| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0829/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/848 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/848
2024 10 28 2024/ШЦТ/848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Э.Билгүүн
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Хархорин” худалдааны төвийн 5 дугаар давхрын 17 тоот лангуун дээрээс хохирогч *** өмчлөлийн “Самсунг А-53” маркийн гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 764.700 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Цагдаад мэдүүлгээ өгсөн тул дахин ярихгүй. Хохирогчийн гар утас лангуун дээр нь ил байсныг авсан. Гэхдээ хулгайлах гэмт хэрэг болно гэдгийг ойлгож байна. Энэ хэргийн талаар надаас цагдаа ерөөсөө асуугаагүй болохоор би тэгж байгаад мартчихсан. Тийм болохоор Чингэлтэй шүүхээр орохдоо огт хэлээгүй. Хохирогчийн гар утсыг 300.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Хохирлыг нь мөнгөөр төлж барагдуулсан. Намайг уучлаарай, би дахиж ийм зүйл хийхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хархорин худалдааны төвийн 5 давхрын 17 тоот, өөрийн ажиллуулдаг лангуун дээрээ байж байтал 11 цаг 25 минутанд 20-25 орчим насны үл таних эмэгтэй хүн ирээд хувцас авахаар өмсөж үзэж байгаад тухайн хувцсаа авахаа болилоо гэж хэлээд гараад явсан. Тухайн хүнийг явсны дараагаар би гар утсаа хайгаад олоогүй. Хэсэг хугацааны дараа хяналтын камер шалгаж үзтэл тухайн эмэгтэй хүн лангуунаас гарч явах үедээ лангуун дээр байсан миний эзэмшлийн Самсунг А 53 загварын, усан цэнхэр өнгийн гар утсыг аваад гарч байсан. 145-150 орчим өндөртэй, мөрөө давсан урт үстэй, майга хөлтэй, дугуй царайтай охин байсан. Цагдаад гомдол гаргачихаад төрсөн дүүдээ алдсан гар утас дээр бүртгэлтэй байсан дтаП кодыг өгсөн. Дүү миний дтаП кодыг өөрийнхөө утсан дээр хийж байгаад дтаП кодоор миний алдсан гар утастай холбогдоод байршлийг нь хартал Баянгол дүүргийн Дүүхээ худалдааны орчим миний гар утасны байршил заасан. Би нөхрийн хамт байршил заасан газрын ойр орчимд миний гар утас авсан гэх охины бичлэг үзүүлээд явж байтал Дүүхээ төвийн 2 дугаар давхарт гар утас засвар, сэлбэг зардаг залуу энэ охин над дээр ирээд гар утасны код тайлуулах гэсэн юм, би тайлж чадахгүй гэж хэлсэн чинь сэлбэгт авах уу гэж асуусан, би хэдэд өгөх юм гэж асуухад үнэтэй хэлсэн тэгээд би аваагүй гэж хэлсэн. Би өөрт байгаа бичлэгээ үзүүлтэл гар утас, сэлбэг зардаг залуу тэр охиныг таньж байсан. Мөн би тухайн залуугийн лангуун дээр байх бичлэг үзэхэд нөгөө охин дүрээрээ байсан” /хх-н 18-19, 80-82/ гэж,
гэрч ***“... би тухайн охиныг танина. 1 дүгээр курст нэг анги байсан. Энэ жил хичээл сонголтоор анги салсан. Ер нь бол манай ангид надтай хамт сурдаг Ариунжаргал гэдэг охин мөн байна. 160 см орчим өндөртэй, дал хүрсэн, урт шулуун хар өнгийн шингэн намирсан үстэй, давхраатай жижиг нүдтэй, бага зэрэг майга хөлтэй охин байдаг. Хичээлээ үе үе таслаад байдаг. Хичээлээ таслахаар цагаар биш 1 өдөр юм уу, 2 өдрөөр тасалдаг байсан. Би хамгийн сүүлд 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр лекц дээр сууж байхыг нь харсан” /хх-н 55-57/ гэж,
гэрч *** “... тухайн өдөр бүтэн сайн буюу амралтын өдөр таарч байсан учир гэртээ байсан. Оюутан хамруулсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй” /хх-н 58-59/ гэж,
гэрч *** “... тухайн өдөр амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Хичээл ороогүй. Амралтын өдөр байсан учир гэртээ байсан. Оюутан хамруулсан ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй” /хх-н 38-39/ гэж,
гэрч *** “... 2 дахь бичлэг дээр үзүүлсэн хар өнгийн куртик, хоёр талдаа мөрөвчтэй цүнх үүрсэн хар өнгийн малгайтай цамцтай эмэгтэй манай найз Ариунжаргал мөн байна. Бүтэн сайн өдөр бол ямар нэгэн нэгдсэн арга хэмжээ бол болоогүй” /хх-н 71-72/ гэж,
гэрч *** “... бичлэгт гарч байгаа хүн би мөн. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байтал бичлэгт гарч буй охин Самсунг А53 загварын усан цэнхэр өнгийн гар утас барьж ирээд энэ утас сэлбэгт авах уу гэж асуусан. Тухайн үед гар утсаа нэлээн үнэтэй хэлж байсан болохоор би авахгүй гэсэн чинь кодын хэдээр гаргах вэ гэж асуусан. Би С-таП аккаунтаа мэддэг бол код тайлахад 10.000 төгрөг, С-таН аккаунтаа мэдэхгүй бол 40.000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн. Надаар кодоо гаргуулахаар өгсөн боловч сериал ассан байсан ба код гаргахгүй гэсэн чинь надаас өөр гаргадаг газар хаана байдаг вэ? гэж асуухаар нь Теди гар утас худалдааны төвийг зааж өгсөн. Тухайн охин явснаас хэдэн цагийн дараа 35-40 орчим насны эхнэр, нөхөр хоёр ирээд утас дээр надад код гаргуулахаар ирсэн охиныг зургийг үзүүлсэн. Тэгээд надаас асууж байгаад тухайн охины араас явах шиг болсон. Миний ойлгосноор тухайн охин тэр эхнэр, нөхөр хоёрын гар утсыг авсан юм шиг байсан” /хх-н 75-77/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... би 2023 оны 4 сарын 23-ны өдөр Хархорин худалдааны төвийн 5 давхарт явж байтал булангийн лангууны наад хэсэгт нэг гар утас байхаар нь авчихсан. Тэгээд маргааш өдөр нь Дүүхээ төвийн 2 давхарт байрлах гар утас сэлбэг хэрэгслийн лангуун дээр аваачиж кодыг нь гаргуулсан. Уг утсыг ТБД андуудын ойролцоо явж байгаад хувь хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” /хх-н 95-96/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Түүнчлэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 32-35/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 43-48/, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн БГ2-23-836 дугаартай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-н 20-22/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал үүнд: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 105/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 106/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 104/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 108/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 111-113/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч *** нь хохирогчид 815.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч *** сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэжээ.
Нөгөөтээгүүр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг гаргуулах хуулийн зохицуулалт үйлчлэхээс өмнө энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ