Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/914

 

 

 

 

 

 

 

 

    2024           11           15                                    2024/ШЦТ/914

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь “архи задалж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч *** хэрүүл маргаан үүсгэж, улмаар 2024 оны 8 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадна ил авто зогсоол дээр байрлуулаад орхисон байсан түүний эзэмшлийн *** улсын дугаартай, “Тоёота камри” маркийн тээврийн хэрэгслийн салхины урд, хойд шил болон хаалгануудын шил, копут, багажийн таг зэрэг эд ангиудыг тоосгоор цохих, зурах зэргээр санаатай эвдэж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 2.150.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Буруутай үйлдэл хийсэн гэдгээ ойлгож, маш их гэмшиж байгаа тул дахин ярих зүйл надад байхгүй. Би хааяа хааяа архи уучхаад байдаг юм. Цаашид архи уухаа болино. Хохирогчид эхлээд 1 сая төгрөг, дараа нь 250.000 төгрөг, хамгийн сүүлд 900.000 төгрөг нийт 2.150.000 төгрөг өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сарангэрэл гэх хүний хурим болж, хуримаас гарч ирээд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 66-42 тоотод ирсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийг тухайн байрны авто зогсоолд байршуулаад орсон. Баянзул гэж хүний гэрт Лхамаа, Баянзул, Цээпилмаа, Чаминчулуун нар архи хувааж уусан. Ууж дуусаад Чаминчулуун айлд орж ирээд архи задалж өгөхгүй байна гэж хэрүүл болсон. Чаминчулуун намайг зайл гэж хэлээд хэл амаар доромжлоод босож ирээд ээж Цээпилмаа руу ном шидэж тэнд байсан шилэн эд зүйлийг хагалсан. Хэсэг хугацааны дараа Чаминчулуун намайг машинаасаа миний цүнхийг авч ир гэсэн тул би гарах гэж байх үед ирээд миний зүүн хөмсөгний дээд талд гараараа нэг удаа цохисон. Би тэндээс гараад машинаас цүнхийг нь аваад буцаад орох үед Чаминчулуунтай таарч бид маргалдаж би буцаад гэрт орохоор алхах үед миний араас Чаминчулуун нь би чиний машины шилийг хагална гэж хэлсэн. Би дотогш ороод гараад ирэх үед миний машины шилийг хагалсан байсан тул цагдаа дуудсан. Чаминчулуун архи задалж өгсөнгүй гэх шалтгаанаар уурлаж бид маргалдсан. Хөх өнгийн өвдгөөр татсан дээл, урт ягаан өнгийн үстэй байсан. 2024 оны 8 дугаар сарын 20-ны 01 цаг өнгөрч байсан. Надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Эд зүйлээ бүрэн бүтэн төлүүлмээр байна” /хх-н 07-09/ гэж,

гэрч *** “... тухайн өдөр манай төрсөн эцэг Сэрчингийн дүү Цэрэндоржийн охин Сарангэрэлийн хурим болсон. Хурим дээр миний төрсөн дүү Лхамаа нь эхнэр Чаминчулууны хамтаар ирсэн. Бид нар хуримд оролцож байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хуримд оролцож дуусаад Баянзул, Оюунгэрэл нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо руу явсан. Тухайн үед төрсөн охин Цэнд-Аюушийн машинаар хүргэж өгсөн. Машинд Цэнд-Аюуш, би, Лхамаа, Чаминчулуун, Баянзул, Оюунгэрэл нар явсан. Тухайн айлын гадаа ирээд орохоосоо өмнө дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Едэн гэх нэртэй архи болон 4 сав пиво авч орсон. Айлд ороод авч ирсэн зүйлээ ууж байх үед цаг 00 цаг өнгөрч байсан. Айлын эзэгтэй орой болсон тул одоо унтаж амармаар байна гэж хэлэхэд Чаминчулуун нь айлд авч ирсэн архийг уумаар байна гэж хэлэхээр нь Оюунгэрэл нь одоо унтаж амармаар байна гэж хэлэхэд Чаминчулуун архи ууна гэж уурлаад байхаар нь би авч орж ирсэн архиа ууна гэж юу байсан юм гэж хэлээд Чаминчулуунд уурласан. Чаминчулуун нь над руу болон миний охин руу гичий, пизда гэж уурлаад, мөн Цэнд-Аюушаа ээжийгээ аваад яв гэж хэлэх үед айлын эзэгтэй Оюунгэрэл чи өрөө яв гэж хэлэх үед Чаминчулуун над руу ном шидсэн. Шидсэн ном нь намайг онолгүй өөр зүйл оносон.         Айлын эзэн нь уурлаад Лхамааг сэрээгээд одоо явцгаая гэж хэлсэн. Лхамаа, Чаминчулуун нар гэрээс гарахаар болсон. Тэр үед Цэнд-Аюуш нь машинаасаа Чаминчулууны цүнхийг гаргаж өгөхөөр хамт гарсан. Чаминчулуун машинаас нь цүнхээ аваад цааш явахаар нь манай охин тухайн айлаас намайг аваад машин дээрээ очих үед Цэнд-Аюушийн машины шилийг хагалсан байсан. Тухайн үед орсон айлдаа авч ирсэн архиа ууна гэж хэлсний улмаас маргалдсан. Өндөр өсгийтэй гутал, хар хөх өнгийн дээлтэй байсан. Би тухайн бичлэгийг үзсэн. Хэрэг болсон өдрийн маргааш айлын эзэгтэй Оюунгэрэл нь тухайн байрны СӨХ-ийн групп дээр ийм бичлэг тавигдсан байна гэж хэлээд үзүүлсэн. Чаминчулуун нь мөн байсан. Тухайн үед өмсөж явсан хувцас болон урт үсээр нь таньсан. Мөн Чаминчулуунтай маргааш нь холбогдоход өөрөө хагалсан гэдгээ хүлээгээд манай охины данс руу 1 сая төгрөг шилжүүлээд шилээ бүтэн болгоорой гэж хэлсэн” /хх-н 11/ гэж тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж устгасан эсхүл гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч ***д холбогдох энэ хэрэгт “Хас Үнэлгээ” ХХК хөрөнгийн үнэлгээ хийхэд хохирогч ***ийн эзэмшлийн автомашины эд зүйлсийг 2.150.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 14-17/

 

“Устгах” гэдэг нь тухайн эд зүйл, хөрөнгийг зориулалтын дагуу дахин ашиглах боломжгүй болгосон, эсхүл бүрмөсөн алга болгосныг, харин “гэмтээх” гэдэг нь тухайн эд зүйл, хөрөнгийг сэргээн засварласнаар дахин ашиглах боломжтойг ойлгоно.

 

Шүүгдэгч ***ы гэм буруутай үйлдэл болох хохирогч ***ийн эзэмшлийн автомашинд хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн “эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн” аль аль шинжийг хангаж байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж, түүний хувийн байдал /үүнд: тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 01 нас 10 сартай хүүхэдтэй гэх байдал/, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзсан болно.

 

Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-н 42/,  регистрийн дугаарын лавлагаа /хх-н 43/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***ийн автомашинд учирсан хохиролд 2.150.000 төгрөгийг шүүгдэгч *** төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,

2 ширхэг тоосгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ