажлаа хийхэд надад дарамттай, айдастай байдаг. Одоо ч гэсэн айдастай байна. Хохиролд 699.457 төгрөг дансаар шилжүүлснийг авсан. Шатахууны мөнгө, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ын *** “... би Гранд плаза төвд худалдааны зөвлөх хийдэг бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн үед лангуундаа сууж байгаад хог хаях гээд явж байхад хажуу лангууны зүс таних *** гэх хүн худалдааны зөвлөхтэйгөө нийлээд намайг “энэ гуйлагчин юу өмссөн юм бэ” гэж хэлээд байсан. Би тоохгүй өнгөрсөн боловч *** гэх хүн манай үүдээр эргэлдээд байхаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Гэтэл *** манай лангуу руу орж ирээд миний хамар, нүүр рүү гар утсаараа 2-3 удаа цохиод чи юундаа бичлэг хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан” /хх-н 61-67/ гэж,

гэрч *** “... 2023 оны 7 дугаар сарын 17-ны оройны 18 цагийн үед манай лангууны эзэн *** гэртээ харих гээд лангуунаас гараад явсан бөгөөд удалгүй орж ирээд “би утасныхаа цэнэглэгчийг орхисон байна” гэж хэлэхээр нь “юун цэнэглэгч вэ” гэж асуухад “чимээгүй бай, хажуу лангууны *** бичлэг хийгээд байна” гэж хэлээд гараад явсан. Удалгүй хүмүүс орилолдоод байхаар нь лангуунаас гараад харахад *** гуай гартаа утсаа барьчихсан, *** гэх хүний хамраас нь цус гарсан “намайг нүүр рүү цохичихлоо” гэж хэлээд уйлж байсан. Тэгээд *** гуай лангуу руугаа орсон. Ийм л зүйл болсон” /хх-н 70/ гэж,

гэрч ***“... би Гранд плаза төвийн лангууг 2008 оноос өнөөдрийг хүртэл түрээсэлж үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн үеэс хажуу талын лангууг *** гэх эмэгтэй түрээсэлж байсан. *** гэдэг эмэгтэй нь манай лангууны бараа зарагдаад байна, манай лангууны бараа зарагдахгүй байна гээд уурлаад байдаг. Ер нь худалдааны зөвлөх нарыг маань байнга дарамталдаг. Чи юм зарлаа гээд уурлаад байдаг. Би ихэнхдээ худалдагч нарыгаа хүнтэй хэрэлдээд байна гээд халаад байдаг байсан. Сүүлдээ сайн худалдагч нар маань болъё *** гэдэг эмэгтэйтэй байж чадахгүй байна гээд гараад явдаг болсон. *** нь янз бүрийн юм шатаагаад асаагаад байдаг. Би хааяа лангуун дээрээ ирдэг бөгөөд манай лангууны дээд тал нь онгорхой байхад дээрээс нь юм шатаагаад цацдаг, архи цацдаг. Би ер нь тэвчээд хариу үйлдэл үзүүлдэггүй. Намайг лангуун дээр ирэхэд *** янз бүрээр нь харааж ерөөгөөд байдаг. *** над руу залгаад хажуугийн лангууны *** гэдэг эмэгтэйд зодуулчихлаа гэж хэлсэн. Над руу нүүр нь битүү цус болчихсон зургаа явуулсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед тархи доргилт, эрүү, хамрын нуруу, үзүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг ба нэгээс дээш удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн 9098 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 90-91/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ын ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 124/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 125/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 123/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 126/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 129/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-н 127/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 130/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** хохиролтой холбоотойгоор нийт 910.007 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч *** шүүхийн шатанд эмчилгээний төлбөр болох 699.457 төгрөг төлсөн байна. Бензиний зардал гэх 210.550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөрдөгчөөс хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон байх боловч энэ хохирлыг гаргуулах боломжгүй байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан Дугаар А/268, А/275 тушаал гарахаас өмнө буюу 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр энэ гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Харин хохирогч ***ийн ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг CD-г хэрэгт хавсаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***ийн хохиролд 699.457 төгрөг төлсөн, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч *** ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ЖАНЧИВНЯМБУУ