Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/892

 

  

 

 

 

 

 

 

 

    2024           11           12                             2024/ШЦТ/892

 

 

                          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн

улсын яллагч Э.Анударь

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө 01:00 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ дотор хохирогч ***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгье. Би ажлаа тараад бага зэрэг согтуу, ТҮЦ-ээс тамхи авахаар ороод тэр ахтай маргалдаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулж шийдвэрлэх учрыг ойлгож байгаа. Манай дүү нурууны хагалгаанд орох гэж байгаа тул надад оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 9 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах ТҮЦ дотор байж байхад гаднаас үл таних 20 гаран насны эрэгтэй орж ирээд наймаа хийгээд мөнгөө шилжүүлэхгүй байхаар нь маргасан. Би гар гээд гаргасан чинь эргэж орж ирээд шүд рүү цохисон. Тэгээд миний дээд хоёр үүдэн шүд унасан” /хх-н 7-8/ гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Барилгачдын баяр болоод ажлынхантайгаа машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэр рүүгээ харихаар явсан. Гэр рүүгээ харих замдаа нэг баар ороод хоёр лааз пиво авчхаад гэр рүүгээ явахаар таксинд суусан. Тэгээд Гандангийн ардын хоршооны буудал дээр буугаад гэр рүүгээ алхсан. Тэгээд би тамхи авахаар ТҮЦ орсон. Тэгээд тамхи авахдаа 4500 төгрөг биз дээ гэж тодруулж асуусан. Би мөнгөө шилжүүлчхээд гүйлгээ хийснээ харуулсан. Тэр ах намайг за хүлээж байгаарай, би хүнээс асууя гээд нэг хүн рүү залгасан. Тэгээд нөгөө хүн нь орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд түцний ах тамхиа өгөх гэж байснаа болиод 4500 төгрөг биш 5000 төгрөг шүү дээ гээд байсан. Тэгээд би юу яриад байгаа юм бэ та сая 4500 төгрөг гэж хэлсэн биз дээ гэсэн. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдаад намайг гарах гэж байхад түцний ах араас түлхсэн. Тэгээд түцний ах над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь би яагаад салаавч гаргаад байгаа юм, өөрөө май гээд салаавч гаргасан гээд салаавч гаргах гээд бага зэрэг хүчтэй гараа дээшлүүлсэн чинь шүд рүү нь цохичихсон. Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулсан” /хх-н 34-36/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... . ***ын биед баруун дээд 1/11/, зүүн дээд 1/21/-р шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-р алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.6.42.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн 11959 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 15-16/ ба таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтууд нь шүүгдэгч ***ын гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэхээр байна. Гэвч шүүгдэгч *** энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 45/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-30/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 43/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч ***“... надад гомдол, санал байхгүй, хохирлоо барагдуулж авсан” гэжээ. /хх-н 49/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ