| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0911/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/926 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/926
2024 11 21 2024/ШЦТ/926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Батзаяа
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд фейсбүүк, цахим хэрэгсэл ашиглан “Приус-20 загварын машиныг 3.000.000 төгрөгөөр зарна, жаахан асуудалтай” гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч ***өд “урьдчилгаа шилжүүлээд автомашинаа Булган аймгаас ирээд ав” гэж төөрөгдөлд оруулан хуурч өөрийн ХААН банкны *** дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэхгүй.
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Эрдэнэмөнхийн дансаар хохиролд гэж 600.000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар мөрдөгчид хэлэхэд одоо болсон, хохирол төлөгдсөн байна гэж хэлсэн. Дансны хуулгыг нь өнөөдөр шүүхэд нотлох баримтаар өгье гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81/2 дугаар байр 7 тоотод гэртээ амарч байх үедээ фейсбүүк хараад байж байтал “Хямд машин зарна” гэсэн группт “saruul saruul” гэсэн хаягтай хэрэглэгч “приус-20 загварын машин 3.000.000 төгрөгөөр зарна, жаахан асуудалтай” гэсэн пост оруулаад 95131993 гэсэн дугаар тавьсан байхаар нь тухайн дугаарт холбогдоод ярьтал Булган аймгийн Тэшиг суманд байгаа, явах эд анги нь дуугарсан, батарей муудсан приус-20 загварын машин байгаа яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зарж байна. Авна гэж бодож байгаа бол над руу урьдчилгаа хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө хийх данс автал ХААН банкны *** дугаарын данс өгөхөөр нь урьдчилгаа гэж 300.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утга дээр “урьдчилгаа, 20-42 УНГ гэж бичсэн. Тэгээд бид хоёр хоёр талаас яваад Булган аймгийн төвд уулзахаар болсон. Би 8 дугаар сарын 04-ний өглөө 04 цагийн үед мөнгө шилжүүлчхээд Булган аймаг руу гарсан. Булган аймагт 11 цаг болж байхад очоод залгатал утсаа авахгүй байж байгаад 12 цагийн үед аваад замдаа ядраад унтчихсан байна, одоо очлоо гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж утсаа аваагүй. Орой 18 цаг хүртэл Булган аймгийн төвд байж байгаад залилуулсан гэдгээ мэдээд буцаад Улаанбаатар хот руу ирсэн” /хх-н 8-9/ гэж мэдүүлжээ.
ХААН банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 11-16/, ХААН банкны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний 29/9522 дугаартай албан бичиг /хх-н 28-33/, ХААН банкны *** дугаартай ***ын эзэмшлийн харилцах дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-26/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзав.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** баримтаар 379.027 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч *** 600.000 төгрөг төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 35/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 36/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** хохирогч ***ийн хохиролд 600.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ