| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0827/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/846 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/846
2024 10 28 2024/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Энэрэл
шүүгдэгч ***
хохирогч ***гийн өмгөөлөгч Э.Шинэзориг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ****
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Нийтийн караокены гадна бусадтай маргалдсан уурандаа хохирогч ***гийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хоншоор ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Цагдаад өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа. Хүнийг зодож хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Мягмарсүрэнд нийт 5 сая төгрөг өгсөн. Би барилга дээр барилгын туслах ажилтнаар ажилладаг. Сард 2 сая орчим төгрөгийн цалин авдаг. Намайг уучлаарай, би дахиж ийм алдаа гаргахгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 02 цагаас 02 цаг 30 минутын үед хорооллын эцсийн караокед найз Шинэсолонго, Бат-Эрдэнэ нарын хамт орсон. Харих гээд гарах үед үүдэнд улбар шар өнгийн цамцтай, хар өмдтэй 30 орчим насны залуу цаашаа хараад бусадтай муудалцаад согтуу агсарч байснаа гэнэт эргэж хараад баруун гараа зангидаж байгаад миний зүүн хацар хэсэг рүү 1 удаа цохисон. Би тухайн үед ухаан алдаж унаад хамраас цус гарсан. Нүүрний зүүн хэсэг хавдсан, ам дотор хэсэг язарсан. Намайг гарах үед тэр залуу хэн нэгэнтэй маргалдаж зодолдож зууралдсан зүйл байгаагүй. Ганцаараа зогсож байгаад шууд эргэж хараад миний зүүн хацар руу нэг удаа маш хүчтэй цохисон. Би өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй. Өөрт учирсан эмчилгээний зардлыг л гаргуулах хүсэлтэй байна” /хх-н 6, 11/ гэж,
гэрч *** “... бид хоёр тэр өдөр нагац дүү Чинчулуунтай хамт хорооллын эцсийн И-мартын хойд талд нэг караокед орж суусан. Тэндээ 3-4 пиво уучихаад гарсан. Гараад тэр хавьд явж байсан чинь Чинчулуун нилээн их согтчихсон байсан. Тэгээд Чинчулуун нэг танихгүй залуутай маргалдаад байхаар нь би очоод салгаад болиултал тэр залуу яваад өгсөн. Гэтэл тэнд явж байсан нэг эмэгтэйг Чинчулуун нь 1 удаа баруун гараараа тэр эмэгтэйн зүүн шанаа хэсэгт нь хүчтэй цохисон чинь тэр эмэгтэй ухаан алдаад уначихаад удалгүй сэрсэн. Бид хоёр тэр эмэгтэйг сэрээгээд хамт Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн” /хх-н 21-22/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” /хх-н 41-42/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “… ***гийн биед хоншоор ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 10918 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 30/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд: (эхнэр, 11 сартай нярай хүүхдийн хамтаар амьдарч байгаа гэх байдал), анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.
Харин шүүгдэгч *** нь цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 48/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 49-50/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 51/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 52/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой 185.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч шүүгдэгч *** нийт 5.000.000 төгрөгийг хохирогчид өгчээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Энэрэл “... шүүгдэгч ***д 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” санал гаргасныг,
хохирогч ***гийн өмгөөлөгч Э.Шинэзориг “... цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг тус тус хүлээж авах шаардлагагүй гэж шүүх үзэв.
Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр заасан нь “... 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” улсын яллагчийн саналтай дүйцнэ.
Мөн хохирогчийн эмчилгээний зардалд гэж нотлох баримтгүйгээр нийт 5 сая төгрөгийг шүүгдэгч төлсөн байх ба хохирогч *** “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Хохирогч ***гийн эмчилгээний зардалд гэж шүүгдэгч *** 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ