| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/1061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1124 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1124
2024 12 12 2024/ШЦТ/1124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/,
хохирогч С.Т,
шүүгдэгч О.О, Б.Т , тэдгээрийн өмгөөлөгч С.Даваасүрэн,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З овгийн М-ын Э, А овгийн Б-ын Т ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овгийн О-ийн О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т , Б.Н, М.Э нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна хохирогч С.Тийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Ай фоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь Э.Этой бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна О.Сын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч О.Сын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож баруун нүдний гадна булан, дээд, доод зовхи, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн уншиж танилцуулсан хугацаанд тухайн хэрэг болсон. Би хуриманд орчихоод гэртээ харих гээд орцныхоо үүдэнд явж байсан. Намайг хүүхдүүд тойроод яваад байхад би анзаарсан. Тухайн үед шүүгдэгч нар бүсэлсэн байдалтай гарч ирсэн. Эд зүйлээ өгөхгүй бол тэгнэ шүү, ингэнэ шүү гэсэн утгатай үг хэлсэн, гэхдээ би одоо ямар үг гэдгийг нь санахгүй байна. Над дээр ирсэн хүмүүс “юмаа өгөхгүй бол асуудал үүснэ шүү” гэхээр нь “би асуудалд ормооргүй байна” гэж хэлсэн. Орц руугаа орох гэж байхад машинууд дундаас гарч ирэхээр нь би асуудал үүсгэмээргүй байна шүү гэж хэлсэн. Намайг нэгжихээр нь би эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үед намайг цохиж зодоогүй. Одоо бол надад гомдол, санал байхгүй. Бидний бүтээсэн нийгэм ийм учраас хүүхдүүдийг ойлгож байна. Залуу хүүхдүүдийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед 19 настай байсан. Анх эхнэртэйгээ хамт амьдардаг байсан” гэв.
Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ харамсаж ухаарч байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэж амлаж байна” гэв.
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Тухайн хэрэг 2022 онд болсон. Би тухайн үед очиж гар утсыг нь авсан нь үнэн. Тэр байрны нөгөө талаас Орчлон ирсэн тэгээд бид 5 гар утсыг нь авч зугтаасан. Гэм буруугаа хүлээж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн **************дугаартай хэргээс:
Улсын яллагч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 53-54-р хуудас/, хохирогч С.Тийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, хохирогч О.Сын мэдүүлэг /2-р хх-ийн 3-р хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-22-1837 дугаар “Үнэлгээний дүн:2,275,000₮ /хоёр сая хоёр зуун далан таван мянган төгрөг/” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 87-88-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11294 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 90-91-р хуудас/, яллагдагч Б.Т ий мэдүүлэг /1-р хх-ийн 9-10-р хуудас/, өсвөр насны яллагдагч О.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/, яллагдагч М.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.О, Б.Т , тэдгээрийн өмгөөлөгч С.Даваасүрэн “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-22-1837 дугаар “Үнэлгээний дүн:2,275,000₮ /хоёр сая хоёр зуун далан таван мянган төгрөг/” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 87-88-р хуудас/, шүүгдэгч М.Эын хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 19-р хуудас/, шүүгдэгч О.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 23-25-р хуудас/, О.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 27-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 28-р хуудас/, Б.Т ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 35-р хуудас/, нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-ийн 116-117 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Буджав яллагдагч Б.Т гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9-10-р хуудас/, хохирогч С.Тийн мэдүүлэг /2-р хх-ийн 57-58-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч С.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч О.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Т , М.Э, О.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.Т , Б.Н, М.Э нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна хохирогч С.Тийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Ай фоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь Э.Этой бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна О.Сын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч О.Сын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож баруун нүдний гадна булан, дээд, доод зовхи, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 53-54-р хуудас/,
- Хохирогч С.Тийн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 0300 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нарангийн урд талын 47 дугаар байрны орчимд өөрийн найз О.Сын хамт явж байгаад салаад явах үед үл таних 7 залуу ирээд миний гар утсыг дээрэмдэж авсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн үед 173 см орчим өндөртэй туранхай шар царайтай залуу над дээр ирээд миний утсыг авахдаа “Утасныхаа кодыг тайл” гэж хэлэхээр нь тухайн залууд тайлж өгсөн ба ойролцоогоор 18-20 орчим насны залуу шиг харагдсан. Өмсөж явсан хувцас нь цагаан фудволк, хар шорттой, байсан санагдаж байна. Сүүлд ирж намайг цохих гэж оролдсон залуу нь буржгар “Регги” үстэй, үс нь шар өнгөтэй байсан. Миний алдсан гар утас нь “Ай фон икс эс” загварын гар утас бөгөөд 2020 онд Мобикомоос 1,700,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо гар утсаа зах зээлийн үнэ ханшаар нь үнэлнэ. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн хүмүүс өөрсдийгөө нэрээр дуудаагүй... Би хуримд орчхоод гараад ирсэн учраас нэлээн согтуу байсан. Тэдгээр хүмүүс ямар нэгэн зэвсгийн чанартай зүйлгүй байсан... Намайг дээрэмдсэн хүмүүсийг олж тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/,
- Хохирогч О.Сын: “...2022 оны 08 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө найз С.Одхүүгийн хуримаас найз С.Тийн хамтаар гараад дэлгүүрээс 4 ширхэг пиво авсан. Тэгээд пивоо уунгаа төв замаар алхаж байгаад “Хүүхдийн 100”-н “Бра Хаус”-аар урагшаа эргээд “Номин” супермаркетын хажууд байрлах байрны тоглоомын талбайтай хэсэг дээр юм ярьж суунгаа пивоо ууж дуусгаад тэндээс бид 2 салаад гэр гэр лүүгээ явсан... миний араас 16-18 насны 2 залуу ирээд “Юм асууя” гэхээр нь эргэж хараад юм хэлэхийн завдалгүй нэг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Яг хэн нь цохисон эсэхийг хараагүй. Харанхуй байсан. Тэгээд би цохиулаад газарт унаад байж байхад халимаг үстэй залуу нь миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн ба тэр үед нөгөө залуу нь миний энгэрийн халаасанд байсан “Ай фон 11 про макс” загварын гар утсыг авсан. Тэгээд надаас Утасныхаа кодыг хэл” гэхээр нь “Санахгүй байна” гэхэд халааснаас утас авсан залуу миний нүүр лүү дахин 2 удаа цохихоор нь би кодоо хэлж өгсөн. Тэгээд тэр 2 миний гар утсыг аваад “Номин”-тай байрны цаагуур ороод зугтаасан. Мөн тэр залуучууд манай найз С.Тийн гар утсыг дээрэмдсэн байсан. Надад хохирол барагдуулаагүй байгаа. Гар утасны хохирлоо барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 3-р хуудас/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-22-1837 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 87-88-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11294 дугаартай: “О.Сын биед баруун нүдний гадна булан, дээд, доод зовхи, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-91-р хуудас/,
- Яллагдагч Б.Т гийн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны орой 1800 цагийн орчимд би найзууд болох М.Э, Э.Э, О.О нартай уулзсан... М Э, Э.Э, О.О нарын хамтаар “Голомт” хотхоны 13 давхарт орцонд 2 литрийн том пиво нэгийг хувааж уусан... шөнө 0200 цагийн орчимд гараад бид хэд хоорондоо 'Мөнгөтэй болох уу” гэж ярилцаад “Хүн зодож мөнгийг нь авч зугтана” гэж ярьсан. бөөндөө “Хүүхдийн 100”-руу явж байгаад нэг байрны тоглоомын саад дээр 2 согтуу ах зогсож байсан ба “Энэ 2 ахыг цохичих уу” гээд хоорондоо ярилцаад хэсэг харж зогссон... тэр 2 ах байрын 2 талаар салаад явахаар нь бид хэд хуваагдаж араас нь явахаар болоод М Э, Б.Н хоёртой хамт пиджактай туранхай өндөр ахын араас явж байхад тэр ах эргэж хараад байсан... М.Э “Яасан, хараад байна уу” гэж тэр хүнд хэлсэн. Тэр ах юм хэлэхгүй байсан. Тэгээд М.Э бид 2 тэр ахын араас нь очсон Б.Н байрны буланд ард үлдсэн... М.Э бид 2 тэр ахад хандаж “Байгаа бүх юмаа өгөөд явчих гэж хэлсэн чинь “Ахад нь пиво байна энийг авах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Ахаа бид нар пиво уудаг хүүхдүүд биш” гэж хэлсэн. Тэр үед М.Э тэр ахын халааснаас нь тэмтэрч үзээд “Энд гар утас байна” гэж надад хэлэхээр нь би гар утсыг нь халааснаас шууд М.Эт өгсөн. М Э тэр ахад хандаж “Утасныхаа кодыг хэл гэхэд тэр ах “Яах гээд байгаа юм бэ” гээд хэлээгүй. Тэгэхээр нь би “Ахаа кодоо хэлчих л дээ гэсэн чинь тэр ах “Код гаргасан ч гэсэн Ай Ди /Ю/-тай утас та нарт хэрэг болохгүй” гэсэн. Ингээд байж байхад байрны нөгөө талд буюу О.О, Э.Э нарын явсан талд хүн аймар орилох чимээ гарахаар нь М.Э “Харчхаад ирье” гэсэн. О.О гартаа гар утас барьчихсан байсан ба Э.Э бид нарын уулзаж байсан ахыг зодох гэж дайрахаар нь М.Э болиулаад бүгдээрээ тэр газраас зугтаасан. Би О.О Э Э нараас тэр хүний гар утсыг яаж авсан талаар асуухад “О.О тэр ахаас цаг асуугаад утсаараа нэг яриулчих гэж хэлэх хооронд Э.Э тэр хүнийг цохиод, унасан гар утсыг нь О.О аваад тэгээд тэр утасны кодыг Э.Э эзнийг нь цохиж байгаад хэлүүлсэн” гэж ярьсан. Тэгээд тэндээ гар утаснуудаа үзэхэд О.О, Э.Э нар нь “Ай фон 11”, харин М.Э, Б.Н бид гурвын авсан утас “Ай фон икс эс” загварын утас байсан... маш их гэмшиж байна. Урьд нь би хэрэгт холбогдож байгаап/й...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 09-10-р хуудас/,
- Өсвөр насны яллагдагч О.Оын: “...Э.Э тэр ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод тэр ахыг газарт унагаасан ба тэр ахын халааснаас нь гар утас нь унахаар би тэр утсыг нь аваад үзэхэд дэлгэцийн кодтой байхаар нь Э.Эд “Кодтой байна гэж хэлэхэд Э.Э тэр ахыг “Кодоо хэл” гэсэн чинь тэр ах “Санахгүй байна” гэж хариулсан. Э.Э тэр ахын нүүрэнд нэлээн хэдэн удаа цохисон. Би бас хажуу талаас нь тэр ахын толгой руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,
- Яллагдагч М.Эын: “...О.О, Э.Э нар дагаж явсан ахыгаа цохиод халааснаас нь гар утсыг нь авсан гээд “Ай фон 11 про макс” загварын гар утас гаргаж ирсэн. Тэр 2 хэлэхдээ “Гар утасны кодыг нь зодож байгаад хэлүүлсэн” гэж ярьж байсан Тэр 2 тэгээд “өөрсдийнхөө гар утсыг өөрсдөө авна” гээд байсан. Б.Н, Б Т бид гурвын авсан “Ай фон икс эс” загварын гар утас нь кодтой байсан болохоор Б.Т газарт саваад эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг болон 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэнд, эд хөрөнгийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Т , М.Эын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчийн нарын хувьд хохирогч С.Тийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй ямарваа нэгэн үг хэлж, үйлдэл хийгээгүй тул тэдгээрийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгодог.
Дээрх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдарын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бол энэхүү заналхийлэх шинж тогтоогдож байхад бодит байдалд хүч хэрэглээгүй гэсэн шинжээр дээрмийн гэмт хэргийг үгүйсгэж болохгүй юм.[1]
Өөрөөр хэлбэл, хүч хэрэглээгүй тохиолдол бүрийг хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Т , М.Э нарын үйлдэл буюу олуулаа хохирогчийг бүсэлж авсны улмаас хохирогч С.Тийн сэтгэл зүйд айдас, түгшүүр бий болж улмаар хохирогч нь өөрийн биед байгаа гар утсыг гаргаж өгч байгаа нь хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэв.
Харин шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч нарын зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба шүүхээс зөвхөн шүүгдэгчийн өөрийн гэмт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг бус мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж дүгнэсэн болно.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Т , Б.Н, М.Э нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна хохирогч С.Тийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Ай фоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь Э.Этой бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна О.Сын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч О.Сын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож баруун нүдний гадна булан, дээд, доод зовхи, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т , О.О, М.Э нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Т , М.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Тт 725,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч О.Сод 1,550,000 төгрөгийн эд хөрөнгийн болон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Б.Т , О.О, М.Э нар нь хохирогч С.Т, О.С нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Т , О.О, М.Э нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж, нийт эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоолгох, мөн шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Ж.Буджаваас “Миний үйчлүүлэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар заасан хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгч Б.Т , О.О нарын өмгөөлөгч С.Даваасүрэнгээс “Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээг оногдуулах, шүүгдэгч О.От ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 9 сар 08 хоногтой байсан зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязаарлах ял оногдуулах, мөн оногдуулах ялыг хөнгөрүүлэх” саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Т , О.О, М.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч О.О нь 15 нас 9 сар 08 хоногтой /2-р хх-ийн 116-р хуудас/, шүүгдэгч Б.Э нь 17 нас 1 сар 22 хоногтой /2-р хх-ийн 118-р хуудас/ буюу өсвөр насны шүүгдэгч нар байсан тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг буюу мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Учир нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон ба энэ нь хууль зүйн бичвэр болон агуулгын хувьд хоёрдмол салаа утгагүй, нэг мөр ойлгохоор илэрхийлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба өсвөр насны байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүн шүүхээр шийдвэрлэх үедээ насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн ямар нэгэн заалт хуульчлагдаагүй байхад ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг зөрчих төдийгүй, түүний хууль ёсны шинжид харшлах болно.[2]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч О.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч М.Э, Б.Т , О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн М-ын Э, А овгийн Б-ын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овгийн О-ийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч О.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , М.Э, О.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.Т , М.Э, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.Т , О.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ