| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/1318/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1327 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Ц.А*******р, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0315 60869 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Илжгэн овогт Ц*****рын А*******р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ********* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ********
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.А*******р нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойт Сод монгол ШТС-ын урд замд 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Toyota Allion маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.9-т заасан гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчин “Honda Insight” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч П.Б******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ц.А*******р нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эцэг М.Ц*****рын өмчлөлийн “Toyota Allion” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Нарангийн гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа “Толгойт Сод монгол ШТС-ын урд талд Толгойтын гудамжаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй төв замаар замын хөдөлгөөнд оролцож байсан “Honda Insight” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй мөргөлдөж жолооч П.Б******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын Сод Монгол ШТС-н зүүн замд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдэж зам тээврийн осол байв. Зам орчны хувьд асфальт уруу, хуурай, суурины доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтэй үүлтэй, тогтуун агаартай эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээтэй явган хүний замтай шахлагагүй, хайсгүй зам байв. Зорчих хэсгийн нийт өргөн 14.50 байх бөгөөд А үсгээр анх мөргөлдсөн цэгээр авч үзлэгийн явуулахаар тогтов А цэгээс В цэгийн харалдаа 8.20м В цэгээс А цэгийн харалдаа 15.30 м зайтай байх ба Hondo Insignt маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас зүүн хашлага хүртэл 4,60 зүүн хойд дугуйнаас баруун хашлага хүртэл хаалга хүртэл 5.60 зайтай байв. Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйнаас баруун хашлага хүртэл 2.70, баруун хойд дугуйнаас баруун хашлага хүртэл 2.30 тус зайтай байв...” гэх баримт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
- Хохирогч П.Б******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Толгойтоос уруудаад Сод Монгол ШТС уулзвараар чигээрээ явж байх үед туслах замаас нэг машин хурдтай орж ирээд миний эзэмшлийн ****** улсын дугаартай машины урд талын хэсэг болон жолооч тал руу мөргөөд миний машин болон эрүүл мэндэд хохирол учруулсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байгаа болно...Үнэлгээгээр ороод нийт 5.665.000 төгрөгийн хохирол учирсан...Манай эхнэрийн нүүрний баруун хөмсөг сэтэрч оёдол хийлгэж миний биед баруун гарын эрхий хурууны уг хэсэг хугарч 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хагалгаа хийлгэж хадаас хийлгэж эмнэлгээс гарсан. 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлөвлөгөөт хурууны хагалгаанд давтан орох байгаа. Одоогоор бол ямар нэгэн хохирол гэж мөнгө аваагүй бүх зардлыг өөрөө гаргаж байгаа болохоор хохирлыг авах хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
-“...Шинэ Толгойт хотхоны дөнгөж явж байтал туслах замаас тээврийн хэрэгсэл орж ирсэн тухайн үед сигнал дарж тоормос гишгээд амжаагүй уг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд цагдаа болон түргэн дуудсан тухайн үед манай эхнэрийн баруун талын нүдний хажуу талаас бага зэргийн цус гарсан миний баруун гар хугараад хавдсан байсан...Гэр хорооллын туслах замаас гарч ирсэн. Машинд хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн төлөх юм бол ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
- Иргэний нэхэмжлэгч Г.Г*****лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нөхөр П.Б******гийн хамт гэрээсээ гараад төв зам ороод 2 дугаар эгнээгээр зорчин явж байсан ба Толгойт хотхон өнгөрөөд Шатахуун түгээх газар өнгөрөөд явж байтал туслах замаас автомашин орж ирээд урд чигээрээ ороод ирсэн. Тэгээд тоормосолж амжаагүй уг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Мөргөлдөх үед миний баруун талын нүдний хажуу талд шарх үүсэж цус гарсан. Харин манай нөхрийн баруун гар нь хавдартай хөдөлж болохгүй байсан тэгэхээр түргэн тусламж болон цагдаа дуудсан. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч ирж хэргийн газарт хэмжилт хийсэн. Яаралтай түргэн тусламж ирээд манай нөхрийн шархыг нь боогоод буцаад яваад өгсөн харин надад зүрхний эм өгөөд тухайн үед бие цээж хэсэг рүү дэр задарч цээж рүү цохисон зүрх савлаад хөдөлж чадахгүй байсан...Миний биед шүүх эмнэлэг үзүүлэхгүй яагаад гэвэл надад ямар яс хугарсан хүнд бэртсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 10143 дугаартай дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Баруун гар сойлттой, шууны дунд 1/3 хэсгээс доош гөлтгөнөн боолттой байв.
ГССҮТ-н толгойн мэс заслын тасгийн өвчний түүх №13457 эмнэлэгт хэвтсэн: 2024.07.27 Онош: Гарын эрхий хурууны битүү хугарал. Зовууриас: Баруун сарвууны эрхий хуруугаар өвдөнө. Асуумжаас 2024.07.27 20:09 цагт толгойтын тойрог дээр машинтай явж байхад нь хажуугаас нь машин мөргөж гэмтсэн. Өөрөө жолоодож явсан гэн. Бодит үзлэгээс: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй...st.ioc: Баруун сарвууны 1-р хуруу орчим тэмтрэлтээр эмзэглэлтэй, хавантай, хөдөлгөөн хязгаарлагдмал. Хурууг босгосон гөлтгөнөн аравчтай. Хөмсөгний голд ил тав тогтсон шархтай. ...баруун талын сарвууны 2 байрлалын рентген зурагт: Алганы 1-р шивнүүр яс ташуу зөрөөтэй хугаралтай. Үндсэн онош: S62.50Iгарын эрхий хугарах. Битүү баруун гарын алганы I шивнүүрийн беннетийн хугарал гэжээ...ДҮГНЭЛТ
1.П.Б******гийн биед баруун гарын 1-р шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал)
-Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1034 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “...Марк загвар..Honda Insiaht...зах зээлийн үнэ…7.000.000 төгрөг...эзэмшигч нэр...Дотно финанс ББСБ...шууд зардлын дүн...5.245.000 төгрөг...шууд бус зардлын дүн...415.000 төгрөг нийт 5.660.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 55 дахь тал)
- Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн техникийн шинжээчийн 1621 дугаартай дүгнэлт:
1.Тоёота Аллион маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.А*******р нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна.
2.Хонда Инсайт маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Б******г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал)
- Шүүгдэгч Ц.А*******рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Толгойтоос дээшээ өгсөөд туслах замаар аавын эзэмшлийн Toyota Alion маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа 19 цагийн орчимд явж байсан. Тэгээд туслах замаас төв зам руу орох гээд зүүн гар тал руугаа эргэх дээ чигээрээ яваа машинд зам тавьж өгөлгүй Honda Insaid маркийн авто машины хажуу талаас нь мөргөж осол гаргасан. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан даа харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ц.А*******р нь хууль зүйн хувьд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчин “Honda Insight” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч П.Б******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
шүүгдэгч Ц.А*******р нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.А*******рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас П.Б******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ц.А*******р нь хохирогч П.Б******гт 865.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Мөн авто тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Г.Г*****лын тээврийн хэрэгсэлд “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлангаар 5.660.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 5.735.000 төгрөгийг (хавтаст хэргийн 99, 101-102 дахь тал) буюу нийт 6.600.000 төгрөгийг хохирлыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Ц.А*******рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.А*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг...”
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А*******рын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн нэмэгдэл ял болох 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах дүгнэлтийг дэмжиж байна. Харин миний үйлчлүүлэгчийн ар гэр тээврийн хэрэгсэл аваад удаагүй байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул такси үйлчилгээнд явж байсан. Одоо Е.март худалдааны төвд ажилд ороод удаагүй зэргийг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж, 3 жилийн хугацаагаар төлөхөөр тогтоож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэргэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ц.А*******р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 86, 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), Нийгмийн Даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоов.
Иймд шүүгдэгч Ц.А*******рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.А*******рт торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч Ц.А*******рт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.
2.3. Бусад асуудлын талаар
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “B” ангиллын 1332644 дугаартай үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2408 0315 60869 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Илжгэн овогт Ц*****рын А*******рыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******рт оногдуулсан 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А*******р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******рт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
7.Шүүгдэгч Ц.А*******р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1332644 дугаарын B ангиллын жолоочийн үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ