Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/01373

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2017/01373

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Д.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.М хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.10.03-ны өдөр автобус угаагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл 2017.05.01-ны өдөр ажлаас халсан 31 тоот тушаалыг өгөөд ажлаас халагдлаа гэсэн. Яагаад ажлаас халагдаж байгаа тухай асуухаар автобус угаахаас гадна оффисын өрөө цэвэрлэсэнгүй гээд загнаад хална гэсэн.

Миний бие бямба гаригт ирээд цэвэрлэсэн бөгөөд ням гаригт ганцхан удаа угаах автобус байхгүй юм чинь гээд ирээгүй болохоос хий гэсэн болгоныг нь хийдэг. Тэгээд миний хийх ажлын жагсаалтад оффис цэвэрлэх гэж байхгүй бөгөөд оффисын цэвэрлэгч 3 сараас хойш байхгүй байгаа хүний ажил хийснээс болоод өнөөдөр халагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнийг байхгүй хугацаанд ажлыг нь хийхдээ ямар нэгэн нэмэгдэл хөлс авдаггүй байсан болно.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шаардлага гаргасан.

 

Одоо би 6 сартай жирэмсэн учраас ажилдаа эргэж ормоор байна. Тийм болохоор ажилгүй байсан хугацаатай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанид шалгагч автобус угаагчаар ажиллаж байсан Энхбаатарын Н-г Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалтыг үндэслэн Захирлын 2017 оны 05-р сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн юм.

Манай компани нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд үйлчилгээнд ажилладаг автобуснуудыг тогтмол цэвэр байлгах үүднээс автобус угаагч нар ажиллуулдаг юм. Шалгагч-автобус угаагч нар шугамын үйлчилгээнд шалгагчаар ажиллаад хуваарьтай 4-5 автобусыг хариуцан угааж цэвэрлэдэг ба хуваарьтай автобус нь ажилд гараагүй зогсож байгаа үед л автобусаа угааж цэвэрлэдэг. Мөн орой шугамаас буусан автобуснуудыг шалгагч-автобус угаагч нар ээлжээр цэвэрлэдэг бөгөөд Э.Нандинцэцэг, Б.Саруул нарыг энэ ажпаас чөлөөлж цэвэрлэгч чөлөөтэй байсан учраас оффис цэвэрлэх ажил хуваарилж хийлгэж байсан юм. Манай оффис нь цөөн өрөөтэй бөгөөд цэвэрлэхэд их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардагдахгүй юм.

Э.Ннь автобус болон оффисийг шаардлага хангах хэмжээнд угаадаггүй, ажлыг нь шууд хариуцдаг, шалгадаг тээвэр зохицуулагч, шалгах механикч нарын үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, шаардлага тавихад элдвээр хэлж эсэргүүцдэг, бие өвдлөө, хүүхэд өвдлөө гэх шалтгаанаар байнга ажил хийдүүлж, араас нь утсаар болон хүнээр дуудуулах зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж компаний удирдлагын зүгээс хэд хэдэн удаа анхааруулж байсан бөгөөд Захирлын 2017 оны 02-р сарын 24-ны өдрийн 15 тоот тушаалаар цалинг 1 cap 20 хувь бууруулах арга хэмжээ авсан боловч байдал өөрчлөгдөөгүй учраас ажлаас чөлөөлсөн юм.

Э.Ннь нэхэмжлэлдээ ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй, тушаал өгөөд л халчихсан гэсэн нь худал бөгөөд компаний захиргааны хуралд өөрийг нь Б.С-н хамт оролцуулж хурлаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж дараа нь ажпаас халагдах тушаал гарсан юм. Иймд Э.Н-н нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Н-н нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох тус компанийн шалгагч, автобус угаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, уг ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М ХХК ажилтан Э.Нсахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч Э.Н-н ажилгүй байсан хугацаатай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдуулан үүсгэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Н-н шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч Э.Ннь ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацаанд шүүхэд гаргасан гэж үзэхээр байна.

Талуудаас хариуцагч М ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 118 тоот тушаалаар Э.Н-г автобус угаагчаар томилж, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар шалгагч, автобус угаагчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхэд хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Э.Н-г шалгагч автобус угаагчаар томилсон тушаалыг шүүхэд ирүүлээгүй боловч 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр шалгагч автобус угаагчиийн ажилд ажиллууллахаар тохиролцсон байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар шалгагч, автобус угаагчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон баримтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Э.Н-г шалгагч автобус угаагчаар ажиллаж байсанд хариуцагч маргаагүй болно.

Хариуцагч М ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот тушаалаар шалгагч, автобус угаагчийн ажлаас Э.Н-г чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаагаа дурдаагүй байгаа нь уг тушаал ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хариуцагч М ХХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 15 тоот тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан ...Э.Н-г 1 сарын хугацаатай цалинг 20%иар бууруулах арга хэмжээ авагдсны дараа сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан.

Мөн хариуцагч М ХХК нь ажилтан Э.Ннь захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан боловч байдал өөрчлөгдөөгүй автобус болон компанийн ажлын байрыг шаардлага хангах хэмжээнд угаадаггүй, ажлыг нь шууд хариуцдаг, шалгадаг тээвэр зохицуулагч, шалгах механикч нарын үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, шаардлага тавихад элдвээр хэлж эсэргүүцдэг, бие өвдлөө, хүүхэд өвдлөө гэх шалтгаанаар байнга ажил хийдүүлж, араас нь утсаар болон хүнээр дуудуулах зэрэг алдаа дутагдал гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч Э.Нтүүнийг үгүйсгэсэн бөгөөд хариуцагч баримтаар нотлоогүй.

Дээрх тайлбараар ажилтан Э.Н-г сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн М ХХК-д Э.Ннь шалгагч, автобус угаагчаар ажиллаж байсан бөгөөд ажил олгогч цэвэрлэгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр гаргасан шийдвэр байхгүй, тухайн ажилд ажиллуулахаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ажил олгогч ...ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй тул нэхэмжлэгч Э.Н-г компанийн албан тасалгааны цэвэрлэгээг хийгээгүй үндэслэлээр ажлаас халсан нь буруу байна.

Иймд ажилтны шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Н-г М ХХК-ийн шалгагч, автобус угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Ншүүх хуралдаанд 6 сартай жирэмсэн гэх боловч энэ талаар баримт ирүүлээгүй.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Т.О, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Д.Г нарт хариуцагч М ХХК төлөөлүүлэх эрхээ олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Н-г М ХХК-ийн шалгагч, автобус угаагчийн ажилд эгүүлэн томилсугай.

 

2. Э.Нажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор М ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Э.Н-н нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг М ХХК-д үүрэг болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Э.Нулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.САЙХАНЦЭЦЭГ