Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2017/01268

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/01036/И

 

ДАУ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, ХХК-ны байр АБ ХХК /РД:......., утас:................./-н нэхэмжлэлтэй

Хариуцагч:Дархан-Уул аймгийн ......... оршин суух Б.Ц /РД:.........../

Хариуцагч:Дархан-Уул аймгийн  оршин суух Т.Д /РД:........../ нарт холбогдох

 

9.813.065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Т.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч АБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Б.Ц, Т.Д нар нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 10,030,000 төгрөгийн зээлийг Санхүүгийн түрээсийн зээл зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч Б.Ц, Т.Д нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, зөрчил гаргаж байсан тул 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр банкны санаачлагаар зээлийн гэрээ цуцлагдаж, автомашиныг хураан авсан бөгөөд  ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, иргэн О.Ганбаатарт /РД:ТЕ85120176/-т худалдан борлуулсан болно. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 9,813,065 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.Ц, Т.Д нараас 9,813,065 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Т.Д, Б.Ц нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хүргэн ах М.Н, түүний найз Э.Б нар 2014 оны 12 дугаар сард манай Ланд .. маркийн автомашиныг ломбарданд зээлийн барьцаанд тавьж алдсан. Уг машинаа нэхэхэд өөр машин авч өгье гэж хэлсэн. Бидэнд 11.800.000 төгрөгөөр Тоёота .... маркийн ..... улсын дугаартай, .....тоот арлын дугаартай хар хөх өнгийн суудлын авто машин худалдаж авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц. нэр дээр гаргуулж, улсын дугаар авч өгсөн. 2015 оны 01 дүгээр сард М.Н. нь өөрийн найз Б. гэх хүнтэй хамт биднийг дагуулж явж гарын үсэг л зуруулаад байсан. Бидний нэр дээр зээл гаргуулж байгааг тухайн үед ойлгож мэдээгүй, машиныхаа өрөнд машин авч өгч байна л гэж ойлгосон. М.Н, Б нар зээлийг Улаанбаатар хот.......... хороонд байрлалтай АБны салбарт зөвлөн халамжлагч /эдийн засагч/ ажилтай Г.Т гэх найзаараа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээл гаргуулж, барьцаанд нь 11.800.000 төгрөгөөр үнэлж машиныг маань барьцаалсан болохыг банкнаас бидний машиныг хурааж авах үед буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр л мэдсэн. Тиймээс энэ зээлийг М.Н, Э.Б нар л төлөх ёстой. АБ зээлийн хугацаа хэтэрсэн шалтгаанаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авто машиныг маань хураан авсан. Хураан авснаасаа хойш АБны теллер залуу нь бидний машиныг унаж байсан. Мөн АБ 11.800.000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд авсан мөртлөө бидэнд огт мэдэгдээгүй ........ ХХК-иар бодит үнэлгээнээс хэт доогуур буюу 4.300.000 төгрөгөөр үнэлж зарж борлуулсан байна. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн зэрэгцээ машиныг маань зарж борлуулах гэж байгааг огт мэдэгдээгүйд гомдолтой байна.гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч АБ ХХК нь хариуцагч Б.Ц, Т.Д нарт холбогдуулан зээлийн төлбөр 9,813,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Б.Ц, Т.Д нар нь автомашин худалдан авах зорилгоор АБ ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Санхүүгийн түрээсийн .........дугаартай гэрээг, Санхүүгийн түрээсийн барьцааны ............... дугаартай гэрээг тус тус байгуулсан бөгөөд уг санхүүгийн түрээсийн гэрээгээр ...Банк нь 10,030,000 төгрөгийн зээлийг санхүүгийн түрээсийн зээл зориулалтаар жилийн 37.2 хувийн хүүтэйгээр 36 сар буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаатайгаар бэлэн бусаар түрээслэгч Б.Ц, Т.Д нарт олгохоор, Түрээслэгч нар нь түрээсийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлбөрийг хуваарийг гэрээний хавсралт 1-д зааснаар төлөх, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн дагуу санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө... гэж, Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр ...Барьцаалуулагч нь өөрийн /өмчлөл/ эзэмшлийн эд хөрөнгийн банкинд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах баталгаа болгон барьцаалж байгаа ба уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж дуустал хугацаанд банкинд өөрийн сайн дураар шилжүүлэхээр, Санхүүгийн түрээсийн барьцаанд 11,800,000 төгрөгийн үнэ бүхий toyota crown маркийн 46-80 улсын дугаартай автомашиныг барьцаалах бөгөөд Түрээслэгч нь санхүүгийн түрээсийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээнд заасан хуваарьт хугацаа зөрчигдсөн өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн барьцааны эд хөрөнгийг эзэмших эрхийг банкинд үл маргах журмаар бодитойгоор шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд шаардлагатай тохиолдолд худалдан борлуулахад хамтран ажиллана... гэж тус тус тохиролцжээ.

 

Хариуцагч Б.Ц, Т.Д нар нь 11,800,000 төгрөгийн үнэтэй toyota crown маркийн автомашин худалдан авахын тулд АБин дахь дансанд урьдчилгаанд машины үнийн 15 хувийн болох 1,770,000 төгрөг, даатгалд 354,000 төгрөг, зээл авсан шимтгэл 50,000 төгрөг, дансны доод үлдэгдэл 5000 төгрөг, нийт 2,179,000 төгрөг зарцуулсан бөгөөд харин АБ нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч нарт ...машины үнэтэй 85 хувьтай тэнцэх хэмжээний 10,030,000 төгрөгийн зээлийг олгосон тухай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, хариуцагч нарын урьдчилгаанд байршуулсан 1,770,000 төгрөг, гэрээнд заасан 10,030,000 төгрөг нийт 11,800,000 төгрөгийг toyota crown маркийн автомашин худалдаж буй талд шилжүүлж, АБны toyota .......... маркийн .......... улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хариуцагч нарын эзэмшил ашиглалтанд уг авто машиныг шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ц, Т.Д нар нь байгуулсан Санхүүгийн түрээсийн ............ дугаартай гэрээний хугацаанд нийт 480,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нар нь гэрээний хавсралтад хугацаанд зээлийн эргэн төлөлтөө төлөхгүй,гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч АБ нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дээрх toyota crown маркийн .............улсын дугаартай автомашин болон машины түлхүүрийг хариуцагч нараас авч, өөрсдийн эзэмшил ашиглалтанд бүрэн шилжүүлэн, бусдад 4,300,000 төгрөгөөр 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Ц, Т.Д нараас 9,813,065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...Б.Ц, Т.Д нар нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ............. тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 10,030,000 төгрөгийн зээлж авч, автомашин худалдан авсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 16-наас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 10,030,000 төгрөг, түүний хүү 3,630,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 381,293 төгрөг нийт 14,041,507 төгрөг болсноос хариуцагч нарын гэрээний хугацаанд төлсөн 480,000 төгрөг болон машин зарсан мөнгө 4,300,000 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцон хасаж, үлдэгдэл үндсэн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн гэсэн тайлбарыг гаргасан болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Санхүүгийн түрээсийн гэрээ, санхүүгийн түрээсийн барьцааны гэх нэртэй боловч талуудын гэрээ байгуулсан агуулга, зорилгоос үзвэл тэдний хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг АБ ХХК нь хариуцагч Б.Ц, Т.Д нарын өмчлөлд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохоор хуульд заасан байхад нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнд заасан 10,030,000 төгрөгийг Б.Ц, Т.Д нарт хүлээлгэн өгөөгүй ба уг мөнгөөр машин худалдан авч, банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад худалдсан байгаа нь дээрх гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд АБ ХХК нь тус зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Ц.Ц., Т.Д нараас 9,813,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч АБ ХХК-ний гаргасан хариуцагч Ц.Ц, Т.Д нараас 9,813,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн доторДархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА