Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/885

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          11          08                                       2024/ШЦТ/885                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Агар /томилолтоор/

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 08:57 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Дүүхээ” худалдааны төвийн зогсоол орчимд Тoyota Pruis маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

          Миний хувьд 3 дугаар сараас эхлээд гэр бүлийн маргаантай байсан. Манай нөхөр болон түүний үеэлүүд нь намайг элдвээр хэлж доромжилдог. Тэр өдрийн урьд орой нөхөр бид хоёр хамтдаа айлд байрны найранд очсон юм. Гэтэл тэднийхэн мөн л тийм хандлага гаргасан учир би уурандаа машинаа жолоодоод явсан. Гэхдээ хол газар яваагүй, Дүүхээ төвийн зогсоол хүрээд л цагдаа нарт баригдсан. Миний жолоодож явсан машин манай нөхрийн нэр дээр байдаг. Нөхөр бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. Би 3, 8, 13 насны гурван хүүхэд болон дүү нарынхаа хамт амьдардаг.

          Согтуугаар машин жолоодсон нь миний буруу. Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Миний сарын цалин 1.8 саяас 2 сая төгрөг. Зээлийн хувьд би 200.000 төгрөгийн, мөн 100 хэдэн мянган төгрөгийн хоёр зээлтэй. Надад торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэв.     

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

“... *** нь 1.248 хувийн согтолттой” гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-5/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1219 дугаартай шийтгэврийн хуулбар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн жолоодох эрхийн лавлагаа /хх-н 35-36, 9/ гэсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... дуудлагын жолооч дуудсан чинь ирэхгүй байсан, тэгээд би машинаа жолоодоод явчихсан юм. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа” /хх-н 42/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, … бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх-н 9/ байх үедээ согтуугаар /1.248 промил/ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хуулийн дээрх заалтад нийцэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал үүнд: “... гэр бүлийн маргаанаас болж 3, 8, 13 насны гурван хүүхэд болон дүү нарынхаа хамт тусдаа амьдарч байгаа гэх эмэгтэй-эх хүн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохиролгүй” зэргийг харгалзсан болно.

 

Иймд шүүх шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хамгийн доод хэмжээгээр эдлүүлэхээр, түүнчлэн уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Харин шүүгдэгч *** цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 8/, жолоочийн лавлагаа /хх-н 9/, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 10/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ гэсэн баримтууд авагдсан байна.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** “... тэр өдөр манай үеэлийн байрны найр болсон юм. Ер нь *** бид хоёр сүүлийн үед таарамж муутай байгаа болохоор тусдаа амьдарч байгаа. *** 3 хүүхэдтэйгээ байгаа ч ***ийн 3 дүү нь бас ирээд хамт байгаа юм шиг байна лээ” гэж мэдүүлжээ. /хх-н 23, 26/

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, жолооч ***ийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт ***ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***т оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *** 2.700.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “торгох” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, жолооч ***ийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ