Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0076

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Шүүгдэгч                                                       Ц.Т

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С

               Нарийн бичгийн дарга                             О.М нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Тд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Тгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-н Т.

 

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 6-15 дугаар байрны гадна байх машины зогсоол дээрээс иргэн Б.М-н 65-95 ОРХ улсын дугаартай “Hyundai sonata-7” загварын 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Ц-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Т нь оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 90.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдолдоо:

 

... Миний хувьд хохирогч гэх М-т түүний гуйснаар 2019 оны 05 дугаар сарын 28-нд хүүхдийн хадгаламжаа барьцаалан Хаан банкнаас 4.000.000 төгрөг зээлж өгсөн. Түүнтэй ямар нэг хүү тохироогүй. Учир нь М яаралтай 4.000.000 төгрөг зээлээч 2019 оны 06 сард эргүүлээд өгнө, дүү хил гааль дээр машины татвар төлөх мөнгө хэрэгтэй болчихоод байна, тус болооч хашаа байшингаа зарж байгаа, хүн авахаар болсон гэсэн. Мөн машинаа чамд үлдээсэн ч болно /барьцаа маягаар/ гэхэд нь итгээд банкнаас 4.000.000 төгрөг зээлж, түүнд өгсөн. Хэлсэн тохирсон хугацаа болж мөнгөө эргүүлж өгөхийг шаардахад байхгүй, хөдөө явсан гэж ээжээрээ хэлүүлээд өөрөө гэртээ ирж надтай таарсан. Сүүлдээ уурлаад юун сүртэй юм бэ, ... хоосон хүнээс юуг нь авдаг юм бэ, мөн хадам ээжид өгсөн гэх зэргээр уурлаж, сүүлдээ хадам ээж нь болох 6-15-р байранд нөхөр болох Н гэгч хамт очоод гадаадаас 60.000.000 төгрөг одоо орж ирэх гэж байгаа гэж ээж нь хэлсэн. Ингээд хэлж яриад байгаа нь зөрж, худал санагдаж дахин дахин гэр рүү нь явж мөнгөө шаардсаны төлөө хэл амаар дайруулахгүйн тулд, өөрт нь мөн хадам ээж болох хүн, нөхөр гэх хамтран амьдрагч гурвын нүдэн дээр шууд хэлээд мөнгөө төлөөд аваарай гээд машины түлхүүрийг нь авсан.

Тухайн тэр мөнгөнд машины түлхүүр өг, машинаа өгөхгүй гэж үл зөвшөөрсөн байдал илэрхийлсэн. Ингээд бид буюу М, би хамтран амьдрагч бид гурав цуг гэрээс нь гараад бид машин дээр нь очоод М хамтран амьдрагчтайгаа өөр зүг рүү явсан. Ингээд би машиныг нь хадгалж, айлын хашаанд аваачиж тавьсан.

Гэтэл намайг зөвшөөрөлгүй авто машин авсан гэж буруутгаж шийтгэлээ. М-н хүсэлтээр уг машиныг хураан авч түүнд тэр өдрөө хүлээлгэн өгсөн.

Миний бие эрхэлсэн ажилгүй, ганц нөхрийн цалингаар ам бүл 4 амьдардаг.

Зөвшөөрөлгүй авч явсан гэдгийг эзэн нь өөрөө үйлдлээрээ зөвшөөрөөд зээлсэн мөнгөнийхөө оронд өгч байгаа шүү дээ. Иймд намайг гэмт хэрэг үйлдсэн гээд 450.000 төгрөгөөр торгосныг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг хянан үзлээ.

          

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 6-15 дугаар байрны гадна байх машины зогсоол дээрээс иргэн Б.М-н 65-95 ОРХ улсын дугаартай “Hyundai sonata-7” загварын 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

  Анхан шатны шүүх Шүүгдэгч Б овгийн Ц-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Тд холбогдох хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Б.М-н ...Надад мөнгөний хэрэг болоод  2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Т-р хадгаламж барьцаалсан зээл авахуулж 4 сая төгрөгийг 2019 оны 6 сарын 10-ны өдөр буцааж өгөхөөр зээлж авсан. Хугацаандаа мөнгийг нь өгч чадаагүй учраас Т манай гэрт  ирж надтай хэрэлдэж  байгаад хадам ээжийнх рүү цуг явсан... Т  ширээн дээр байсан машины түлхүүрийг аваад мөнгөө өгч байж аваарай гэж хэлээд өгөхгүй байсан. Хамт гараад би буцаж орж ирсэн... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Г.Т-н ...Т бид хоёр хуурай эгч дүүсийн харилцаатай хүмүүс юм. Т надад хүнд мөнгө зээлсэн чинь мөнгөө өгдөггүй машиныг нь аваад ирлээ гээд манай хашаанд  машиныг авчирч тавихдаа хэд хоногоос мөнгөө өгнө гэсэн тэгээд машинаа авна гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Ц.Тгийн ...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.М гэдэг найздаа мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь хүүхдийнхээ хадгаламж барьцаалж өөрийн нэр дээр зээл авч  мөнгийг нь зээлдүүлсэн. Уг мөнгөний банкны хүүг  би төлөөд дахин сунгалт хийлгэсэн. М хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь би машиныг нь барьцаанд авч мөнгөө төлүүлэх арга хэмжээ авсан. Машиныг нь айлын хашаанд хадгалсан байгаа. Мөнгөө төлөхөөр нь бүрэн бүтэн хүлээлгэж өгнө... гэсэн мэдүүлэг

 

Гэрч Ц.Н-н... 2019 оны 06 дугаар сард манай эхнэр М Т хоёр гаднаас хэрэлдэж орж ирээд гэрт хэрэлдэж байгаад Т нь ширээн дээр байсан эхнэрийн машины түлхүүрийг шүүрч аваад гараад явсан. Хүн дуудаж бариулаад машиныг барьцаа болгоод аваад явсан юм.... гэсэн мэдүүлэг

 

Яллагдагч Ц.Тгоос “Соната-7” маркийн 65-95 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь найз Б.М-тээ мөнгөний хэрэг болоод байна гэхэд нь тусалж өөрийнхөө хүүхдийн хадгаламжийг барьцаалж 4 сая төгрөгийн зээл авч өгсөн. Уг мөнгийг Б.М нь хугацаандаа төлөөгүйн улмаас Ц.Т банкны хүүг  төлж хугацааг  сунгуулсан. Зээлсэн 4 сая төгрөгөө төлүүлж авах зорилгоор гэрт нь очиж хэрүүл маргаан хийж байгаад ширээн дээр байсан машины нь түлхүүрийг дур мэдэн авч гарч машиныг айлын хашаанд аваачиж тавьсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Тгийн зээлсэн мөнгөө төлүүлж авах гэсэн зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Б.М-н эзэмшлийн “Соната 7” маркийн 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй 6595 ОРХ улсын дугаартай автомашиныг байрны гадна байсан машины зогсоол дээрээс авч явсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг хангахгүй байна.

 

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхитэй үйлдэл байдаг боловч шүүгдэгч Ц.Т ширээн дээр байсан Б.М-н машины түлхүүрийг авахдаа мөнгөө өгөөд машинаа аваарай, чи миний мөнгийг аваад өгөхгүй байгаа юм чинь би чиний машины түлхүүрийг өгөхгүй гээд түлхүүрийг ширээн дээрээс авч хохирогч болон түүний нөхөртэй хамт гэрээс гарч машин дээр нь цуг очсон зэргээс дүгнэн үзэхэд  бусдын өмчлөх эрхэд зориуд санаатай халдах гэсэн санаа зорилгогүй, зээлсэн мөнгөө буцааж авахын тулд дураараа аашилж бусдын эд хөрөнгөд халдсан байна гэж дүгнэх үндэслэлтэй юм.

 

          Тухайлбал: Шүүгдэгчийн хохирогчийн машиныг  зөвшөөрөлгүйгээр авч явсан  үйлдэл нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн санаа зорилго, түр унах, дүрсгүйтэх, хорхойсох, зугтаах, оргох зэрэг өөр бусад зорилгогүй зөвхөн зээлсэн мөнгөө төлүүлж авах гэсэн зорилгоор машиныг барьцаалж авч явсан, уг машиныг бүрэн бүтэн айлын хашаанд аваачиж хадгалж байгаад эзэнд нь хүлээлгэж өгчээ.

 

Өөрөөр хэлбэл Ц.Тгийн  өөртөө ашигтай байдал бий болгохын тулд  Б.М-н өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар зөвшөөрөлгүйгээр барьцаалан авч явсан үйлдлийн санаа зорилго сэдэлт нь урьдаас үүсч тээврийн хэрэгслийн дохиолол, цоож зэргийг хууль бусаар эвдэхээр төлөвлөж нэвтэрсэн үйлдэл тогтоогдоогүй ба өөрийнхөө зээлдүүлсэн мөнгө төгрөгийг төлүүлж авахын тулд Б.М-тэй хэрэлдэн маргалдах явцдаа машины түлхүүрийг илээр авч  хүнээр машиныг нь бариулж айлын хашаанд аваачиж тавьж  өөрт олгогдоогүй эрхийг эдлэн дураараа аашилсан шинж бүхий үйлдэл байх ба энэ дураараа аашилсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон болно.

 

Шүүгдэгч Ц.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.7 дугаар зүйлийн 1.д заасан  автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй байх шинж буюу субъетив хүчин зүйл болох гэм буруугийн  байдал, гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилгыг агуулаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Тг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэж, түүний давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч Ц.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Ц.Тд холбогдох хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

           3. Шүүгдэгч Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Тгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               З.ХОСБАЯР

              ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                            С.ЦЭЦЭГМАА