Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Б.Соёлмаа,

            иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү /ҮД:1-964/,

шүүгдэгч Б.Алтансэлэнгэ, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/,

иргэний хариуцагч Н.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оточ овогт Баясгалангийн Алтансэлэнгэд холбогдох эрүүгийн 201626022940 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Тээвэрчдийн 69-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Оточ овогт Баясгалангийн Алтансэлэнгэ /РД:ЕО92110601/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Алтансэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын 11 дүгээр байранд О.Бат-Оршихын хамт байхдаа түүний халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.доллар /250х2374=593.500/-г хулгайлан, тухайн өдрөө 4.797.000 төгрөгийг виза картнаас нь 8 удаагийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийж авах замаар иргэн О.Бат-Оршихийн 5.390.500 төгрөгийг хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоотод оршин суух иргэн Э.Мөнхтөрийн гэрт хонохдоо түүний гэрээс Э.Мөнхтөрийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Хатанхолбоогийн цүнх 1 ширхэгийг хулнайлж, Э.Мөнхтөрд 3.000.000 төгрөгийн, Ж.Хатанхолбоод 5000 төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 8.395.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Алтансэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын 11 дүгээр байранд иргэн О.Бат-Оршихыг ариун цэврийн өрөө орсон байхад нь халааснаас нь Хаан банкны виза карт, 250 ам.доллар зэргийг,

мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоотод иргэн Э.Мөнхтөр, Ж.Хатанхолбоо, Б.Батхүрэл нарыг унтаж байхад нь Э.Мөнхтөрийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Хатанхолбоогийн цүнх зэргийг тус тус эзэмшигч нарт нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан О.Бат-Оршиход  5.390.500 төгрөгийн, Э.Мөнхтөрд 3.000.000 төгрөгийн, Ж.Хатанхолбоод 5.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Б.Алтансэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шат болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...Жавхлан энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би тухайн өдөр ломбарданд хулгайн эд зүйлийг тавих гэтэл миний бичиг баримтыг болохгүй гэхээр нь таксины жолооч Жавхлангийн бичиг баримтыг гуйж ломбарданд эд зүйл тавьсан. Ломбарднаас авсан мөнгөнөөсөө Жавхланд ямар ч мөнгө өгөөгүй. Би таксины 7000 төгрөгийг л өгсөн...Жавхлан тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би манай аавын эд зүйл байгаа юм гэж гуйж байгаад бичиг баримтыг нь авч тавиулсан...Би хохирлоо төлж барагдуулах болно. Би ажил хийж хохирлоо төлнө гэсэн бодолтой байгаа...Надад иргэний үнэмлэх байхгүй. Гадаад паспорт байсан. Ломбардны эзэн гадаад паспортаар үйлчлэхгүй, иргэний үнэмлэхийн лавлагаагаа аваад ир гэсэн. Тэгээд би Баянгол дүүрэг рүү очиж иргэний үнэмлэхийн лавлагаа авсан. Тэгээд Сайн ломбарданд ирэхэд хөдөө орон нутгийн харъяалалтай хүнд үйлчлэхгүй гэсэн. Тэгэхээр нь би гадаа хотын харъяалалтай манай таньдаг ах байгаа. Бичиг баримтаар нь болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд би Жавхлангаас та хотын харъяалалтай, энэ эд зүлийг тавих гэсэн юм аа, энэ манай аавын эд зүйл, надад мөнгөний хэрэг болчихлоо гэж гуйсан. Тэгээд бичиг баримтаар нь эд зүйлийг тавьсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Б.Алтансэлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Бат-Оршихтой 5 дугаар сургуулийн ойролцоо уулзсан. Тэгээд Вива сити хороолол руу явах гэж байтал найз нь утсаар яриад Модны хоёрт очсон. Тэгээд найз дээр нь очоод нэг шил архи, ойр зуурын юм өгчихөөд бид хоёр Вива сити хороолол руу явсан. Вива сити хороололд очоод “Соёрхол” нэртэй архи уусан. О.Бат-Орших жижиг ууттай юм гаргаж ирээд хэрэглэ гэсэн тэгэхээр нь би хэрэглэхгүй гээд муудалцсан. Тэгээд би О.Бат-Оршихыг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь халааснаас Хаан банкны виза карт, 250 ам.долларыг авсан. Тэгээд О.Бат-Орших бид хоёр Вива сити-ээс гараад такси бариад Зайсангийн “Оргил” худалдааны төвийн хажууд буугаад хоёр тийшээ салаад явсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13 дугаар хорооллын бааранд Э.Мөнхтөртэй танилцсан. Тэгээд гэрт нь очиж хонохоор болсон. Би Э.Мөнхтөрийг унтсан хойгуур нь 4 ширхэг мөнгөн аягыг нь авч гарсан. Тэгээд маргааш нь Андуудын ойролцоо Сайн ломбарданд тавьсан. Тэгээд намайг хөдөө орон нутгийн харъяат байна гээд эд зүйлийг авахгүй болохоор нь таксины жолоочийн бичиг баримтыг гуйж ломбарданд тавиулж зээл авахуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Иргэний хариуцагч Н.Жавхлангийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Над руу өмгөөлөгч байна гэж ярьсан. Гэхдээ таны ломбарданд тавьсан эд зүйл хулгайн эд зүйл байсан учраас хурааж авсан гэж ярьсан. Би Алтансэлэнгийг өмнө нь таньдаг гэж яриагүй. Би Алтансэлэнгийг өмнө нь таньдаггүй байсан учраас лавлагааг нь авч үлдсэн. Би Алтансэлэнгэд бичиг баримтаа өгч, гарын үсэг зурсан. Би мөнгө төгрөгийг нь авч тоолж ч үзээгүй, Алтансэлэнгэ өөрөө авсан. Ломбардны камерт ч гарсан байгаа байх. Би гарын үсэг зурчихаад гараад машиндаа сууж байхад Алтансэлэнгэ мөнгө, төгрөгийг нь тоолж хүлээж аваад араас гарч ирсэн. Би мөнгө, төгрөг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хохирогч О.Бат-Оршихийн 5022167141 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/

             5. Хохирогч О.Бат-Оршихийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…16-17 цагийн орчим би Алтансэлэнгэтэй 5 дугаар сургуулийн зам дээр уулзаад байж байсан чинь манай нэг Дагваа гэх найз утасдаад хүрээд ирээч гэхээр нь би Алтансэлэнгэтэй хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо Эндо буудлын өрөөнд Дагваатай уулзсан. Тэгээд тэнд байхдаа Дагваад би нэг шил 0,5 хэмжээтэй Соёрхол архи авч өгөөд тэрийг дээрээс нэг нэг хундага уусан. Тэр үед Алтансэлэнгэ дүүгийн чинь байр руу очъё гэхээр нь бид хоёр Эндо зочид буудлаас гараад такси бариад Хан-Уул дүүргийн Вива сити хорооллын 11 дүгээр байранд нэг шил Соёрхол 0,5 хэмжээтэй архи ус ундаатай 11 дүгээр байрны 03 тоотод Алтансэлэнгэтэй хамт орсон...Тэгээд би гэртээ очоод унтах гээд байсан чинь миний гар утсан дээр данснаас 4.900.000 төгрөг зарлага хийсэн мэдээ ирсэн. Тэгэхээр нь би гайхаад картаа санаад хэтэвчээ хайсан чинь миний бэлнээр 250 ам доллартай Хаан банкны виза карттай хэтэвч алга болсныг мэдсэн...Хамгийн сүүлд буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 дахь удаагаа уулзсан. Тэр үед би Хаан банкны карт болон бэлнээр 250 ам доллар алдсан. Алтансэлэнгэ миний Хаан банкны карт, 250 ам долларыг надтай хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива Ситид байдаг манай дүүгийн хоосон байранд очиж бэлгийн харьцаанд ороод намайг ариун цэврийн өрөөнд орсны дараа авсан байсан. Өөрөөр түүнд авах боломж байгаагүй. Би тухайн үед архи уусан согтуу байсан учрас миний эд зүйлсийг хулгайлсныг мэдээгүй. Хулгайлж авна ч гэж огт бодоогүй. Эсвэл ширээн дээрч гаргаж тавьсан байсан байж ч магадгүй. Үнэндээ би нилээн согтуу байсан учраас яг хаана хийсэн байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан миний халааснаас л авсан...Тэгээд гэртээ хариад унтах гээд хэвтэж байтал миний утсан дээр зарлагын мессеж ирсэн. Тэр үед би өмднийхөө болон хүрэмнийхээ халаасандаа картаа үзтэл байхгүй байсан. Тэр үед би хулгайд эд зүйлсээ алдсанаа мэдсэн...Алтансэлэнгийн гар утас руу нь залгатал утсаа огт авахгүй байсан. Тэгээд мессеж бичтэл “тиймээ би авчихсан юмаа, яагаад ийм хэрэг хийснээ мэдэхгүй байна, таны нүүрийг дахиж харж чадахгүй нь” гэж мессеж бичиж байсан. Би алдагдсан 4.797.000 төгрөг болон 250 ам доллароо буцаан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64, 65-67/

             6. Гэрч Ц.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Эндо нэртэй зочид буудалд архи ууж байгаад Бат-Оршихийг дуудсан. Бат-Орших 20 гаран насны нэг цагаан царайтай охинтой хамт ирсэн. Ирээд удаагүй явсан...Дараа нь би Бат-Оршихтой утсаар ярихад нөгөө хамт явж байсан охиндоо мөнгөө сэгсрүүлчихсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90/

            7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53/

            8. Хураан авсан тэмдэглэл: “...4 ширхэг мөнгөн аяга...хээгүй нэг хийцийн...Хураалгасан А.Сувдаа...” /хх-ийн 60/

            9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Их гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хохирогч Э.Мөнхтөрд хүлээлгэн өгөв...” /хх-ийн 61/

            10. Хохирогч Э.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө би өөрийн найз Хатанхолбоо, Батхүрэл нартай уулзаж бид гурав хамт Баянзүрх дүүргийн Сансарын тэнд нэг бааранд орсон юм. Тэр бааранд Батхүрэл Алтансэлэнгэ гэх тэр охинтой танилцсан. Тэгээд Хатанхолбоо, Батхүрэл, Алтансэлэнгэ бид дөрөв хамт тэр баарнаас гарч 04 цаг өнгөрч байхад манай гэрт очиж унтацгаасан. Манай гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоот. Би уг байрандаа ганцаараа амьдардаг юм. Өглөө босоод харахад миний стенкнээс 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69, 70-72/

            11. Эд зүйлийн үнэлгээ: “...Их гарын 2 мөнгө аяга...тус бүр 1.000.000 төгрөг...комиссын үнэлгээ 2.000.000 төгрөг...Бага гарын мөнгөн аяга 2 ширхэг...тус бүр 500.000 төгрөг...комиссын үнэлгээ 1.000.000...нийт 3.000.000 төгрөг...” /хх-ийн 95, 97/

            12. Хохирогч Ж.Хатанхолбоогийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Мөнхтөр, Батхүрэл нартай уулзсан. Тэгээд бид гурав Сансарт “Парис” нэртэй бааранд орсон. Тэр бааранд бид гурав Алтансэлэнгэ гэх эмэгтэйтэй танилцаж нэг ширээнд суусан. Тэндээс бид 4 хамт гарч “Шөлөндөө” гэх хоолны газарт орж хоол идээд Мөнхтөрийн гэрт очсон. Мөнхтөрийн гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоотод байдаг. Бид дөрөв хамт хонохоор болоод 05 цагийн орчимд унтацгаасан. Өглөө 08 цаг 40 минутын орчим бид нар сэрсэн. Сэрээд харахад Мөнхтөрийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга нь алга болсон, миний цүнхэнд байсан эд зүйлсийг гаргаад орхисон. Цүнх маань байхгүй байсан. Нөгөө танилцсан Алтансэлэнгэ нь байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөнхтөрийн гэрээс Алтансэлэнгэ гэх охин 4 ширхэг мөнгөн аягыг нь стенкнээс нь хулгайлан авсан, мөн миний цүнхийг авч явсан байсан. Тэрнээс өөр тэр аягануудыг хулгайлан авах хүн байгаагүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/

            13. Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 77/

            14. Иргэний нэхэмжлэгч А.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 11-12 цагийн орчим ажил дээрээ байж байтал 20 гаран насны эмэгтэй 4 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавихаар орж ирсэн. Тэр хүнд цахим үнэмлэх байхгүй, гадаад паспорт нь байсан. Тэгэхээр нь “манайх гадаад паспортаар үйлчлэхгүй, та цахим үнэмлэхнийхээ лавлагааг аваад хүрээд ир” гэхэд тэр хүн яваад лавлагаагаа аваад хүрээд ирсэн. Лавлагааг харахад Дорноговь аймгийн хаягтай байсан учраас “манайх хөдөө орон нутгийн хаягаар үйлчлэхгүй, Улаанбаатар хотын хаяг байгаа юу” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгэхээр нь “авах боломжгүй юм байна” гэхэд “би хамт явж байгаа ахынхаа бичиг баримтаар тавьчих уу” гэсэн. Тэр хүн чинь өөрөө байх ёстой, өөрийг нь дагуулаад ирэхгүй юу” гэхэд буцаж гараад өөрөөс нь 2-3 насны ах байрын залууг дагуулж орж ирсэн. Тэр залуу нь Сонгинохайрхан дүүргийн хаягтай байсан. Нэр нь Ням-Очирын Жавхлан, ПН89062712 регистрийн дугаартай байсан. Утасны дугаарыг нь асуухад 94666496 гэж хэлсэн. Бичиг баримтных нь зурагтай өөрийнх нь зурагтай таарч байсан. Тэгэхээр нь мөнгөн аягыг үнэлээд “1.150.000 төгрөг болох юм байна, сарын хүү нь 5 хувь” гэж хэлэхэд тэр эмэгтэй зөвшөөрч 1.150.000 төгрөгийг авч явсан. Гэрээнд тэр эрэгтэй гарын үсэг зурсан. Уг мөнгөн аягануудыг хулгайн аяга гэж огт мэдээгүй. Тэр аяганууд өөрийнх нь л юм шиг тэр эмэгтэй бариад явж байсан. Тэр өдрөөс хойш 10-аад хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж танайд 4 ширхэг, хулгайн мөнгөн аяга барьцаанд тавигдсан байна гэж хэлж мэдэгдэж, ирж хурааж авч явсан...Уг 4 ширхэг мөнгөн аягануудыг хураагаад явчихсан учраас одоо бид нарын зүгээс зээлэнд өгсөн 1.150.000 төгрөгийг хүүгийнх нь хамт нэхэмжилж гаргуулан авмаар байна. Хүүний мөнгө нь 1 сарын 57.500 төгрөг. Одоо бараг 2 сар болж байгаа учраас би нийт 1.265.000 төгрөгийг гаргуулан авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/

            15. Гэрч Б.Батхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө найз Мөнхтөр, Хатанхолбоо хоёртой уулзаж Сансарт “Парис” нэртэй бааранд орсон. Тэгээд тэр бааранд Алтансэлэнгэ гэх эмэгтэйтэй танилцаж нэг ширээнд суусан. Тэгээд бид 4 хамт гарч “Шөлөндөө” гэх хоолны газарт орж хоол идээд Мөнхтөрийн гэрт очсон. Мөнхтөрийн гэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоот. Тэнд хонохоор болоод унтацгаасан. 05 цаг болж байсан. Өглөө 08 цаг 40 минутын орчим бид нар сэрсэн. Сэрээд харахад Мөнхтөрийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга нь алга болсон, нөгөө танилцсан Алтансэлэнгэ нь байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Би бол ямар ч эд зүйл хулгайд алдаагүй. Мөнхтөрийн гэрийн стенкэнд байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Хатанхолбоогийн цүнх нь байхгүй. Эд зүйлсийг нь орон дээр тараасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/

            16. Гэрч О.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би ажилгүй амарчихсан байсан учраас өөрийнхөө эзэмшлийн 08-07 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн машинаараа таксинд явсан. 11 цагийн орчим би “Гранд Плаза” төвийн уулзвараар эргэтэл Сайн ломбардны үүдэн дээр 20 гаран насны эмэгтэй такси барих гээд зогсож байсан. Би тэр эмэгтэйг суулгаад хаа хүрэх вэ гэхэд “Баянгол дүүрэг орно” гэсэн. Тэгэхээр нь Баянгол дүүрэг дээр очсон. Удаагүй тэр эмэгтэй ТҮЦ машинаас лавлагаа авлаа гээд бариад гарч ирсэн. Тэгээд буцаад нөгөө Сайн ломбардны гадаа очсон. Тэр эмэгтэй ломбард руу лавлагаагаа бариад орсон. Эргэж гарч ирээд “энэ лавлагаагаар ломбарданд юм тавьж болохгүй байна, та хотын хаягтай юу, таны бичиг баримтаар ломбарданд юм тавих гэсэн юм” гэсэн. Тэр эмэгтэй өөрийнхөө юмыг л тавих гээд байгаа бололтой хөөцөлдөөд гүйгээд байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд дагаад бичиг баримтаа аваад ломбарданд ортол лангуун дээр нь 4 ширхэг мөнгөн аяга гаргаад тавьсан байсан. Тэр ломбардны ажилтан миний бичиг баримтыг хараад “за за, авах үедээ та хоёр хамт ирж аваарай” гэж хэлсэн. Би ломбардны бичиг баримтан дээр нь гарын үсэг зурсан. Яг хэдэн төгрөгөнд тавьсаныг нь би мэдэхгүй байна. Надад бичигний нэг хувийг өгөөгүй, нөгөө эмэгтэй өөрөө авсан. Би тэр эмэгтэйд туслъя гэж бодоод л бичиг баримтаа өгч нэр дээрээ тэр 4 ширхэг мөнгөн аягыг нь тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87/

            17. Шүүгдэгч Б.Алтансэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар хэргийн талаар мэдүүлсэн: “…Бат-Орших архи хэрэглээд нилээн согтсон байсан учир түүний ширээн дээр тавьсан карт болон 250 доллар зэргийг нь аваад халаасандаа хийсэн...Бат-Орших нойлын өрөө рүү орсон. Тэр хооронд би хувцасаа өмсөөд Бат-Оршихын өмдний халааснаас нь түүний Хаан банкны карт, бэлнээр 250 ам доллар байсныг хулгайлж өөрийнхөө өмдний халаасанд хийсэн...картнаас нь 4 сая гаран төгрөгийг авч ойр зуурын хэрэглээндээ зориулж дуусгасан...тэгээд унтахыг нь хүлээж байгаад унтсан хойгуур нь гэрт нь байсан 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнхийг нь аваад гарсан...Өглөө нь би Мөнхтөрийг сэрэхээс өмнө гэрээс нь 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга аваад явсан. Бас нэг хар өнгийн үүргэвч байсныг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-114, 117-119, 121-122, 124-125/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Алтансэлэнгэ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 139/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Алтансэлэнгэ нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын 11 дүгээр байранд иргэн О.Бат-Оршихыг ариун цэврийн өрөө орсон байхад нь халааснаас нь Хаан банкны виза карт, 250 ам.доллар зэргийг, мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 70 дугаар байрны 58 тоотод иргэн Э.Мөнхтөр, Ж.Хатанхолбоо, Б.Батхүрэл нарыг унтаж байхад нь Э.Мөнхтөрийн 4 ширхэг мөнгөн аяга, Ж.Хатанхолбоогийн цүнх зэргийг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүй нууцаар сэм авч өөрийн эзэмшилд оруулан О.Бат-Оршиход  5.390.500 төгрөгийн, Э.Мөнхтөрд 3.000.000 төгрөгийн, Ж.Хатанхолбоод 5.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Алтансэлэнгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчийн бага насны буюу 2 нас 7 сар 22 хоногтой хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 141, 2хх-ийн 5/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан бөгөөд заавал хойшлуулахыг хуульчилсан зохицуулалт биш юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирогчийн хохирол төлбөр төлөгдсөн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан эсэхийг бүрэн гүйцэд нягталсны эцэст шүүгдэгчийн хувийн байдал, амьдрал ахуйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг хэрэглэх эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Гэтэл шүүгдэгч Б.Ариунсэлэнгэ нь хохирогч О.Бат-Оршиход учирсан 5.390.500 төгрөгийн,  иргэний нэхэмжлэгч А.Сувдаад учирсан 1.265.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулаагүй буюу уг гэмт хэргүүд 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 02

 

дугаар сард үйлдэгдсэнээс хойш дээрх хохирлуудыг төлөх ямар нэг оролдлого гаргаагүй байх тул шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Ж.Хатанхолбоо нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бага насны буюу 2 нас 7 сар 22 хоногтой хүүхэдтэй, түүний хувийн байдал /хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлөх боломжтой, 25 настай, эмэгтэй/ зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ” гэж зааснаар түүний эдлэх 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Жавхлангийн өгсөн “...Би Алтансэлэнгийг өмнө нь таньдаггүй байсан...Би Алтансэлэнгэд бичиг баримтаа өгч, гарын үсэг зурсан. Би мөнгө төгрөгийг нь авч тоолж ч үзээгүй, Алтансэлэнгэ өөрөө авсан...Би гарын үсэг зурчихаад гараад машиндаа сууж байхад Алтансэлэнгэ мөнгө, төгрөгийг нь тоолж хүлээж аваад араас гарч ирсэн. Би мөнгө, төгрөг аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Алтансэлэнгийн өгсөн “...Жавхлан энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би тухайн өдөр ломбарданд хулгайн эд зүйлийг тавих гэтэл миний бичиг баримтыг болохгүй гэхээр нь таксины жолооч Жавхлангийн бичиг баримтыг гуйж ломбарданд эд зүйл тавьсан. Ломбарднаас авсан мөнгөнөөсөө Жавхланд ямар ч мөнгө өгөөгүй. Би таксины 7000 төгрөгийг л өгсөн...Жавхлан тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би манай аавын эд зүйл байгаа юм гэж гуйж байгаад бичиг баримтыг нь авч тавиулсан...” гэсэн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд иргэний хариуцагч Н.Жавхлан нь тухайн 4 ширхэг мөнгө аягыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүйн гадна зөвхөн шүүгдэгч Б.Алтансэлэнгийн гуйлгаар уг эд зүйлийг өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан, мөн иргэний нэхэмжлэгч А.Сувдаагийн хэт хайрамжгүй, болгоомжгүй, хариуцлагагүй /шүүгдэгч БАлтансэлэнгийг орон нутгийн хаягтай болохыг иргэний үнэмлэхний лавлагаагаар, мөн тухайн 4 ширхэг мөнгөн аягыг иргэний хариуцагч Н.Жавлангийнх биш гэдгийг тус тус мэдсэн атлаа иргэний хариуцагч Н.Жавхлантай барьцаат зээлийн гэрээ байгуулсан/ байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг иргэний хариуцагч Н.Жавхлангаас гаргуулах үндэслэлгүй байна.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ариунсэлэнгээс 5.390.500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бат-Оршиход, 1.265.000  төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Сувдаад тус тус олгох нь зүйтэйг дурдъя.

Шүүгдэгч Б.Алтансэлэнгэ нь ам бүл 5, эх, 2 дүү /2 дугаар ангийн сурагч/ 2 нас 7 сар 22 хоногтой хүүхдийн хамт амьдардаг болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 5/-оор тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараах эрх эдэлнэ гээд 71.1.1 дэх заалтад “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” гэж зааснаар шүүгдэгч Б.Алтансэлэнгийн 2 нас 7 сар 22 хоногтой хүү Б.Тайширт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ариунсэлэнгэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, түүний энэ хэрэгтээ цагдан хоригдсон 118 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Оточ овогт Баясгалангийн Алтансэлэнгийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Оточ овогт Баясгалангийн Алтансэлэнгийг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтансэлэнгэд 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунсэлэнгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Б.Ариунсэлэнгэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунсэлэнгээс 5.390.500 /таван сая гурван зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Бат-Оршиход, 1.265.000 /нэг сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Сувдаад тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтансэлэнгийн 2 нас 7 сар 22 хоногтой хүү Б.Тайширт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад даалгасугай.

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ариунсэлэнгэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ариунсэлэнгэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР