Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

        

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

                                 Улсын яллагч А.Дүүрэнбилэг 

                                 Хохирогч Б.Энхтуяа

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

                                 Гэрч Б.Батжаргал, Ө.Нарандэмбэрэл

                                 Шинжээч ‎эмч Э.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас

 

Эрүүгийн 201710000033 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, ‎эх, дүү нарын хамт Дорноговь аймаг Хөвсгөл сум 4 дүгээр баг 2-20 тоотод оршин суух, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Илд овогт Дэлгэрсайханы Цэцэгжаргал /РД: ЕМ87041669//-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Цэцэгжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ алсан гэмт хэрэгт холбогджээ.  

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Д.Цэцэгжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр үед ямарч хямарсан, стресс байгаагүй. Би өөрөө хүүхэд гаргана гэж бодож байсан. Тэр үед зөвхөн анхны төрөлт болохоор мэдэхгүй байсан. Хүндрээд байхаар нь 00-д ороход хүүхэд гарсан. Хүүхэд гарахдаа ямар ч дуу чимээ гаргаагүй. Тэр хавиар хүүхэд уйлсан бол хүмүүс сонсох байсан. Тэр хавиар тогтмол хүмүүс явж байсан.  ...Тэр өдөр 5 дахь өдөр таараад 1 дэх өдөр аймгийн Хууль зүйн хэлтэс дээр сургалттай байсан учраас бүтэн сайнд би наашаа ирсэн. Тэр үед сэтгэл санааны гүнзгий хямарсан зүйл байхгүй. Болсон явдлыг би өөрөө мэдэж байгаа. Би төрүүлсэн хүүхдээ амьгүй төрсөн гэж бодоод яах тухай нилээн удаан бодсоны эцэст нүдэнд харагдсан цагаан уутанд хийгээд орхисон. Хогийн уутанд хийсэн цогцос бол миний хаясан цогцос мөн гэв.

 

Хохирогч Б.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хууль ёсны төлөөлөгчөөр оролцох гол зүйл нь хүүхдийн эрхийг хамгаалах асуудал байгаа.  Хүүхэд эхийн хэвлийд байхдаа л амьд явах эрхтэй байдаг. Энэ асуудалд юу гэж хэлэх вэ гэхээр хэвлийд 10 сар болж байгаа. Эмнэлэгт очиж үзүүлэх гэж оччихоод яагаад хүүхдэд эмнэлгийн тусламж аваагүй юм бэ гэж хэлмээр байна. Эхийн хариуцлага, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4-р зүйлд заагаад өгсөн байгаа. Энэ тухайд ээж хүний хариуцлагагүй асуудал гаргасан байна. Хүүхдээ хот газар гадаа тавьсан нь эх хүнд байхааргүй хүйтэн хүн чанаргүй зүйл гаргасан байна. Өөрөөсөө гаргасан хүүхдийг, өөрөө хүсээд гаргасан хүүхдийнхээ амьд байх явдлыг яагаад хангаж ажиллаагүй юм бэ, энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гэрч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр манай эхнэрийн дүү нь төрөх гээд 22 цагийн үед эхнэр хүүхдээ аваад эмнэлэгт ирсэн байсан. Тэгээд ирсэн чинь 00-н өрөөнд нэг хүн байсан. Тэр хүн энэ хүн мөн байна. Гаднаас ордог үүдэн дээр сандалын хажууд цүнх, гутал хоёр байсан. Дүү төрөөд үүдний сандал дээр сууж байсан чинь хаалгаар нь завсар гаргаад цүнх аваад өгөөч гэхээр аваад өгсөн. Боссон байдалтай байсан байх гар нь нилээн дээр байсан ба гараа гаргаж ирээд авсан. Тэр үед чанга дуу чимээ гараагүй. Сувиалагч л орж байхыг харсан. Цагаан мах гарсан ч гэнэ үү удсан гэж эхнэр хэлсэн гэв.

 

Гэрч Ө.Нарандэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр үеийн явдлыг сайн санахгүй байна. Тэр орой шөнийн ээлжтэй байсан. Тухайн өдөр 2-3 хүн төрсөн санаж байна. Хамгийн сүүлийн хүн төрж чадахгүй хагалгаанд орсон. Шөнийн 12 цагт орсон байх. Эхний хүн төрөхийн үед хүлээн авахаар ирсэн хүмүүсээ үзэж байгаад дээшээ хоёр давхар руу гарсан. Тэр үед энэ хүн ирсэн байсан юм шиг байгаа юм. Тэр үед ирсэн хүнээ толгой дараалаад ямар ажлаар явж байгаа юм, үзүүлэх юм уу гэж асууж байсан. Энэ хүн эгч нь хүн хүлээж байна гэж хэлсэн. Би гарч орохдоо та яасан бэ гэсэн чинь сүүлдээ бичиг баримтаа хүлээж байна, хүн хүлээж байна гэж хэлээд үзүүлээгүй. Хагалгааны өрөөнд ороод хүний эмчилгээ хийх гээд ирэхэд 00-н өрөөнд орсон байсан. Та наанаа юу хийж байгаа юм бэ гэхэд цагаан мах эргэчихээд 00-н өрөөнд байна гэж хэлсэн. Тэгээд хагалгааны өрөө рүү ороод гараад ирэхэд яваад өгсөн байсан гэв. 

 

Шинжээч эмч Ө.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Амь насанд аюултай гэмтлийг авахдаа нярай төрсний дараа толгойгоороо унасан тохиолдолд авах боломжтой. Нярайд учирсан нийт учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйдлээр учирсан байгаа. Тархинд учирсан гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амьд байхад үүссэн учраас тархинд цус хурсан байгаа. Нас барсан хойно үүсэхгүй. Яагаад гэхээр цусны эргэлт явагддаг учраас л хэлж байгаа. Хүүхэд эхийн хэвлийд байгаа ч амьгүй болсон бол цусны эргэлт байхгүй болчихно. Ихэс гэдэг нь эхийн умайн хананд байдаг зүйл болохоор тэнд цус нь байж байгаа. Хүйний урт 40-45 см урттай байдаг. Тархины цус хуралт амьд үед л үүснэ, заавал хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Нярай 2-4 цаг амьд байх боломжтой гэж байгаа. Хий аль хэсэг хүртлээ амьсгалсан бэ гэдгээр нь тогтоодог. Хүний элгэнд глюкоген гэдэг бодис байдаг. Гол нас барсан шалтгаан нь осголт байсан бол глюкоген илрэхгүй. Тамхины иштэй уутанд хийхээр ураг угаартсан байж магадгүй гэж бодоод угаарыг үзсэн юм. 39 хувь нь амь нас хохирох эрсдэлгүй, хүний бие 65 хувь угаартаж байж нас барах хэмжээнд хүрдэг гэв.

 

Шүүгдэгч Д.Цэцэгжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.01.16-ны орой 20 цагийн үед эмнэлэг орсон. … Би тэнд нэг хэсэг их удаан суусан тэр үед гэдсээр базлаад өвдөөд байсан ба хүндрэх гээд байх шиг байхаар нь би төрхийн 00-д ороод суухад хүндээр бие зассан. Г‎арч ирээд байхад дахиад л хүндрэх гээд байгаа бололтой гэдэс базлаад байсан. … сүүлд 22 цаг өнгөрч байсан байх дахин хүндэрмээр санагдаад 00-д орсон тэр үед 00-д суугаад их дүлмээр санагдаад байсан ба сууж байгаад дүлэх гэ‎эд байхаар нь зогсож байгаад дүлээд доошоо 00-д суухад гэдэс их хөнгөрөөд явчихсан ба доошоо хүүхэд гарчихсан. Би доошоо хараагүй гараараа тэмтэрч үзэхэд гарт хүүхэд тэмтрэгдсэн юм. Хүүхэд 00-н суултууран дотор гарчихсан би яах учраа олохгүй сууж байхад 00-н хаалгаар 3 давхараас нөгөө саарал урт цамцтай охин бууж ирсэн. Би тэр охиныг хаалганы завсараар дуудаад чи сандал дээр байгаа миний цүнхийг аваад өгөөч гэж гуйсан. Т‎эр охин нярай хүүхэд гаргах өрөөний сандал дээр байсан миний шар өнгөтэй гар цүнхийг авчирч өгөөд эргэхэд нь би тэр охиныг дуудаад чи энийг хардаа, энийг мэдэх үү гэхэд тэр охин орж ирж хараад та эмч дуудахгүй яасан юм бэ, яагаад дуугарахгүй байгаа юм бэ, амьгүй гарсан хүүхэд юм биш үү гэхээр нь би байж бай эмч дуудаад яах юм бэ, харин энэ доороос таталдаад байгаа юмыг яах вэ, яаж салгах уу гэж тэр охиноос асуусан. … тухайн үед би суултуур дээр сууж байсан ба тэр охин намайг суултуураас хагас өндийлгөж байгаад тэр хүйг нь тасалсан байх. Тэр үед 22 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна би тэр охиныг явсаны дараа нэг хэсэг учраа олохгүй балмагдаад нилээн удаан багцаагаар 20-30 минут 00-д суусан байх. Тэр үед нэг сувилагч бололтой хүн чи яагаад байн байн 00-д суугаад байгаа юм гэхээр нь би миний цагаан мах гараад байгаа юмаа гэж хэлсэн. Түүний дараа тэр хавиар байсан хүмүүс арай гайгүй болоод ирэхэд нь би үүдэнд сууж байсан нэг залууг нь сандал дээрээс миний шаргалдуу өнгөтэй куртик болон гутлыг 00-д авчирч өгсөн. Би өмсөж явсан хар өнгөтэй, улаан судалтай нөмрөгөө тайлаад 00-н суултуур дотор байсан хүүхдээ харж чадалгүй шууд нөмрөгөөрөө боогоод куртикэндээ давхар боогоод шууд гарсан. … би чагнаж үзэхэд амьсгалж юм мэдэгдээгүй, хүүхэд анх гарахдаа амьгүй гарсан байх гэж бодсон. Алтанговь худалдааны төвийн хойд талд байдаг аймгийн музейн урд талд нь очиход 2 ууттай зүйл байсан. Нэг нь арай том цагаан өнгийн ууттай зүйл байхаар нь тэрэнд хүүхдээ хийгээд амыг нь боогоод орхисон. Тэр уутанд юу байсныг бол мэдээгүй, ямар ч гэсэн дотроо юмтай уут байсан … гэсэн мэдүүлэг /хх 100-104/,   

 

Гэрч С.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017.01.15-нд ... шөнө 03 цагийн үед гэртээ ороход манай найз Цэцэгжаргал манай гэрийн урд талын хананы наад талаар унтаж байсан. Цэцэгжаргал 2017.01.16-ны өдөр сургалттай гэж байсан. Тухайн үед Цэцэгжаргал цагаан мах гараад дээрээс нь сарын юм ирээд ариун цэврийн хэрэглэлээ 2 давхарлаж хэрэглэхээс гээд 00-н өрөө рүү орж байсан. ... Бямбаа гэж хүн рүү залгаад Цэцэгжаргал би ханиад хүрээд хатгаа авчихсан байна бие өвдөөд болдоггүй 103 дээр очоод үзүүлээд дусал тариа хийлгэвэл болох уу гэж ярьж байсан ... шөнө 00 цаг 47 минутад буюу 2017.01.17-нд шилжих шөнө Цэцэгжаргал гэрийн үүдэнд чинь байна хаалгаа нээгээрэй гэсэн ... орж ирэхдээ гар цүнхнээсээ улаан өнгийн шинэ өвлийн углааш гаргаад ... 103-т үзүүлэхэд заавал таавчик өмс гэдэг юм байна хажуу талын дэлгүүрээс нь тавчик авлаа гэж байсан юм. 103 дээр очиж дусал тариа хийлгээд ирлээ гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 30-32/,

 

Гэрч Ө.Нарандэмбэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...  2017.01.16-17-нд шилжих шөнө 00 цаг 32 минутад ... Батхишиг гээд хүүхнийг төрүүлэх гээд дээшээ 3 давхарт гарах үед үүдэнд нэг шаргалдуу куртиктэй намхан хүүхэн зогсож байхаар нь та яах гэж байгаа юм бэ, үзүүлэх гэж байгаа юм уу гэхэд хүн хүлээж байна гэсэн юм. Батхишиг гэх хүүхнийг төрүүлсэн доошоо буухад сандалын хажууд нөгөө хүүхэн зогсож байхаар нь дахиад та яасан үзүүлэх гэж байгаа юм уу яагаад энд зогсоод байгаа юм бэ гэхэд хүн хүлээж байна бичиг баримт авчирч байгаа гэж хэлж байсан. ... хүлээн авахын өрөөний үүдэнд байдаг 00-н өрөөний хаалга хагас нээлттэй байсан ба харахад нөгөө хүн хүлээж байна гээд зогсож байсан хүүхэн суултуур дээр сууж байгаа бололтой харагдсан ... та яагаад байн байн 00-д суугаад байгаа юм бэ гэхэд тэр хүүхэн зүгээрээ цагаан мах гарчихаад байгаа юмаа гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх 33-35/,

 

Гэрч Б.Туяацэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би өөрөө Цэцэгжаргалтай утсаар яриад чи жирэмсэн юм уу тийм бол ирж хяналтандаа ор гэхэд би жирэмсэн бишээ гэхдээ би очиж уулзнаа гээд тэрнээс хойш огт ирээгүй юм. ... Цэцэгжаргал эмнэлэг дээр ирчихсэн дусал хийлгэх гээд явж байна гэж ярьж байсан. Цагаан мах гараад цус гараад болдоггүй гээд явж байсан юм. Намайг өрөөндөө орсоны дараа араас орж ирээд танай эх баригч чинь намайг жирэмсэн биш байхад жирэмсэн гээд хяналтад ор гээд байсан гэж надад хэлэхээр нь би харин тийм ээ аймагт нэг хүн нярай хүүхдээ төөрүүлээд хаячихсан байна гээд цагдаагаас хүмүүс яриад хяналтандаа байгаа хүмүүсээ үзэж бүртгэ гэсэн юм гээд ярихад царай нь их улайгаад л нээх юм ярилгүй гараад явчихсан юм... гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

 

Гэрч Ж.Ундрах-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... хүлээн авахын өрөөний хажуу талын 00-н өрөөнд хүн байгаа бололтой хаалга нь хагас нээлттэй дотроос нь нэг хүүхэн шагайж харчихаад буцаад хааж байсан юм. Тухайн үед би 00 орж бие засмаар санагдаад байсан ба тэр хүн уг 00-н өрөөнөөс огт гарахгүй байсан юм. ... Тухайн үед бид нарыг хүлээн авах өрөөний үүдний сандал дээр сууж байхад 00-д байсан хүүхэн шагайгаад манай нөхрийг сандал дээр байгаа цүнх аваад өгөөч гээд манай нөхөр цүнхийг нь авч өгсөн юм. Тэгээд нэг их удалгүй куртик аваад өгөөч гээд дахиад манай нөхөр куртикийг авч өгсөн юм. Тэр хүүхэн удалгүй царай нь их зовиуртай бололтой үрчийсэн бөгтийсөн цагаан мах эргээд гээд 00-н өрөөнөөс гараад явсан ... гэсэн мэдүүлэг /хх 51-52/,

 

Гэрч Б.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... бид нар 2 давхарт хүлээн авахын өрөөний үүдний сандал дээр суугаад байж байхад сандал дээр нэг эмэгтэй хүний цүнх болон шаргалдуу өнгийн куртик, доод талд нь нэг гутал байсан юм. Тэгээд яг хэдэн цаг гэдгийг нь бол санахгүй байна намайг үүдэнд байж байхад хүлээн авахын 00-н өрөөнөөс нэг хүүхэн шагайгаад сандал дээр байгаа миний цүнхийг аваад өгөөч гэсэн би цүнхийг нь аваад хаалга завсараар нь өгсөн. Дараа нь удалгүй дахиад куртик аваад өгөөч гэхэд нь мөн куртикийг нь аваад өгсөн юм. Тэгээд сууж байтал удалгүй нөгөө хүүхэн 00-н өрөөнөөс гарч ирээд нилээн зовиуртай байгаа бололтой цагаан мах гараад гээд гараад явсан юм... гэсэн мэдүүлэг /хх 53-54/,

 

Шинжээч эмч Э.Анхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Задлан шинжилгээ хийх явцад нярайн цогцосыг төрөөд амьсгалсан үгүйг тодорхойлохын тулд уушиг болон ходоодонд сорил хийж үзсэн. Уг сорилоор уушиг болон ходоонд агаар орсон байсан сорилд эерэг гарч байсан юм. ... Үүнийг үндэслэн 2-4 цагийн орчим амьд байсан байх боломжтой гэж үзсэн. Гликоген гэдэг нь хүний элгэнд байдаг зүйл байгаа юм. Энийг шалгаж байгаа гол шалтгаан нь хүн осгож нас барсан тохиолдолд уг гликоген элгэнд байхгүй болчихдог юм. Харин дүгнэлтээр нярайн элгэнд гликоген илэрсэн ба нярай хүүхэд осгож нас бараагүй гэдгийг нь тогтоож байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх 89-90/,

 

Гэрч С.Ариунцацрал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Зарим нэг хүн нь нөхөргүй хүүхэд төрүүлж, хүний хэл амнаас эмээх зэрэг байдлаас болж стресстэж жирэмсэн гэдгээ нуух, эмчийн хяналтад орохгүй байх, ажлын хамт олноосоо нуух зэрэг байдал гаргаж байгаад энэ нь даамжирч сэтгэл санааны хямралд орж болно. Харин зарим нэгэн хүн нь хэлэлгүй, тайван байдлаасаа болоод жирэмсэн гэдгээ хэлэгүй эмчийн хяналтад орохгүй байж байгаад төрөх тохиолдол байдаг. Энэ хүмүүс нь бол ямар нэгэн сэтгэл санааны стресст орж хямарсан зүйл илрэхгүй ба эдгээр хүн нь хүүхдүүдээ төрүүллээ гэхэд ямар нэг байдлаар эмчид болон хүнд хандаж тусламж, дэмжлэг авдаг. Харин ямар нэгэн стресстэй байгаа хүн хүүхдээ төрүүлэхэд хүнээс нуух, тусламж авахгүй, өөрөө төрөх магадлалтай байдаг... гэсэн мэдүүлэг /хх 157-157/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.13-ны өдрийн 08 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Төрүүлсэн эх тодорхойгүй нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээний явцад хийгдсэн сорилоос үзэхэд нярайн цогцос нь хугацаандаа бүрэн тээгдсэн байх боломжтой байна.
  2. Уг нярайн цогцос нь эхийн хэвлийн тээгдэх хугацаандаа хөгжил нь бүрэн гүйцсэн нярай байна.
  3. Уг нярайн цогцос нь эхийн хэвлийд 10 сар бойжсон байх боломжтой нярай байна.
  4. Уг нярайн цогцос нь эхийн хэвлийгээс төрөхдөө амьтай төрсөн, амьдрах чадвартай нярай байсан байна.
  5. Нярайн цогцос нь эхийн хэвлийгээс төрөөд 2-4  цаг орчим амьд байсан байх боломжтой байна.
  6. Нярайн хүйг эмнэлгйин бус нөхцөлд хатуу, мохоо зүйлээр сэмэлж тасалсан байх боломжтой байна.
  7. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлөгийн орой хэсэг, дагү хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун сарвууны няцрал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун сарвууны 4, 5  дугаар хурууны тасарч мэрэгдсэн шарх, хүйний сэмрэл, сэмэлж тасалсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  8. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  9. Нярайн цогцост учирсан гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Учир нь гэмтлийн зэрэг тогтоох  журам нь амьд хүний амьд хүний биед учирсан гэмтлийн эрүүл мэндийг сарниулах хугацаа болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтад нөлөөлөх байдлаар дүгнэж гаргадаг ба нас барсан хүний биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг хэрхэн сарниулах болон хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулахыг тогтоох боломжгүй.
  10. Нярайн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлөгийн орой хэсэг, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл цус харвалт, тархины няцрал, хуйхны дотор гадаргуу дахь цус  хуралт, хүйний сэмрэл, сэмэлж тасарсан шарх гэмтэл нь амьд үед үүссэн гэмтэл байх ба тархины баруун тал бөмбөлөгийн орой хэсэг, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл байна. Баруун сарвууны 4,5 дугаар хурууны мэрэгдэж тасарсан шарх, баруун өгзөгний өөх мах ил гарсан мэрэгдсэн шарх гэмтэл нь нас барсны дараа буюу нярайн цогцосны хөлдсөн үед хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
  11. Нярайн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээнээс үзэхэд архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  12. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцос нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.
  13. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцосноос авсан цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.
  14. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.
  15. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцосноос авсан цусанд угаарын хийн шинжилгээ хийлгэхэд 39% карбоксигемоглобин илэрсэн байна. Энэ нь үхэлд хүргэх хэмжээнд хүрэхгүй байна.
  16. Төрүүлсэн эх нь тодорхойгүй нярайн цогцост осголт үзэх зорилгоор элэг шинжилгээнд хүргүүлэхэд гликоген илэрсэн байна гэжээ /хх 58-60/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.10-ны өдрийн 1438 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Нярай хүүхдийн цогцосноос авсан гэх марльд шингээсэн цусанд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн.
  2. Уг холимог ДНХ-ийн тогтоцод Цэцэгжаргалын гэх цусны, нярайн цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоц тус тус илэрч байсан.
  3. Хүний геномын микросателлитын D3S1358, TH01, D18S51, PentaE,  D5S81, D13S17, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Цэцэгжаргал нь нярайн биологийн эх байх боломжтой байна.
  4. Цэцэгжаргал нь нярайн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9 % -ийн магадлалтай байна гэжээ /хх 73-75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.10-ны өдрийн 1439 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №4,5,6 дугаартай эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, №8 ариун цэврийн хэрэглэл, №9 сальфеткт дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр илрээгүй.
  2. №1 дугаартай улаан шонхор тамхины ишэн дээр шүлс илэрсэн. Бусад зүйлс дээр шүлс илрээгүй.
  3. №4,5,6 дугаартай эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна.
  4. №8 ариун цэврийн хэрэглэл дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Уг илэрсэн цус нь Цэцэгжаргал гэж хаягалсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
  5. №9 сальфеткан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна.
  6. №1 дугаартай улаан шонхор тамхины ишэн дээр илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоц нь тогтоогдохгүй байна гэжээ /хх 83-85/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 07 дугаарт магадлагаанд:

  1. Д.Цэцэгжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна.
  2. Д.Цэцэгжаргал нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна.
  3. Д.Цэцэгжаргал нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ /хх 87-88/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу авагдсан,  нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Улсын яллагчийн дүгнэлтэд гэрч С.Арунжаргал гэх хүний мэдүүлэг тусгагдсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарласныг шүүх хэрэгт авагдсан гэрч С.Ариунцацралын мэдүүлэг, яллах дүгнэлт зэргийг шинжлэн судлан яллах дүгнэлтэд тусгагдсан С.Арунжаргал гэгчийн мэдүүлэг нь С.Ариунцацрал гэх хүний  шүүгдэгчийн сэтгэц хямралын талаар мэдүүлсэн мэдүүлэг байна гэж үзэж нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь хүүхдээ Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ариун цэврийн өрөөнд төрүүлсэн талаар мэдүүлснийг гэрч Б.Батжаргал, Ө.Нарандэмбэрэл, С.Оюунцэцэг нарын мэдүүлэг үгүйсгэхгүй байх тул шүүгдэгчийн хүүхдээ төрүүлсэн газрын талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Цэцэгжаргал нь нярай хүүхдээ алахдаа ямар нэг сэтгэл санаа хямраагүй, цочрол дарамт байгаагүй, хүүхэд амьгүй байсан гэж мэдүүлж байгаа ч түүнийг  2017 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ариун цэврийн өрөөнд өөрийн ойрын төрөл төрөгсөд, эмнэлгийн байгууллагаас нуун байж төрүүлсэн хүүхдээ уйлахгүй, хөдлөхгүй, бүтэлттэй гэх төөрөгдөлд орж сэтгэцэд нь нөлөөлсний улмаас толгойд нь гэмтэл учруулан гудамжинд байх хогийн уутанд хийж сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Цэцэгжаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ...Хүнд‎эрмээр байхаар нь 00-д ороход хүүхэд гарсан. Хүүхэд гарахдаа ямар ч дуу чимээ гаргаагүй. Би төрүүлсэн хүүхдээ амьгүй төрсөн гэж бодоод яах тухай нилээн удаан бодсоны эцэст нүдэнд харагдсан цагаан уутанд хийгээд орхисон. Хогийн уутанд хийсэн цогцос бол миний хаясан цогцос мөн гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ тухайд ээж хүний хариуцлагагүй асуудал гаргасан байна. Хүүхдээ хот газар гадаа тавьсан нь эх хүнд байхааргүй хүйтэн хүн чанаргүй зүйл гаргасан байна гэсэн мэдүүлэг, Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..... шөнө 00 цаг 47 минутад буюу 2017.01.17-нд шилжих шөнө Цэцэгжаргал гэрийн үүдэнд чинь байна хаалгаа нээгээрэй гэсэн ... орж ирэхдээ гар цүнхнээсээ улаан өнгийн шинэ өвлийн углааш гаргаад ... 103-т үзүүлэхэд заавал таавчик өмс гэдэг юм байна хажуу талын дэлгүүрээс нь таавчик авлаа гэж байсан юм. 103 дээр очиж дусал тариа хийлгээд ирлээ гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Ө.Нарандэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...  хүлээн авахын өрөөний үүдэнд байдаг 00-н өрөөний хаалга хагас нээлттэй байсан ба харахад нөгөө хүн хүлээж байна гээд зогсож байсан хүүхэн суултуур дээр сууж байгаа бололтой харагдсан ... та яагаад байн байн 00-д суугаад байгаа юм бэ гэхэд тэр хүүхэн зүгээрээ цагаан мах гарчихаад байгаа юмаа гэж байсан ... гэсэн мэдүүлэг,  Гэрч Ж.Ундрах-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Тухайн үед бид нарыг хүлээн авах өрөөний үүдний сандал дээр сууж байхад 00-д байсан хүүхэн шагайгаад манай нөхрийг сандал дээр байгаа цүнх аваад өгөөч гээд манай нөхөр цүнхийг нь авч өгсөн юм. Тэгээд нэг их удалгүй куртик аваад өгөөч гээд дахиад манай нөхөр куртикийг авч өгсөн юм. Тэр хүүхэн удалгүй царай нь их зовиуртай бололтой үрчийсэн бөгтийсөн цагаан мах эргээд гээд 00-н өрөөнөөс гараад явсан…, Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: … намайг үүдэнд байж байхад хүлээн авахын 00-н өрөөнөөс нэг хүүхэн шагайгаад сандал дээр байгаа миний цүнхийг аваад өгөөч гэсэн би цүнхийг нь аваад хаалга завсараар нь өгсөн. Дараа нь удалгүй дахиад куртик аваад өгөөч гэхэд нь мөн куртикийг нь аваад өгсөн удалгүй нөгөө хүүхэн 00-н өрөөнөөс гарч ирээд нилээн зовиуртай байгаа бололтой цагаан мах гараад гээд гараад явсан юм... гэсэн мэдүүлэг, гэрч С.Ариунцацралын мөрдөн байцаалтанд өгсөн: … ямар нэгэн стресстэй байгаа хүн хүүхдээ төрүүлэхэд хүнээс нуух, тусламж авахгүй, өөрөө төрөх магадлалтай байдаг... г‎эсэн мэдүүлэг, Шинжээч эмч Э.Анхбаярын өгсөн: ..... Үүнийг үндэслэн 2-4 цагийн орчим амьд байсан байх боломжтой гэж үзсэн. Харин дүгнэлтээр нярайн элгэнд гликоген илэрсэн ба нярай хүүхэд осгож нас бараагүй гэдгийг нь тогтоож байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх 89-90/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.13-ны өдрийн 08 дугаарт шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.10-ны өдрийн 1438 дугаарт шинжээчийн дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.10-ны өдрийн 1439 дугаарт шинжээчийн дүгнэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Цэцэгжаргалд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, улсын яллагчийн зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүгдэгчийг сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн резинин бээлий 1 ширхэг, Libero гэсэн бичигтэй памперс 2 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 4 ширхэг, салфетка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.    

 

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болон түүний биеийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

           1. Шүүгдэгч Илд овогт Дэлгэрсайханы Цэцэгжаргалыг сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэгжаргалыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэгжаргалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэгжаргалын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн резинин бээлий 1 ширхэг, Libero гэсэн бичигтэй памперс 2 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 4 ширхэг, салфетка 1 ширхэг зэргийг                                                    зэргийг устгасугай.

 

            7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэгжаргалд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цэцэгжаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД