Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/00685

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2017/00685

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2016/01613/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ........ тоотод оршин суух Жадамбаагийн Нордог,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ........  тоотод оршин суух Д. Х.,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ..... тоотод оршин суух Д..,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ...... тоотод оршин суух П.Б.,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ......  тоотод оршин суух Д.Т.,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, . ......  тоотод оршин суух М.Э,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ......  тоотод оршин суух С.Т.

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, .... тоотод оршин суух Ч.Э. нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, . сум, Ш.ХК-д холбогдох,

 

"Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н., өмгөөлөгч Н.Б.г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н-нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох группт орсон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаруй жил, дээд тал нь 30 гаруй жил ажилласан байна. Бид Геологи, Уул уурхайн салбарын 2012-2013 оны хамтын тарифын хэлэлцээрийн 5.5-д Геологи, Уул уурхайн салбарт ажиллаж байгаад Үйлдвэрлэлийн осол, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу Ш-ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Ш-ХК-иас тус уурхайд ажиллаж байгаад МШӨ-ний улмаас группт орж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад уурхайчдад хөдөлмөрийн хамтын хэлэлцээрийн дагуу нэг удаагийн тэтгэмж Ж.Н-т 10,368,000 төгрөг, Д.А-д 9,984,000 төгрөг, Д.-д 9,984,000 төгрөг, П.Б-д 8,064,000 төгрөг, Д.Т-д 10,368,000 төгрөг, М.Э-д 12,288,000 төгрөг, С.Т-д 10,752,000 төгрөг, Ч.Э-д 9,216,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Б-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тус ахмадууд нь 1974-1982 оны хооронд Ш.Г-уурхайд орж, тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байсан бөгөөд сүүлд тэтгэвэрт гарсан юм. Геологи, уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн тарифт зааснаар геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг тус салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ажилласан жилээр бодож нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байна. Тарифын хэлэлцээрийг хөдөлмөрийн яаманд бүртгүүлсэн байсан. 2013-2014 оны хамтын тарифын хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгсөн байна. Хөдөлмөрийн хуульд байгууллагууд өндөр настай ахмадууддаа тэтгэмж олгох талаар заасан байдаг. Эдгээр ахмадууд нь Ш.Г-уурхайд тэтгэмж гаргуулахаар хандаж байсан. Хариуцагч тал өөрсдийн хуульд заасан үүргийг биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Шүүхэд эрх ашиг нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Ш.Г-уурхайн хувьд ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна. Энэ тохиолдолд ахмадууд хамтын маргаан үүсгэх шаардлага байхгүй. Хамтын хэлэлцээрт тусгагдсанаар хэн хариуцаж тэтгэмж гаргах нь тодорхойгүй гэж байна, эдгээр ахмадуудад тэтгэлэг өгөх нь ажил олгогчийн үүрэг. Хамтын хэлэлцээрийн тарифыг хамтын гэрээнд тусгасан тусгаагүй уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөж ажиллах ёстой. Үйлдвэрийн хурц хордлогод орсон ажилтнуудад нөхөн төлбөр олгоно гэж тусгасан байна. Хамтын хэлэлцээрийн заалтыг хамтын гэрээндээ нөхөн төлбөр нэрээр тусгасан байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн хамтын маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан бөгөөд тус хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Харин нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн Ш-сумын Засаг даргын 2015.03.05-ны өдрийн 27 дугаартай захирамж, 2016.02.01-ний бдрийн 09 дугаартай захирамж нь тус тус хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх, хамтын маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоогүй бөгөөд хамтын маргаан үүссэн эсэхээс үл хамааран зөвхөн ахмад настнуудын өргөдөл хүсэлтийг үндэслэн зуучлагч, арбитрч томилсон тухай захирамж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн Ш-ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн. Хамтын маргаан үүсээгүй болохоор тухайн хамтын маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх зуучлагч, арбитрын ажиллагаа явагдана гэдэг ойлголт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д хамтын маргаан үүсгэсний дараа зуучлагч оролцуулна, мөн хуулийн 117.2-т ажилтны төлөөлөгчид, ажил олгогчийн төлөөлөгчид хамтран Засаг даргад хандаж, зуучлагч томилуулах хүсэлт тавьж, улмаар зуучлагчийг томилно гэж зохицуулсан. Гэтэл Ш-ХК-ийн нийт ажилтнуудыг төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагын ажилчид биш хэдэн хүн хамтын маргаан үүсгэж, цаашлаад хамтын маргааныг хянан шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй билээ.

Хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар, арбитраар, шүүхээр аль нь ч байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд нэхэмжлэл гаргасан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл байна.

Хамтын тарифын хэлэлцээрийг үндэслээд нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2013-2014 оны хэлэлцээр байгуулагдсан боловч одоо үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамтын хэлэлцээр нь 3 талт хэлэлцээр байна. Хамтын тарифын хэлэлцээрийн ерөнхий зүйлийн 5.5-д зааснаар ажиллаж байсан ажилтнуудад ажил олгогч нь тэтгэмж өгөх талаар заагаагүй байна. Нийгмийн асуудлын талаар тохиролцсон хэсэгт нь ажил олгогч нь тэтгэмж олгоно гэж бичигдээгүй байна. Хамтын тарифын хэлэлцээрийн 1.1-д зааснаар уг хэлэлцээрийн дагуу хамтын гэрээ байгуулан, гэрээндээ хамтын тарифын хэлэлцээрт заасан заалтыг тусгаснаар байгууллага гэрээгээ мөрдөн ажиллана гэсэн байна. Тарифын хэлэлцээрийг хамтын гэрээндээ тусгаж тэтгэмж олгох ёстой байсан. Энэ хэлэлцээр дээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байна. Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш хүн хамтын тарифын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хамтын гэрээнд тусгаж мөрдөж ажиллана гэж хамтын хэлэлцээрт заасан байна. Хамтын хэлэлцээр нь өнөөдөр ажиллаж байгаа ажилчдын асуудлыг зохицуулахаар журамласан болохоос урьд ажиллаж байсан ахмадуудад хамаагүй гэж үзэж байна. Хамтын тарифын хэлэлцээрийг уул уурхайн бүх байгууллагад заавал мөрдүүлэх эрх байхгүй, байгууллагын хамтын гэрээнд тэтгэмж олгохоор тохиролцсон бол тэтгэмж өгөх ёстой. Хамтын хэлэлцээрийн 5.5 дахь заалтыг хамтын гэрээнд зааж өгөөч гэж нэхэмжлэгч нар хүсэлт өгснийг тухайн үеийн удирдлагууд санхүүгийн боломжгүй байгаа тул дээрх заалтыг хамтын гэрээнд оруулах боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна. Хамтын тарифын хэлэлцээрийн үүргийг биелүүлээгүй бол 9 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээрийг биелүүлээгүй бол хүлээх хариуцлагыг зааж өгсөн байна. Манай байгууллагын Үйлдвэрчний эвлэл энэ асуудлаар хамтын маргаан үүсгээгүй байна. Ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоно гэж хамтын тарифын хэлэлцээрт заагаагүй. Ажилтнуудын эрхийг хамгаалахаар ерөнхий нөхцөл болгож хэлэлцээрт оруулж баталсан байна. Хэлэлцээрийг мөрдөхийн тулд хамтын гэрээнд заавал тусгаж байгаад хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах боломжтой юм. Эдгээр хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарах үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар тэтгэмж гаргуулж авсан. Нийгмийн халамжийн хуульд нэг сангаас дахин тэтгэмж гаргуулж авах эрхгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ш-ХК-д холбогдуулан, геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаагийн тэтгэмжийг тооцож, нэхэмжлэгч Ж.Н-10,368,000 төгрөг, Д.А. 9,984,000 төгрөг, Д.Х. 9,984,000 төгрөг, П.Б. 8,064,000 төгрөг, Д.Т. 10,368,000 төгрөг, М.Э. 12,288,000 төгрөг, С.Т. 10,752,000 төгрөг, Ч.Э. 9,216,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ш-ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-нь Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрх бүхий субъект нь нэхэмжлэгч нар биш бөгөөд хөдөлмөрийн хамтын маргаан үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, мөн хамтын гэрээнд тус асуудал тусгагдаагүй тул шаардах эрх байхгүй, нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын гэрээ, хэлэлцээрээр ажилтны хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлогын асуудлыг зохицуулдаг бөгөөд нэхэмжлэгч нар нь тус хуульд заасан ажилтан гэсэн ойлголтод хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж маргадаг болно.

 

Нэхэмжлэгч Ж.Н-нь 1972 оны 02 сарын 23-ны өдөр Ш.уурхайд экскаваторын туслах машинчаар орж, 1974 оны 06 сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс цэргийн алба 3 жил хаагаад, 1977 оны 11 сарын 04-ний өдрөөс 1991 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл экскаваторын туслах машинчаар, 1993 оны 05 сарын 13-ны өдрөөс 2003 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл экскаваторын машинчаар нийт 26 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч Д.А-нь 1975 оны 07 сарын 25-ны өдөр Ш.Г-уурхайд экскаваторын туслах машинчаар орж, 1991 оны 03 сарын 15 хүртэл экскаваторын машинч, ахлах машинчаар, 1993 оны 02 сарын 10-ны өдрөөс 2004 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад өөр байгууллагад шилжин ажиллаж байгаад 2009 оны 11 сарын 11-ний өдрөөс 2010 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Ш-ХК-д экскаваторын машинчаар нийт 27 жил тус уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 сарын 18-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч Д.Х. нь 1976 оны 06 сарын 29-ний өдөр Ш.Г-уурхайд лаборантаар орж, 2002 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл нийт 25 жил тус уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 06 сарын 05-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч П.Б. нь 1975 оны 07 сарын 01-ний өдөр Ш.Г-уурхайд сласерээр орж, 1997 оны 03 сарын 06-ны өдрийг хүртэл блюзийн жолоочоор тус тус нийт 21 жил тус уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 1998 оны 02 сарын 06-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч Д.Т. нь 1974 оны 11 сарын 20-ны өдөр Ш.Г-уурхайд экскаваторын туслах машинчаар орж, 2002 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл экскаваторын машинч, цахилгаанчнаар тус тус нийт 27 жил Ш.Г-уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 сарын 25-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч М.Э-нь 1974 оны 08 сарын 09-ний өдөр Ш.Г-уурхайд нүүрсчингээр орж, 2006 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус нийт 31 жил Ш.Г-уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2006 оны 08 сарын 29-ний өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч С.Таванжин нь 1971 оны 01 сарын 01-ний өдөр Ш.Г-уурхайд ажилд орж, 2002 оны 10 сарын 01-ний өдрийг экскаваторын машинч, жолооч, электрокарчинаар тус тус нийт 28 жил Ш.Г-уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 сарны 18-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан,

 

Нэхэмжлэгч Ч.Э. нь 1972 оны 02 сарын 23-ны өдөр Ш.Г-уурхайд эксковаторын туслах машинчаар орж, 1973 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад цэргийн албан явсан, мөн 1977 оны 09 сарын 27-ны өдрөөс 2001 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл эксковаторын машинч, засварчнаар тус тус нийт 24 жил Ш.Г-уурхайд ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2001 оны 07 сарын 22-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан зэрэг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай акт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нарын ажилласан хугацаа, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан талаарх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.5-д: Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно, тус хэлэлцээрийн 1.1-д: Салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн геологи, уул уурхайн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан, харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана гэж тус тус заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ... хамтын гэрээ, хэлэлцээр...-т заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д ... салбар, мэргэжлийн түвшинд нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно гэснээр Геологи, уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийг Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, уул уурхайн салбарын ажил олгогч, эздийн төлөөлөгчид, эрх олгогдсон салбарын ажилчдын төлөөлөгчид баталгаажуулсан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар салбар /салбар дунд/-ын мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ гэсний дагуу дээрх хэлэлцээрийг Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа гэж үзэж, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн нь Монгол улсын уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны архивын 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн лавлагаа,хуулбараар нотлогдож байх тул энэхүү хамтын хэлэлцээр нь салбарын хэмжээнд дагаж мөрдөх, хүчин төгөлдөр хэм хэмжээ тогтоосон акт байна гэж үзэхээр байна.

 

Иймд Ш.Г-Уурхай, Ш-ХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нэхэмжлэгч нар нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад ХЭМСТ-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсанаар тэтгэвэр,тэтгэмж,нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэсний дагуу ажиллаж байсан ажил олгогч хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэлэлцээрийн 5.5-д заасан зохицуулалтыг хамтын гэрээнд тусгаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлэлцээрийг дагаж мөрдөх, холбогдох заалтуудыг хамтын гэрээнд тусгах нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын үүрэг байна.

Энэхүү хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, хамтын гэрээнд тусгаагүй байдал нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Нөгөө талаас тус хэлэлцээрийн 9.1-д зааснаар хэлэлцээр нь бүртгүүлсэн өдрөөс 2 жилийн хугацаанд хүчинтэй, 9.6-д зааснаар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх болно гэснээр нэхэмжлэгч нар энэ асуудлаар шүүхэд хандаж, Сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 495 тоот урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн 495 тоот захирамж, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн маргаан зохицуулах арбитрын зөвлөмж зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нарыг урьдчилсан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэснээр хэлэлцээрийн 3.1.1-д  хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөн тогтоосон тохиолдолд шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн салбарын хөлсний доод хэмжээг тогтоон мөрдөн ажиллахаар тогтоосон байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэснээр 2013-2014 онд хуулиар тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг, үүнийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 384,000 төгрөг гэж мөрдөхөөр тогтоосон байна.

Дээрх хэлэлцээрийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, тухайлбал урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээг дээр тогтоосноос өөрөөр санхүүгийн чадавхдаа тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулах асуудал нээлттэй бөгөөд Хөдөлмөрийн тухай 18 дугаар зүйлийн 18.1.10-д зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах талаар Ш-ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны байгуулсан хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхийг хаах үндэслэл болохгүй болно.

Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын/ тариф /-ын хэлэлцээрийг холбогдох заалтыг хамтын гэрээнд тусгаагүй гэж байгаа боловч Ш-ХК-ын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/110 тоот Ахмад уурхайчдын төлөөллийн саналд өгсөн хариуд... Хамтын хэлэлцээрийн 5.7,5.9 дэх заалтууд манай хамтын гэрээнд тусгагдан мөрдөгдөж байна. Тус компани шинэ техник хэрэгсэл авч парк шинэчлэлт хийх, мөн шинээр нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж Олон улсын банк санхүүгээс зээл тусламж хүсэж байгаа тул Хамтын хэлэлцээрийн 5.2, 5.5 дахь заалтуудыг гэрээнд тусгах боломжгүй ...гэж хариу өгч байсан хэдий ч энэ нь ҮЭ ийн хороотой зөвшилцсөн болон ажилтны төлөөллийн санал мөн эсэх нь тодорхойгүй, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сарын 01-ныг хүртэл хүчинтэй мөрдөгдөж байсан Хамтын гэрээний нэгдүгээр бүлэг, ерөнхий зүйл хэсэгт ГУУСалбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав гэж тодотгосон байна.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг тооцохдоо дээр дурдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээ болох 384,000 төгрөгөөр тооцож нэхэмжилжээ.

Салбарын тарифын хэлэлцээр нь нийтлэг үндэслэлд зааснаар тухайн салбарын ажилтны бусад салбарын ажилтнаас ялгагдах хөдөлмөрлөх орчноос хамааралтайгаар хөдөлмөрлөж буй орчноос үүсэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд хамгаалах, нөхөх зорилготой бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихэсгэн тогтоосон хэмжээг урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээний дээд хэмжээ гэж үзэн, үүнээс өөрөөр санхүүгийн чадавх бусад хүчин зүйлд тулгуурлан тогтоож болох боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоох үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгч нарт олгох тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч нарт тэтгэмж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Н. 4,992,000 төгрөг, Д.А-д 5,184,000 төгрөг, Д.-д 4,800,000 төгрөг, П.Б-д 4,032,000 төгрөг, Д.Т-д 5,184,000 төгрөг, М.Э-д 5,952,000 төгрөг, С.Т-д 5,376,000 төгрөг, Ч.Э-д 4,608,000 төгрөг тус тус Ш-ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг тус тус баримтлан Ж.Н-т 4,992,000 төгрөг, Д.А-д 5,184,000 төгрөг, Д.Х-4,800,000 төгрөг, П.Б-д 4,032,000 төгрөг, Д.Т-д 5,184,000 төгрөг, М.Э-д 5,952,000 төгрөг, С.Т-д 5,376,000 төгрөг, Ч.Э-д 4,608,000 төгрөгийг тус тус Ш-ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ж.Н-ийн 5,376,000 төгрөг, Д.А-ийн 4,800,000 төгрөг, Д.Х-5,184,000 төгрөг, П.Б-н 4,032,000 төгрөг, Т.Т-ын 5,184,000 төгрөг, М.Э-ийн 6,336,000 төгрөг, С.Т-ийн 5,376,000 төгрөг, Ч.Э-гийн 4,608,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ш-ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358,440 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ОЮУНЦЭЦЭГ