Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/00171

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 142/ШЗ2017/00171

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.С

            Хариуцагч: Д.О

            Хариуцагч: М.С

            475 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , хариуцагч М.С , Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМ.С нь Ж.С надаас итгэлцлээр 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөг, сарын 12 хувь хүүтэй, 7 хоногийн хугацаагаар зээлийн гэрээ хийж, бэлнээр мөнгө авсан юм. Зээлийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 23-наас 2016 оны 09 дүгээр 23-ны өдөр хүртэл 1 сараар сунгаж, зээлийн хүү 37 200 төгрөг төлсөн. 2016 оны 09 дүгээр сарын 23-наас нааш хойш зээл, зээлийн хүү, алданги төлөхгүй байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа М.С нь зээлийн тооцоо гаргахад үндсэн зээл 300 000 төгрөг, 7 хоногийн хүү  /өдрийн хүү 1200 төгрөг х 7 хоног 8400 төгрөг, төлөөгүй үнийн дүн 308 400 төгрөг ба зөвхөн үндсэн зээл 300 000 төгрөгөөс х 0.5%=1500 төгрөг/, /хоногийн алданги, алданги тооцох хоног 48 хоног /9 сард 7 хоног, 10 сард 31 хоног, 11 сард 10 хоног, 2016-11-11 ний байдлаар тооцсон/  72 000 төгрөг, бүгд 372 000 төгрөг төлөх тооцоо гарч байна. Энэ төлбөрийг төлөхийг шаардахаар шалтаг тоочоод одоо утсаа ч авахаа больсон. Хариуцагч М.С нь зээлийн гэрээний үүргээ тууштай биелүүлээгүй бөгөөд зээл, алданги нь 372 000 төгрөг төлөх тооцоо гарч байх тул ИХ-ийн 281, 282-р зүйлд заасны дагуу М.С , О нараас 372 000 төгрөг гаргуулж, зээлдүүлэгч Ж.С хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа М.С гийн зээлийн тооцоог гаргахад 372 000 төгрөг төлөх тооцоо гарсан. Хариуцагч нар хариу тайлбартаа зээлээс 330 000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний дотор төлнө гэсэн боловч зөвшөөрсөн төлбөрөө өгөх нь битгий хэл миний үйлчлүүлэгч Ж.С ажил дээр очиж, 2 сарын хүү өгсөн, илүү мөнгө нэхлээ гээд хэрүүл шуугиан хийсээр явна. Гэрээний үүргийн дагуу алданги нэхэмжлэх үндэслэлтэй тул 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 103 500 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

   Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь С 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөг авсан нь үнэн болно. Үүнээс 2 сарын хүү 78 200 төгрөг өгсөн. 330 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлнө гэж тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд 372 000 төгрөгийг төлж барагдуулна харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

   Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Ж.С 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөг авсан нь үнэн болно. Үүнээс 2 сарын хүү 78 200 төгрөг өгсөн. 330 000 төгрөгийг 2017 оны 01-р сарын 20-ны дотор төлнө гэж тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд 372 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

   Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М.С , Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 372 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 103 500 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 475 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна. 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М.С тай зээлийн гэрээ байгуулж 300 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар тооцохоор тохиролцсон. Хариуцагч нар зээлийн хугацааг сунгаж, зээлийн хүүнд 37 200 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж мөнгөө төлөхгүй байх тул үндсэн зээл 300 000 төгрөг, алданги 175 500 төгрөг нийт 475 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ж.Сайнбаяраас 300 000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Хүүг сунгаад, төлөөд явж байсан. 9 дүгээр сард өгсөн 41 000 төгрөгийг хасч тооцоогүй байна. Анхны нэхэмжлэлийн шаардлага буюу 372 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М.С тай зээлийн гэрээ байгуулж 300 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр, 20 000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг нийт 300 000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

            Зохигчид зээлийн гэрээ байгуулсан хийгээд 300 000 төгрөгийг өгч авсан, зээлийн хүүг сунгасан эсэх талаар маргаагүй, зээлийн хүүнд төлсөн гэх 41 000 төгрөгийн талаар маргаж байх бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон байна.

            Зохигчид зээлийн гэрээ байгуулж, гэрээндээ алдангийн талаар тохирсон байх тул хариуцагч алданги төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй  байх тул хариуцагч Д.О т холбогдох хэсгийг алдангийн 50 хувиас хэтэрсэн мөнгөн дүнгийн хамтаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангасан байна.

            Талууд зээлийн гэрээгээр хүү тохирсон байх ба зээлийн хүүг сунгасан эсэх талаар маргаагүй, харин хүүнд төлсөн гэх 41 000 төгрөгийг хасч тооцоогүй талаар мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж байгаа байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Иймд хариуцагч М.С гаас үндсэн зээл 300 000 төгрөг, алданги 150 000 төгрөг /50 хувиас хэтрэхгүй/ нийт 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож нэхэмжлэлийн шаардлагаас Д.О т холбогдох хэсгийг болон 25 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 16 360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С гаас 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.С гаас 450 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.С олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 500 төгрөг болон хариуцагч Д.О т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16 360 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С гаас 14 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ