Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/915

 

  

 

 

 

 

 

 

     2024           11          15                                   2024/ШЦТ/915

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стрийт” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч ***тай төлбөр тооцооны асуудлын улмаас маргалдаж түүний нүүр рүү нь гараараа олон удаа цохих, хоолойг нь боож газарт унагах үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, дагзны хуйх, хүзүү, цээж, баруун дал, бугалга, хоёр гуянд цус хуралт, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул би дахин мэдүүлэхгүй. Хохирлын мөнгийг төлөөгүй байгаа. Миний хувьд 1 жил гаруй хугацаанд ажилгүй байж байгаад энэ ажилд орсон. Надад ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байхгүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... 2024 оны 5 дугаар сарын 05-ны шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Стрийт клаб руу найз Даваанямын хамт орсон. Бааранд ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тооцоогоо хийхээр болсон чинь 50.000 төгрөгийн тооцоо дутсан. Хамгаалагч нь намайг хаанахынх вэ? гэж асуусан. Би Толгойтынх гэдгээ хэлсэн. Гэтэл надаас баахан танихгүй хүмүүсийн нэр хэлээд асуугаад байсан. Тэгснээ надаас 50.000 төгрөгийн тооцоог нэхэж эхэлсэн. Манай найз Давааням надад хэлэлгүйгээр дутуу тооцоогоо авч ирэх гээд явсан юм байна лээ. Тооцоогоо өгөөч гээд хэлэхээр нь өгнө ш дээ гээд чанга хэлчихсэн юм. Тэгсэн чинь баарны хамгаалагч нь чи ямар том дуутай юм бэ? гээд намайг угаалгын өрөө рүүгээ ганцаараа чирсэн. 185 см орчим өндөртэй, махлагдуу, хоёр гартаа битүү шивээстэй, халзан, онигордуу нүдтэй, жаахан шаймий эрүүтэй, бордуу царайтай залуу байсан. Угаалгын өрөөнд оруулаад хамгаалагч залуу нь намайг хоёр гараараа миний хүзүүнээс боож эхэлсэн. Намайг ухаан алдах гээд ирэхээр нь буцаж тавиад байсан. Билгүүнбаяр гэдэг залуу нь нэг найзын хамт угаалгын өрөөнд орж ирээд болиулсан” /хх-н 15-19/ гэж,

гэрч *** “... би цагдаагийн алба хаагч учраас ямар нэгэн зодоонд оролцоогүй. Хамгаалагч нь гэх хоёр гартаа байхаа шивээстэй, 170-175 см орчим өндөртэй, махлагдуу, 100 кг гарсан жинтэй байх, онигор, шаймийдуу залуу тухайн бааранд үйлчлүүлж байсан эрэгтэйг зодсон. Хамгаалагчид зодуулсан залуу нь баарны гадаа ямар ч хамаагүй хүмүүс рүү хөөе лалруудаа гээд салаавч гаргаад байсан. Би очоод чи ингэж болохгүй ээ гэхэд тэр залуу нэлээн согтуу байсан. Тэгээд би Баянбүрд рүү явчхаад буцаад баарны гаднаас машинаа авхуулахаар ирэхэд цагдаагийн машин ирчихсэн байсан. Би очоод юу болсон юм бол гээд асуухад гомдол гаргасан байна гээд намаг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ирэхэд зодуулсан залуугийн аав, ээж нь хамт сууж байсан. Аав, ээж хоёрт нь юу болсныг тайлбарлаж өгсөн. Би Өлзийжаргалын хамт угаалгын өрөө орох гээд алхаж байхад зодуулсан залуу нь угаалгын өрөөний үүдний хэсэгт, хамгаалагч нь гэх хоёр гартаа байхаа шивээстэй, 170-175 см орчим өндөртэй, махлагдуу, 100 кг гарсан жинтэй байх, онигор, шаймийдуу залуутай маргалдаад зогсож байсан. Хамгаалагч залуу нь шууд гомдол гаргасан залуугийн нүүр рүү нь гараараа цохиж эхэлсэн. Бид хоёр хамгаалагч залууг салгасан. Салгачхаад угаалгын өрөө рүү орчхоод буцаад гарч ирэхэд хамгаалагч залуу нь гомдол гаргасан залуугийн урдаас нь хоолойг нь боогоод крантны доод талын шал руу унагаасан. Гомдол гаргасан залуу нь газар шалан дээр ухаан алдаад уначихсан. Бид хоёр угаалгын өрөөнөөс хамгаалагч залууг нь аваад гаргасан. Гомдол гаргасан залуу нь сэргээд гараад ирсэн. Хамгаалагч залуу нь шууд очингуутаа гомдол гаргасан залууг цохиод унагаасан. Тэгээд гарах шатны дэргэд хамгаалагч залуу нь нөгөө залууг авч очоод тэнд баахан маргалдаад байсан. Төлбөр тооцооны асуудалтай бололтой хамгаалагч нар нь мөнгө нэхээд байсан. Би найзынхаа хамт ширээндээ очиж суусан” /хх-н 21-22/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, дагзны хуйх, хүзүү, цээж, баруун дал, бугалга, хоёр гуянд цус хуралт, хүзүү, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногоос дотогш цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 6111 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 28-29/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ хохирол төлсөн эсэхийг харгалзсан болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй, өөрөөр хэлбэл бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг төлөхөөр байгаа шүүгдэгчийн хувьд түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

Нөгөөтээгүүр шүүгдэгч ***ын үйлдсэн энэ гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй байхаас гадна хэргийн үйл баримт нь түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудтай гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Энэ ч утгаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ... -ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүх шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаас гадна тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу “... шөнийн цэнгээний газар, баар, караокед хамгаалагчаар ажиллахыг” нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авав.

 

Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагаврыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 70/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 69/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 71/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 367.500 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч *** төлөөгүй байх тул дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн мөрдөгчөөс хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 33/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Прокурорын яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “Яллагдагч Я.Батбаатар нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ... Намуун зочид буудалд хохирогч Д.Тунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж ...” гэж дүгнэн бичжээ. /хх-н 87/

Энэ байдлыг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор М.Анхбаяр “... техникийн шинжтэй алдаа ...” гэж тайлбарлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтийн бүрдэл хэсгийг тодорхойлон заасан бөгөөд энэ шаардлагад дээрх байдал нийцэхгүй байна.

 

Гэвч хавтаст хэргээс үзвэл хяналтын прокурор М.Анхбаяр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байдаг ба уг тогтоолын Тогтоох хэсэгт нь яллагдагч ***ад холбогдох хэргийн талаар алдаагүй зөв бичсэн байна. /хх-н 01-03/

Иймд прокурорын яллах дүгнэлтэд засвар оруулах шаардлагагүй гэж шүүх үзээд, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг прокурорт анхааруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ад тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу “... шөнийн цэнгээний газар, баар, караокед хамгаалагчаар ажиллахыг” нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч *** шүүхээс хүлээлгэсэн “... шөнийн цэнгээний газар, баар, караокед хамгаалагчаар ажиллахыг 1 жилийн хугацаагаар хассан” албадлагын арга хэмжээ болох хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 367.500 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ