| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2024/1387/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1391 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Э.Г******н түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2408 0247 61571 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г******н нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Г*********выг машин дээр дардаг хэн бэ гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг гар болон хөлөөрөө нүүр хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн даланд зулгаралт, дээд уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Г******н нь 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Г*********выг машин дээр дардаг хэн бэ гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг гар болон хөлөөрөө нүүр хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн даланд зулгаралт, дээд уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСРG07719709 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: *********, ...Дуудлага хүлээн авсан: 2024-07-07 22:30:39, ...Дуудлагын утга: Хүмүүс зодолдоод байна...” гэх баримт (хавтаст хэргийн 08 дахь тал),
- Хохирогч Н.Г*********вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр...гэртээ 2 литрийн Сэнгүр пиво ганцаараа уусан эхнэртэйгээ тухайн үед маргалдсан байсан тэгээд эхнэрийн хамт хоймор дэлгүүрийн хажууд байх дэлгүүр орж ундаа авах гэж явсан манай эхнэр намайг дэлгүүр оруулахгүй архи авч уух гэж байна гэсэн би уурлаад саарал өнгийн приус-30 маркийн ******* улсын дугаартай автомашины хаалгыг саваад буусан. Хоймор дэлгүүрийн урд явж байхдаа тэнд байсан приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд копудан дээр хий гишгэж дарсан жолооч нь над руу чи миний машин дээр дардаг хэн бэ гэж хэлээд над руу дайрсан. Тэгээд би чиний машиныг зүгээр л дараа биз дээ гэхэд чи миний машинд сэв суулгаж хонхойлгоо биздээ гэж хэлээд маргалдаж эхэлсэн хажууд байсан залуу салгах гээд хойш түрээд явсан би салгах гэж байгаан байна гэж бодож байтал намайг жийж унагасан тэгээд би босож ирээд зодолдсон би цохиулж газар унахад намайг дээрээс толгой, нүүр, нуруу, хөл рүү өшиглөсөн миний 2 шүд хөдөлсөн байсан би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
-“...Тухайн үед намайг Э.Г******н цохиж зодсон өөр хүн цохиогүй...Э.Г******н миний хохирлыг төлж барагдуулсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
-“...Эдгээр гэмтлийг намайг “Хоймор” нэртэй хүнсний дэлгүүр рүү орж байхад машиныхаа гадаа зогсож байсан Г******н гэх залуу машиныг нь гараараа дарсан гэх шалтгаанаар миний цээж хэсэг рүү хөлөөрөө жийж газар унасан байхад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж цохиж зодсоноор учруулсан...Э.Г******н гэх залуу нь хэрэг явдлын дараа надаас уучлалт гуйж эмчилгээ үйлчилгээндээ зарцуулаарай гэж тухайн үйл явдлын дараа бэлнээр 500.000 төгрөгийг өгсөн...надад сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохоор дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
-Гэрч Г.Б*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Г*********вын хамтаар гэрийн ойролцоо байх Хоймор дэлгүүрээс ундаа авахаар явсан юм. Тухайн үед манай нөхөр пиво уучихсан бага зэрэг согтолттой байсан. Дэлгүүрийн үүдэн дээр нөхрийгөө буулгаад би машин тавчихаад ардаас нь алхаад дэлгүүр рүү иртэл дэлгүүрийн үүдэн дээр нэг залуутай хажуугаар нь гарахдаа машин дээр дарлаа гэж шалтгааны улмаас хэрэлдэж маргалдаж байгаад нөгөө залуу нь Г*********вын цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийж газар унагаагаад газар унасан байхад нь нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Би болон нөгөө залуутай хамт явж байсан хоёр хүн харсан бөгөөд салгах гээд очтол нөгөө залуу миний дух хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Гэрч Г.Б******нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр...Г******н, А******р бид гурав гурвуулаа гадаа зогсож байсан бөгөөд Г******н уурлаад нөгөө залуутай маргалдаж байгаад өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд хохирогч залуугийн эхнэр нь ирж болиулсан...Э.Г******нэс өөрөөр Г*********вын биед халдаж зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9293 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун хацарт ташуу байрлалтай 2.0х0.2см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Дээд уруулын дотор салстад баруун талд өнгөр тогтсон цайвар өнгийн зах ирмэг тэгш бус шархтай, шархны харалдаах баруун дээд 1.2-р шүд эмзэглэлтэй, урагш хойш бага зэрэг суларсан, буйл улаан ягаан өнгөтэй. Зүүн далны дээд хэсэгт 3х2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. А/Д 110/60 мммуб
Мед травм эмнэлгийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Толгойн КТГ: гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.
2024.07.08-ны ГССҮТ-н үзлэгт: Онош: S 06.0...ДҮГНЭЛТ
1.Н.Г*********вын биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн даланд зулгаралт, дээд уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй.
6.Баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал нь хохирлын хөнгөн зэрэг, баруун хацар, зүүн даланд зулгаралт хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
- Шүүгдэгч Э.Г*********нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орой 21 цагийн үед ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 3” дугаар хороо Тахилтад байх Хоймор дэлгүүрийн урд ах А******ртой тамхи татаад зогсож байх үед нэг танихгүй залуу согтуу эхнэртэйгээ маргалдаад байсан тэгээд машинаасаа бууж ирээд миний машин руу шүлсээ хаяад машин өшиглөхөөр нь би чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд надад агсам тавиад байхаар нь би тухайн зулаад хандаад чи хол бай яв, хүнд гай л болно гээд цээж эхсэг рүү нь хойшлуулахаар түлхэх үед тухайн залуу уурлаад бид хоёр барьцалдаж авсан, тэр үед тухайн залуугийн эхнэр нөхрөө татаад байсан. Тухайн залуу намайг цохихоор нь миний уур хүрээд тухайн залуутай барьцалдаж аваад зууралдаад хашаанд тулаад тухайн залууг газарт унасан ба тэр үед нь би тухайн залуугийн цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн юм. Тэгээд би салаад яваад өгсөн...би гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн байгууллагаар үзүүлэхэд нь 250.000 төгрөг, өгсөн мөн тухайн үед зодолдож байх үед нь эхнэр нь бид хоёрыг салгах үедээ ээмэг нь гээгдсэн байсан учир 1 хос ээмэг 750.000 төгрөгөөр авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9293 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Г******н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтгаалан” хохирогч Н.Г*********вын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Г******н нь хохирогч Н.Г*********вын биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн даланд зулгаралт, дээд уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч болон шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсан үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Г*********нийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Г*********в нь гэмт хэргийн улмаас баримтаар баримт нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Э.Г******н нь хохирогчид 500.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 176,682 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Э.Г*********нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Прокурор санал болгож шүүгдэгч Э.Г******н нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Г******н нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61-62 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Э.Г******н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г******нд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2408 0247 61751 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т*****г овогт Э******ны Г*********нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*********нийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г******нд оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г******н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ