Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0659

 

                          

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.С*************

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хоорондын мөнгөн урамшил олгохгүй байгаа эс үйлдэхүйн талаар гаргасан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С*************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н************, Э.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М***********      нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.С************* нь Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшил олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч уг асуудлаар 2018 он, 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан өргөдөл гаргасан байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5б/2720, 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 5б/1851 дугаар албан бичгүүдээр “мөнгөн урамшил олгоход өмнөх хугацааг тогтоох талаар зохицуулалт байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч Т.С*************, түүний өмгөөлөгч П.Б******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.С************* нь 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хэв журмын цагдаагаар ажилд орж, ажиллах хугацаандаа Цагдаагийн академид суралцан төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт замын байцаагчаар томилогдсон. Дээрх томилгооны дагуу ажлаа хүлээн авахаар очиход Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга нь намайг тус аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат сум хариуцсан замын байцаагчаар ажиллуулахаар хуваарилсан. Цагдаагийн газрын даргын томилсон суманд ажиллаж байгаад 2012 оны 5 дугаар сараас Аймгийн цагдаагийн газрын даргын үүрэг болгосноор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сум хариуцсан байцаагчаар 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл ажилласан. Аймгийн төвөөс бусад суманд 2004 оноос 2015 он хүртэл 11 жил ажиллажээ. Аймгийн цагдаагийн газрын дарга алба хаагч нарыг суманд ажиллуулахаар томилохдоо тушаал гаргадаггүй, ажлын ачаалал, алба хаагч нарын ажлын туршлагыг харгалзан өөрийн эрхийн хүрээнд томилон (хуваарилан) ажиллуулдаг байсан учир Цагдаагийн албаны тухай хуульд заасан аймгийн төвөөс бусад суманд ажилласан хугацааг нотолж чадахгүй, хуульд заасан урамшууллыг авч чадаагүй юм. Иймд миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 600 дугаартай шийдвэрээр 2009 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд замын байцаагчаар ажиллаж байсныг тогтоолгосон.

Улсын Их Хурлаас 2013 онд баталж 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн "Цагдаагийн албаны тухай хууль" -ийн 39 дүгээ зүйлийн 39.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгоно" гэж заасан, мөн энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд ...урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг хангахаар Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан "Цагдаагийн алба хаагчид оруулан тооцож 2015 оноос олгохоор заасан байна. Мөн энэ хуулийн хэрэгжилтийг мөнгөн урамшил олгох журам"-ын хоёр дахь заалтад " ... нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа урамшил авах эрхтэй " гэж заасан байдаг. Мөн 2017 онд шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ын 14 дүгээр зүйлд Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй" гэж заажээ. Цагдаагийн албаны хууль, түүний хэрэгжилтийг зохицуулахаар Монгол улсын Засгийн газраас гаргасан журмуудаар миний бие мөнгөн урамшлыг авах эрхтэй байна. Гэтэл мөнгөн урамшил авахаар Цагдаагийн ерөнхий газарт хандахад мөнгөн урамшлыг хэрхэн олгох талаар зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өглөө. Уг хариуг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хүлээн авснаар энэхүү нэхэмжлэлийг гаргав. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “... Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгоно" гэсэн заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газраас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд ажилласан хугацааны мөнгөн урамшил олгохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н************, Э.Б********** нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд Хотгойд овогт Т***** овогтой С*******-г 2009 оны 01 дүгээр сарын 01 –ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд замын байцаагчаар ажиллаж байсан хугацааны мөнгөн урамшуулал олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах гэж дурджээ. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталж , 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт "Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална." гэж зохицуулсан бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор баталж олгож байсан. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталж, мөрдсөн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд "Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно." гэж нарийвчлан зааж өгсөн байсан. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хуулиар 2014 оны дээрх хуулиудыг хүчингүй болсонд тооцсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил олгох зохицуулалт байгаа боловч, энэ хууль батлагдахаас өмнө буюу нэхэмжлэлд дурдсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл суманд ажилласан хугацааг нөхөн тооцож, мөнгөн урамшуулал олгох зохицуулалт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Иргэн Т.С*************-ийн нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаар 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдаж, 38 дугаар зүйлд “Цагдаагийн алба хаагчид үзүүлэх тусламж, хөнгөлөлт” гэсэн хэсэгт мөнгөн урамшлын асуудал тусгагдаагүй байна.

            3. Харин 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.” гэсэн нэмэгдэл баталгааг хууль тогтоогчоос шинээр тусгасан бөгөөд хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /2014 оны/ 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно.” гэж зааж өгчээ

            4. Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлагдаж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт  “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.” гэж өмнөх хуульд тусгасан агуулга өөрчлөлтгүйгээр орсон байна.

            5. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаагүй учир мөнгөн урамшил олгоход өмнөх хугацааг хэрхэн тогтоох талаар зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр урамшлыг олгохоос татгалзсан нь илт хууль бус байна.

            7. Учир нь Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь өмнө нь байгаагүй харилцааг зохицуулах зорилгоор гардаг бөгөөд нэгэнт өмнөх хуульд тусгагдсан байсан, үргэлжлэн хэрэгжих харилцаанд дагаж мөрдөх журмын тухай хууль байх шаардлагагүй бөгөөд хуулийг шууд хэрэгжүүлэн ажиллана.

            8. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн /2014 оны/ 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно.” гэж зааснаас үзвэл үүнээс хойш хугацаанд тасралтгүй 60 сар ажилласан бол урамшлыг олгохоор зохицуулж өгчээ.

            9. Хууль тогтоогчоос дээрх хуулийн заалтыг оруулсан нь сумдад цагдаагийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой байх бөгөөд 2014 оноос хойш хугацаанд тасралтгүй 5 жил аймгаас бусад сумдад ажилласан цагдаагийн алба хаагч нарт олгохоор байна.

10. Цагдаагийн албаны тухай хуулийн /2017 оны/ 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.” гэсэн хуулийн хэсэг нь 1 дүгээрт аймгийн төвөөс бусад суманд ажилласан байх, 2 дугаарт тасралтгүй ажилласан байх гэсэн 2 хуулийн шаардлага тавигджээ.

            11. Нэхэмжлэгч Т.С*************-ийн тухайд 2009 оны 1 дүгээр сарын 1-ээс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар, Дулаанхаан, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг суманд замын байцаагчаар тасралтгүй 6 жил 4 сар 28 хоног ажилласан болохыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр тогтоосон, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй” байхад Цагдаагийн ерөнхий газрын дарга дээрх урамшлыг олгохоос татгалзсан нь илт хууль бус байна.

            12. Шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэрийг илт хууль бус гэж үзсэн тул “хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 14.5 дахь хэсэгт зааснаар илт хууль бус актад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

            13. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс аймгийн төвөөс бусад суманд ажиллуулах шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын дарга гаргадаг, Т.С*************-г Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга сумдад ажиллуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын эрх хэмжээнд халдсан гэж тайлбарлаж байх боловч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын шийдвэрээр сумдад ажилласан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, даргын буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид урамшил олгохоос татгалзах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчаас татгалзсан шийдвэртээ энэ үндэслэлийг дурдаагүй боловч хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс шүүхээс дүгнэлт өгсөн болно.

            14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “эс үйлдэхүй” гэж маргаж байх боловч албан бичгээр хариу өгсөн байх тул энэ нь татгалзсан шийдвэрт хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй, илт хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн төвөөс бусад суманд 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан Т.С*************-д 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгохоос татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгаж шүүх шийдвэрлэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Цагдаагийн албаны тухай хуулийн /2017 оны/ 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн төвөөс бусад суманд 2009 оны 1 дүгээр сарын 1-ээс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан Т.С*************-д 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгохоос татгалзсан Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, Т.С*************-д олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ