Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/888

 

  

 

 

 

 

 

 

    2024        11          08                                       2024/ШЦТ/888

 

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч ***

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: ***

 

2. Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч ***, *** нар 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” центр төвийн 1 давхарт байрлах караоке баарны 103 тоот өрөөнд хохирогч ***ыг “... эмэгтэй хүнтэй муухай харьцаж хараасан” гэх шалтгаанаар цохиж зодон баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дух, баруун чамархай, баруун хацрын төвгөрт зулгаралт, баруун зүүн чамархайн төвгөр, баруун  чихний дэлбэн, баруун зүүн хөхлөг сэртэн, дагзны хуйх, дух, хамрын нуруу, баруун зовхи, баруун хацар, хүзүү, зүүн эгэм, баруун зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, бугуй, сарвуу, баруун зүүн дал, хэвлий, зүүн шуунд цус хуралт, нуруу, зүүн дал, баруун, зүүн бугалга, шуу, тохой, баруун мөр, цээж, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт,

 

шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” центр төвийн 1 давхарт байрлах караоке баарны 103 тоот өрөөнд хохирогч ***ын эрүүл мэндэд халдах явцдаа түүний өмчлөлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “... бичлэг хийлээ” гэх шалтгаанаар авч газар шидэж хөлөөрөө дэвсэж дахин ашиглах боломжгүй болгосны улмаас бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Цагдаа дээр мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирлын мөнгийг *** бид хоёр хоёулаа тэнцүү хувааж төлсөн. Сэтгэцийн хохирлыг төлөх ёстой гэвэл төлье. Харин эрүүл мэндийн даатгалын мөнгийг бид нараас гаргуулах тухайд гэвэл хохирогч Тамирт хиймэл шүд хийлгэж өгөхөөр уулзахад тэрээр “... ах аа, би найз охинтойгоо муудалцсан, тэгээд түүнтэйгээ уулзахаар Замын-Үүд рүү явна” гэж байсан. Тэгж явж байгаад автын осолд ороод эмнэлэгт хэвтсэн юм шиг байна лээ. Түүнээс биш бид нарын учруулсан хохирлоос болж эмнэлэгт хэвтээгүй байх гэв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн адил цагдаад мэдүүлгээ өгсөн тул дахин ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нь төлсөн. Шаардлагатай хохирлыг нь төлөх болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найз Мягмардоржтой уулзаад орой 23 цагийн үед “***” центр төвийн 103 тоот өрөөнд орж үйлчлүүлсэн. Бид хоёр уг төвд орохоосоо өмнө дэлгүүрээс 10 лааз пиво аваад түүнийгээ уугаад суусан. Удалгүй хоёр лааз пиво уугаад гарч тамхи татаад зогсож байхад үл таних 4-өөс 5 залуу зогсож байсан. Гэтэл нэг залуу нь надаас тамхи асуухаар нь би нэг ширхэг тамхи өгсөн. Дараа нь дахиад нэг ширхэг тамхи нэхээд байхаар нь би тэр залууд хандаж надад цөөхөн байна гэж хэлтэл ногоон цамцтай эмэгтэй хүрч ирснээ миний бөөр хэсэгт жийсэн. Тэгээд би буцаж караокены өрөөндөө ортол араас хоёр залуу орж ирээд манай найзыг аваад гарсан. Тэгтэл 3 залуу орж ирээд чи эмэгтэй хүнтэй ингэж харьцахгүй гээд намайг зодсон. Би 2022 онд Айфоне 11 про макс загварын хар өнгийн гар утсыг Тэди төвөөс 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1.500.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-н 12-13/ гэж,

гэрч *** “... манай найз Тамир 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр манай гэрт кино үзэж байгаад караоке оръё гээд “***” центр төвийн нэг давхарт байдаг караокед 23 цагийн үед орсон. Орохоосоо өмнө дэлгүүрээс 10 лааз пиво авсан тэрийгээ ууж суусан. Тамир тамхи татах гэж гараад би өрөөндөө ганцаараа үлдсэн. Гэтэл гадаа хүмүүс маргалдаад байсан бөгөөд удалгүй Тамир орж иртэл араас нь цагаан майктай шивээстэй залуу, өөр туранхай, 180 орчим өндөртэй залуу, хар цамцтай 3 залуу орж ирээд Тамирыг чи ямар овоо гар вэ ? гэж хэлээд маргалдах гээд байхаар нь би тэднийг тайвшруулж больцгоо гэж хэлээд өрөөнөөс гаргасан. Удалгүй 20 орчим минутын дараа гэнэт хаалга онгойж ногоон цамцтай эмэгтэй орж ирээд шууд манай найзын мөр рүү түлхэж, толгой хэсэгт нь алгадсан. Би дундуур нь орж салгах үед хар цамцтай эмэгтэй караокены микрофон авч шидээд пиво цацсан. Би цагаан майктай залууг нь татаад үүд рүү явахад манай найз Тамирыг буйдан сандал дээр толгойн хэсэгт нь цохиж нүүрэн хэсэгт нь дэвсэж зодож байхаар нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Манай найз Тамираас нэг залуу тамхи гуйхаар нь өгтөл дахиад гуйхаар нь өгөхгүй гэхэд тэр ногоон цамцтай хүүхэн өшиглөхөөр нь “гичий минь” гэсэн юм шиг байна лээ. Түүнээс болж л зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад гэмтэл учраагүй” /хх-н 14-15/ гэж,

гэрч *** “... зодуулсан залуу 23 цагийн үед найзтайгаа орж ирээд 103 тоотод орсон. Удалгүй 102 тоотод эхнэр нөхрүүд бололтой 4 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Тэгээд коридорт 102 тоотод сууж байсан нэг эмэгтэй 103 тоотод орсон залуутай шүргэлцсэн бололтой ам мурийгаад маргалдаж эхэлсэн. Удалгүй 102 тоот өрөөнд нөгөө эмэгтэй ороод 103 тоот өрөөнд байгаа залуу дээр 102 тоотын 4 залуу болон 2 эмэгтэй бөөндөө ороод тухайн залууг зодсон. Манай нэг ажилтан гар утсаараа бичлэг хийсэн. Манай 2 ширхэг микрофон, 1 ширхэг шот, 1 ширхэг ширээ, салфетик хийдэг сав эвдэрсэн байсан” /хх-н 18-19/ гэж,

гэрч *** “... 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найзын маань хүүхдийн төрсөн өдөр болоод нөхрийн хамт очсон юм. Удалгүй хүүхдийнх нь төрсөн өдрийн баяр дуусаад манай нөхөр, ***, түүний нөхөр Батпүрэв, Балжинням, Бямбабаатар нарын хамт караоке орохоор болоод такси бариад “***” центр төвийн нэг давхарт байрлах караокены 102 тоот өрөөнд орцгоосон. Тэнд жаахан сууж байгаад ***, Балжинням хоёр гарч явсан. Би удалгүй араас нь гартал *** үүдэнд зогсчхоод нэг залуутай муудалцсан гэж хэлсэн. Тэгснээ нэг өрөө рүү орчихоор нь араас нь ортол нэг залуу ***г янхан гичий гэж хараахаар нь би болон тэнд хамт байсан нэг залуу найзыгаа салгасан. Тэгээд бид хоёр өрөөндөө орсон. Удалгүй *** тэр залуу намайг муухайгаар хараалаа, уур хүрээд байна гэж хэлээд өрөөнөөс гарсан. Би араас нь гартал хажуу өрөөнд анх муудалцсан залуутай хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь би өрөөндөө буцаж ороод нөхрийгөө дуудаж гаргасан. Манай нөхөр гараад тухайн хүнээс уучлалт гуйгаад ***г аваад өрөөндөө орж ирсэн” /хх-н 21/ гэж,

гэрч *** “... 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед найз Даваадондогийн хүүхдийнх нь төрсөн өдөрт би 4 хүүхэдтэйгээ очсон. Тэгээд Мөнхтулга, Бямбабаатар, ***, эхнэр Ариунзулын хамт, Батпүрэв эхнэр *** нарын хамт 21 цагийн үед “***” центр төвийн 1 давхрын караокед бөөндөө орж үйлчлүүлсэн. Тэнд ороод 2 шил “Ауруг” гэх нэртэй архи, хүний 2 лааз пиво уусан. 22 цагийн үед бүгд тамхи татахаар гараад буцаад орж ирэхэд караокены текэн дээр 20 орчим насны залуу манай найз *** руу муухай хараалын үг хэлээд хэрэлдээд байсан. Би тэр залууг цаашаа өрөөндөө ор гэж хэлээд өрөөнд нь оруулсан. Тэгтэл 20 орчим минутын дараа өрөөний хаалгыг нөгөө хэрүүл хийгээд байсан залуу онгойлгоод бид нарыг гараад ир гэх үед *** “чи хэн бэ, ахын дүү өрөөндөө ороо” гэж хэлээд өрөө рүү нь оруулсан. Дараа нь *** бид хоёрыг тамхи татаад буцаад явж байхад хэрүүл хийгээд байсан залуу элдвээр хараасан. Юу гэж хараасан талаар би сайн санахгүй байна. *** уурлаад өрөө рүү нь ганцаараа орж харагдсан. Харин ***гийн араас ***, Ариунзул нар гарсан. Би нэлээд согтолттой байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь зодоон болсон, би салгаад явж байсан” /хх-н 24-26/ гэж,

гэрч *** “... 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед найз Даваадондогийн хүүхдийн төрсөн өдөрт очоод Мөнхтулгын гэрт Маралмаатай хүүхдүүдээ орхиод гарцгаасан. Тэндээс бид нар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “***” центр төвийн 1 давхарт байрлах караокед орсон. Тэнд байхад ***, Балжинням хоёр тамхилах гээд гарсан. Удалгүй Балжинням ганцаараа орж иртэл араас нь караокены үйлчлэгч орж ирээд танай найз хүн зодоод байна гэхээр нь бид нар бүгд ***гийн араас гараад бужигналдаад зодооныг нь салгасан. Өрөөнд Батпүрэв согтуу үлдсэн. *** тухайн залууг зодсон. *** гар утас шидсэнийг би хараагүй” /хх-н 29-31/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дух, баруун чамархай, баруун хацрын төвгөрт зулгаралт, баруун зүүн чамархайн төвгөр, баруун чихний дэлбэн, баруун зүүн хөхлөг сэртэн, дагзны хуйх, дух, хамрын нуруу, баруун зовхи, баруун хацар, хүзүү, зүүн эгэм,, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, бугуй, сарвуу, баруун, зүүн дал, хэвлий, зүүн шуунд цус хуралт, нуруу, зүүн дал, баруун, зүүн бугалга, шуу, тохой, баруун мөр, цээж, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна гэсэн 13190 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 40-44/

 

Мөн хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ТХҮ-924/10712 дугаартай дүгнэлтээр “... I phone 11 рrо mах загварын гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн байна. /хх-н 164-166/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***, *** нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “устгах” гэдгийг тухайн эд зүйл зориулалтын дагуу дахин ашиглах боломжгүй болсныг ойлгоно. Иймд шүүгдэгч ***ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эзэмшлийн I phone 11 рrо mах загварын гар утас дахин ашиглах боломжгүй болсныг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэж дүгнэв.

 

Харин Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” центр төвийн караокены эд зүйлс эвдэрсэн (үүнд: 2 ширхэг микрофон эвдэрсэн, 1 ширхэг шилэн хундага хагарсан, ширээ, салфетик хийдэг сав эвдэрсэн гэх мэт) үйлдлийг хяналтын прокуророос гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнээгүйг дурдаж,

шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 88/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 99/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 98/ гэсэн баримтууд,

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 94/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 96/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** хохиролтой холбоотойгоор баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч ***, *** нар түүний эмчилгээний зардалд 2.835.000 төгрөг, “***” центр төвийн караокед 650.000 төгрөг, шүүгдэгч ***оос хохирогч ***ын гар утасны хохиролд 1.300.000 төгрөг тус тус төлжээ.

 

Мөрдөгчөөс хохирогч ***ын сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 107/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.750.000 төгрөгийг шүүгдэгч ***, *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***т олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлсний төлбөр гэх 1.744.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах тухай, мөн хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх тухай улсын яллагчийн саналыг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлтэй холбогдуулж С.Сувд-Эрдэнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч мөрдөгч түүнээс мэдүүлэг авахдаа “... 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйлдэгдсэн ...” гэмт хэргийн талаар тодруулсан байна. /хх-н 131/

 

Нөгөөтээгүүр “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл” гэх баримтаас үзвэл *** нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 1.354.000 төгрөгийн зардал гарсан гэжээ. /хх-н 128/

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***, *** нарын холбогдсон энэ гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үйлдэгдсэн байдаг. Гэтэл дээр дурдагдаж буй эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг хугацаа /огноо/ болон нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн хохирогч ***т учирсан сэтгэцийн хохиролд 2.750.000 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх шаардлагагүй болно.

 

Шүүгдэгч ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч ***, *** нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***, *** нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 

***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч ***г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 950.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар хохирогч ***ын эмчилгээний зардалд 2.835.000 төгрөг, гар утасны төлбөрт 1.300.000 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “***” центр төвийн караокед 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчлүүлсний төлбөр гэх 1.744.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах тухай, мөн хохирогч ***ын цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх тухай улсын яллагчийн саналыг хангахаас татгалзсугай.

 

8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нараас 2.750.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***т олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т, шүүгдэгч *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            О.ЖАНЧИВНЯМБУУ