Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/814

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        10            15                                    2024/ШЦТ/814                         

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Ц.Цэрэнбалжир

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

насанд хүрээгүй хохирогч ***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 55 минутын орчимд Баянгол дүүрэг 8 дугаар хороо, Чингүнжавын гудамжны баруун урд гэрлэн дохиотой замд Тоёота приус маркийн, ***УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Найм. Замын хөдөлгөөн зохицуулах дохио б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч ***ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн эмчилгээний зардлын 3.230.240 төгрөгийг эрүүл мэндийн сангийн дансанд тушаасан. Мөн шүүхээс тогтоож байгаа хохирлын мөнгө болох 1.200.000 төгрөгийг одоо төлье. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Хохирогчийн унаж явсан унадаг дугуй манай гэрийн тагтан дээр байгаа гэв.

 

          Насанд хүрээгүй хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Миний эгэм хугарсан. Би теннис, усанд сэлэлт, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортоор хичээллэдэг. Гэтэл хичээллэж чадаагүй. Мөн зуны сургалтад хамрагдахад гар сойлттой хэцүү байсан гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Осол болсны дараа, 6 дугаар сарын 8-ны орчимд байх Удвалтай уулзаж хагалгааны зардал 8.800.000 төгрөг болох юм байна гэж хэлтэл тийм мөнгө байхгүй, шүүх цагдаагаар яв гэж хэлсэн. Бид нар хүүхдээ Интермэд эмнэлэгт үзүүлтэл хагалгаанд яаралтай орох шаардлагатай гээд Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хэвтэж хагалгаанд оруулсан. Одоо баримтаар 2.205.000 төгрөг нэхэмжилж байгаагаас Удвалын өгсөн 450.000 төгрөгийг хасаж тооцоход 1.755.000 болж байна. Үүн дотор шатахууны 305.000 төгрөг, унадаг дугуйны үнэ 700.000 төгрөг орсон байгаа. Бид нар унадаг дугуйгаа буцааж авахгүй, авлаа гээд манай хүүхэд дахиж унахгүй. Ирэх оны 6 дугаар сард эгмийн хадаасыг авна гэсэн. Энэ зардал нь 3.000.000 төгрөг болох юм билээ. Тиймээс энэ мөнгийг бас нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч *** “... явган хүний гэрэл улаан асаж байхаар нь хүлээж байгаад ногоон өнгийн гэрэл асахаар нь гарсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Яг хаашаа мөргөсөн гэдийг мэдэхгүй байна. Миний унадаг дугуйнд ямар эвдрэл учирсан талаар мэдэхгүй байна. Миний дугуй хятад улсад үйлдвэрлэсэн, маркийг нь мэдэхгүй. 2023 оны зун 980.000 төгрөгөөр онлайнаар худалдаж авсан. Би дээрээс доошоо уруудаж байхдаа явган хүний замаар явж унадаг дугуйтайгаа явган хүний гарцаар дугуйгаа унаад явж байсан. Одоо биеийн байдал хааяа дотор муухайрна, гар хавантай, эгмийн хугарал гэсэн оношоор хагалгаанд орсон. Эмчилгээний зардал, дугуйны эвдрэл, цагийн ажил хийж байсан цаг тутмын мөнгө гэх мэт зүйлүүдийг нэхэмжилнэ” /хх-н 19-20/ гэж,

иргэний нэхэмжлэгч ***“... Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингүнжавын гудамжны баруун гэрлэн дохиотой замд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг 55 минутын орчимд “Тоёота Приус” маркийн ***УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “унадаг дугуй”-тай зорчигчийг мөргөж, ***ын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас явган зорчигч хохирогч ***ын эмчилгээний зардалд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.230.240 төгрөг зарцуулсан тул яллагдагч ***аас дээрх мөнгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дансанд төлүүлж өгнө үү” /хх-н 73-74/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***ын биед зүүн эгмийн далд хугарал, зүүн эгэмд цус хуралт, хоёр тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 7511 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 26-27/

 

Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 2-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 53/, 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 1253 дугаартай Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогцолмонгийн магадалгаа /хх-н 43/, жолооч ***ын согтууруулах ундаа хэрэглэсэн (0.00%) эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл унадаг дугуйтай зорчигч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1253 дугаартай магадалгаанд “Унадаг дугуй унаж явсан *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. /хх-н 43/

Гэвч дээрх байдал нь шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ***ын хохиролд 450.000 төгрөг (мөн өнөөдрийн шүүх хуралдааны явцад хохиролд 1.200.000 төгрөг төлсөн) төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардал болох 3.230.240 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 134/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 38/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 42/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 40/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 37/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Насанд хүрээгүй хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч ***ээс нэхэмжилсэн хохирол, эмчилгээний зардалтай холбоотой 1.200.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад, мөрдөн шалгах ажиллагааны явцад 450.000 төгрөгийг шүүгдэгч *** төлж барагдуулсан болно.

 

Хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн гуравдугаар зэрэглэл гэж мөрдөгч тогтоосон байх бөгөөд /хх-н 30/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн нэхэмжилж буй шатахууны зардал 305.000 төгрөг, унадаг дугуйны үнэ гэх 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Насанд хүрээгүй хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

  1. *** “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/  төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “торгох” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг,

хохирогч ***ын эмчилгээний зардалд нийт 1.650.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нийт 3.230.240 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас насанд хүрээгүй хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 8.580.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ***т олгосугай.

 

8. Насанд хүрээгүй хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ