| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0914/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/930 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/930
2024 11 21 2024/ШЦТ/930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Г.Түвшинбаяр
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь Тоёота приус 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхбаярын зам дагуу буусан үйлчлүүлэгч ***ын орхиж буусан 350.000 төгрөгийн үнэ бүхий Samsung zflip1 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч ***д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд дахин мэдүүлэхгүй. Тухайн үед хохирогчийг залгахаар нь хорооллын “автошил” гэсэн газар хүрч ирээд гар утсаа ав гэж хэлсэн. Гэтэл хохирогч автобусны буудал руу явчихсан юм билээ. Тэгж байгаад гар утас нь унтарсан байх, би албаар унтраагаагүй. Дараа нь гар утасны кодыг нь хүнээр гаргуулаад эхнэр утасгүй байсан болохоор эхнэртээ өгсөн. Цагдаад очсоны дараа би хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Ийм зүйл хийж болохгүй гэдгийг би мэдсэнгүй. Мэдсэн бол тэр үед нь цагдаад мэдэгдэх байсан байна. Манайх таван хүүхэдтэй, эхнэр ажилгүй. Тийм болохоор надад хөнгөн ял оногдуулж болох болов уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***“... 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим 10 настай Маралын хамт зам дээрээс гар өргөж Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж Баянгол дүүргийн 12 дугаар хороо Энхбаярын зам дагуу буухдаа өөрийн халаасанд байсан Samsung zflip1 маркийн гар утсаа суудал дээр нь унагаад буусан байсан. Ингээд тухайн гар утсанд байсан үүрэн телефоны 8611-8689 дугаар руу залгахад тухайн таксины жолооч ах миний дуудлагыг аваад надтай яриад Гандангийн автобусны буудал дээр ирж гар утсаа аваарай гэж хэлэхээр нь би Гандангийн автобусны буудал дээр очоод гар утас руугаа залгатал унтраасан байсан. Хэсэг зуур хүлээхэд тухайн жолооч ах ирээгүй тул би цагдаагийн байгууллагад хандсан” /хх-н 12-13/ гэж мэдүүлжээ.
“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-19/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл /хх-н 26-28/, Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 21-23/, Samsung zflip1 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 29-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 29/ гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “Завших” гэж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ***ы үйлдсэн энэ гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй байхаас гадна хэргийн үйл баримт нь түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудтай гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Энэ ч утгаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ... -ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүх шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Түүнчлэн шүүгдэгч *** урьд өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байжээ. /хх-н 41/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 72/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 66/,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 77-79,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 80-83/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 84-86/
гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч ***ын эд хөрөнгө болох гар утсыг шүүгдэгч *** буцаан өгсөн байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ