Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 140

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Ж.Жүгдэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Жамаагийн Жүгдэрт холбогдох эрүүгийн 201726030617 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1954 оны 3 дугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Гацааны арын 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, 1972 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1975 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Жамаагийн Жүгдэр /РД:ШЕ54032577/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Жүгдэр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат үйлдвэрийн газрын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах уулын энгэрт 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр н.Сарангэрэл, н.Сүхбаатар, Д.Дуламсүрэн нартай архидан согтуурч байх үедээ иргэн Д.Дуламсүрэнг “зээлсэн мөнгөө нэхлээ, арчаагүй архичин гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Жүгдэр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат үйлдвэрийн газрын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах уулын энгэрт 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр н.Сарангэрэл, н.Сүхбаатар, Д.Дуламсүрэн нартай архидан согтуурч байх үедээ иргэн Д.Дуламсүрэнг “зээлсэн мөнгөө нэхлээ, арчаагүй архичин гэж хэллээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.Жүгдэрийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Миний буруутай үйлдлээс болсон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй...Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...Би цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/         

            2. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/

            3. Хохирогч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Биокомбинатад байдаг хогийн цэгрүү алхаад явж байтал хогийн цэгээс арай наана уулын энгэрт зүс таних Сүхбаатар, Жүгдэр, Сүхбаатарын эхнэр Сарангэрэл нар дуудахаар нь очоогүй, тэгтэл дахиад дуудаад байхаар нь яваад очтол тэр гурав архи уугаад сууж байсан. Тэгээд намайг хамт суугаач гэхээр нь би тэр гуравтай хамт суугаад нөгөө гурав ч надаа...архинаасаа хийж өгөөд хоёр хундага архи уусан. Ингээд хийж өгсөн архинаас нь уучихаад тэд нарыг мөнгөтэй юм байна гэж бодоод Жүгдэрээс чи надаас зээлсэн мөнгөө өгөх боломжтой байна уу гэхэд надад мөнгө байхгүй, өгч чадахгүй гэхээр нь чи авч чадсан юм чинь яахаараа өгч чаддаггүй юм арчаагүй гуйлгачин гэж уурандаа хэлчихсэн. Тэгтэл Жүгдэр босож ирээд миний нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгэхээр нь гараараа нүүрээ дартал миний гарлуу дахиад өшиглөсөн. Тэгээд алуулах юм байна гэж бодоод шууд гэртээ харьсан. Тэгтэл хүүхдүүд намайг харчихаад цагдаагийн газар өргөдөл өгөх хэрэгтэй гээд намайг дагуулж яваад цагдаагийн газар өргөдөл өгүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            4. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6103/-ний дүгнэлт:

                        -Д.Дуламсүрэнгийн биед зүүн шанаа, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24/

            5. Сэжигтэн Ж.Жүгдэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Биокомбинат үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун талд нь байх уулын энгэрт зүс таних Сүхбаатар, Сарангэрэл бид гурав архи ууж байсан юм. Бид гуравыг архи ууж байх үед зүс таних Д.Дуламсүрэн ирээд бид гуравтай хамт архи уусан. Ингээд архи уугаад сууж байтал Сүхбаатар, Сарангэрэл хоёр архи дуусангуут яваад өгсөн. Д.Дуламсүрэн бид хоёр үлдээд юм ярьж байтал Д.Дуламсүрэн надад зээлүүлсэн 50.000 төгрөгөө нэхээд байхаар нь би удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгтэл уурлаад намайг арчаагүй архичин, гуйлгачин гээд миний зүүн мөрлүү цохьсон. Тэгэхээр нь би уурлаж босож ирээд Д.Дуламсүрэнг сууж байхад нь нүүрэн тус газар нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Д.Дуламсүрэн газар уначихсан би гарлуу нь нэг өшиглөөд тэнд орхиод гэртээ хариад унтаад өгсөн. Надаас мөнгө нөхөөд арчаагүй гуйлгачин гэх зэргээр харааж ерөөгөөд байхаар нь уурандаа нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Жүгдэр нь 1972 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1975 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шалгах хуудас /хх-ийн 41/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлд зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6103/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Жүгдэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан /эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Д.Дуламсүрэн нь шүүгдэгч Ж.Жүгдэртэй сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 59, 60/ байх тул Ж.Жүгдэрт холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Жүгдэрт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Жамаагийн Жүгдэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигин овогт Жамаагийн Жүгдэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ж.Жүгдэрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Ж.Жүгдэрт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Жүгдэрт таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР