| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/1386/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1389 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1389
2024 12 17 2024/ШЦТ/1389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Ч.Г*******р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0000 01702 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Х***а овогт Ч*****ржийн Г*******р, Монгол улсын иргэн, Архангай аймгийн Хайрхан суманд 1969 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, урьд ял шийтгэл
Дархан хотын Эрүүгийн хэргийн шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г*******р нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********р байрны гадна талд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Б.Б*********ртэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ч.Г*******р нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********-р байрны гадна талд тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Б.Б*********ртэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын PCPJ08336170 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: ********, ...Дуудлага хүлээн авсан: 2024-09-10 09:04:10, ...Дуудлагын утга: Өчигдөр 19-20 цагийн хооронд золдуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хохирогч Б.Б*********рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** дугаар байрны урд өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай бор шаргал өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 19-20 цагийн үед таксинд хам явдаг танилууд болох Даш, Зоригоо, Зинаа нарын хамт хөзөр тоглож байтал зүс таних Г*******р гэх хүн ирээд Зинаатай муудалцаад явсан хэсэг хугацааны дараа буцаж ирээд Г*******р миний баруун хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Үүний дараа миний доод уруул руу гараараа цохиж уруул сэтэрч цус гарсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-8 дахь тал),
-Гэрч Н.Ц*****шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б*********р ахын машинд суугаад хөзөр тоглож байхад Г*******р ах ирээд та нар хүнээ алдаад байна тоглоомоо боль гэхээр нь бид нар чамд ямар хамаатай юм гэсэн чинь Г*******р ах Зинааг алгадчихсан тэгээд Б*********р ахтай маргалдаж байгаад Б*********р ахыг машиндаа сууж байхад нь 1 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
-Гэрч Т.З*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б*********р ахын машинд суугаад хөзөр тоглож байхад Г*******р ах ирээд хүнээ ачихгүй гээд уурлаад байсан тэгээд нэг мэдсэн Б*********рийг нудрах шиг болсон би яг цохиж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дэх тал)
-Гэрч Ю.З******рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б*********рийн машинд дотор хөзөр тоглоод сууж байхад Г*******р ирээд уурлаад хүнээ ачихгүй гадны машин яваад байна гэж хэлэхээр нь би чи юун сүртэй юм гэсэн чинь Г*******р намайг Б*********рийн яг арын суудал дээр сууж байхад машины цонхоор 1 удаа нүүр хэсэгт алгадсан юм тэгээд Б*********ртэй маргалдаад Б*********рийг жолооных нь ард сууж байхад машины цонхоор нь гараараа 1 удаа нүүр хэсэгт нь цохичихсон тэгсэн чинь Б*********рийн уруул нь язраад цус гарсан өөр болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13371 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Доод уруулын дотор салстад 2х0.2см язарсан шархтай, шархны ирмэг хэсгээр ногоон шаргал өнгөр идээтэй байв. Доод уруул хаван хавдартай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1.6. Б.Б*********рийн биед доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.7 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.
3.5 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)
- Шүүгдэгч Ч.Г*******рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед би эмээлт рүү хувийн машинаараа хүн хүргэж өгчихөөд буцаад ...5 шарын буудлын хажууд байрлах ****** дугаар байрны гадаа ирэхэд цуг таксинд явдан найз болох Даш, Зоригоо, Б*********р, Зинаа нар Б*********рийн машинд дотор хөзөр тоглоод сууж байхаар нь би та нар хүнээ ачихгүй хүнээ алдаад байна шүүдээ гадны машины ачаад дууслаа гэсэн чинь Зинаа чамд ямар хамаатай юм гэхээр нь би Зинааг Б*********рийн машины ард талын суудал дээр сууж байхаар нь машины цонхоор нь 1 удаа алгадчихсан тэгээд Б*********р жолооны хүрдний ард суучихсан намайг чи өөрөө зайл чамд ямар хамаатай юм гэхээр нь миний уур хүрээд Б*********рийг жолооны ард сууж байхад нь гараараа машиных нь цонхоор доод уруул хэсэгт нь 1 удаа цохичихсон ийм л зүйл болсон өөр зодоон цохион болсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Г*******р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13371 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Г*******р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтгаалан” хохирогч Б.Б*********рийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ч.Г*******р нь Б.Б*********рийн биед доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Г*******р “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б*********р нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ч.Г*******р нь хохирогчид 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 111.940 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б*********р нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Г*******рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Г*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ч.Г*******р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 104, 105 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 62-65 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-97 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Ч.Г*******р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г*******рт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х**** овогт Ч*****ржийн Г*******рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г*******рыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г*******рт оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г*******р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ