Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0724

 

 

2022           09            29                                           128/ШШ2022/0724

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Т.Х**************

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж**********

   Хариуцагч: Г**** е******г******д**********

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л***********, Д.Ц*************** нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х**************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***********, Д.Ц***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М нар оролцов.

ТОДОРХОЙЛЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Х************** нь Г**** е******г******д**********д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч Т.Х************** нь Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилогдон ажилласан байна.

3. Нэхэмжлэгч Т.Х**************-ийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж, согтолтын зэрэг 1.99 хувьтай нь тогтоогдож төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг үл сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн гэж үзэж Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 178 дугаар тогтоолоор “... Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Т.Х**************-ийг гаалийн албанаас халах тухай” Б/69 дүгээр тушаал Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна” гэх хариуг авч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Т.Х**************, түүний өмгөөлөгч К.Ж********** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т овогтой Х  нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь хилийн мэргэжлийн хяналтын албанд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 4 тогтоол, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Гаалийн Ерөнхий газрын харъяа Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт түр тушаалаар томилогдсон байсан. Миний бие Чингис хаан олон улсын нисэх буудлын Хилийн мэргэжлийн хяналтын албанд Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчаар тасралтгүй 4 жил ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ чанд сахиж нэр төртэйгөөр хариуцсан ажилдаа үнэнч шударгаар ажиллаж байсан. Маргаан бүхий Захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 тоот тушаал нь хууль тогтоомж зөрчсөн бөгөөд уг тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 48 дугаар зүйлийн 48.1-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлээс аль тохирохыг ногдуулна, 48.1.4-т төрийн албанаас халах, Гаалийн Улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4.1.6 –д ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх, 2.1.1-т ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх, 2.1.2-т төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх гэх тус тус заалтыг үндэслэж, намайг ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэн төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн байна.

Миний бие урьд өмнө ямар нэгэн сахилыг шийтгэл хүлээж байгаагүй, анх удаа зөрчил гаргасан ба архи согтууруулах ундааг ажлын байрандаа хэрэглээгүй байхад шууд халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлээс аль тохирохыг ногдуулна гэж заасан ба анх буюу давтан үйлдсэнийг харгалзан аль тохирохыг ногдуулах байтал шууд халах шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Миний гаргасан зөрчлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, ажил үүргээ дутуу, буруу гүйцэтгэсэн ямар ч асуудал үүсээгүй. Гаалийн тухай хуулийн 284.3-т Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн Улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2-т Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн улсын байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрх бүхий Сахилгын хороотой байна, 5.3-т Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрлийг хянан шийдвэрлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж тус тус заасны дагуу сахилгын зөрчлийг Сахилгын хороо шалгаж, тодорхой санал гаргах ёстой. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Ц дарга ганцаараа бух асуудлыг шийдэж, Б.Ас даргаар тушаал гаргуулсан. Бидэнтэй сахилгын хорооны гишүүд дарга гэх хүн уулзаагүй, тайлбар аваагүй нь сахилгын хороо огт хуралдаагүй, шийдвэр гаргуулаагүй болохыг харуулж байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа захиргааны байгууллага нь батлагдсан дүрэм, журамд заасан процесс ажиллагааг заавал хийх шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг хуульд нийцүүлэн хийсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

Гэтэл Сахилгын хороог дүрэм журамд заасны дагуу хуралдуулж, надаас тайлбар, мэдүүлэг авалгүй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 5.2 дахь хэсэг, холбогдох Сахилгын хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэг, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, шууд халах шийтгэл ногдуулсан нь миний төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан төрийн алба хаах эрийг зөрчиж байна. Монгол Улсын төрийн албаны зөвлөлд Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 14 -ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 сарын 30 -ны өдрийн 178 дугаар тогтоолоор миний гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг 2022 оны 04 сарын 08 -ны өдөр шуудангаар хүлээж авсан. Уг тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 14 - ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгож, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.

            6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц***************, Б.Л*********** нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25 -ны өдөр баталсан алба хаагчдын сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллах удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын дарга Б.О*******, тус газрын Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц*************** нар 2022 оны 01 дүгээр сарын 26 -ний өдрийн 21 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдалд шалгалт хийхэд тус газрын карго терминалын 220 тоот ажлын албан өрөөнд Гаалийн хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч Т.Х************** ажлын байранд албаны дүрэмт хувцастай согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэст хандахад Т.Х************** нь 1.99 хувийн согтолтын зэрэгтэй байсныг согтолт хэмжих багажаар тогтоосон байдаг. Тухайн цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн талаар 2022 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 14-5/76 дугаар албан бичгээр Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт мэдэгдсэн байдаг. Үүний дагуу Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас тухайн 2 ажилтны сахилгын зөрчлийг Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц*************** шалгахад ажлын цагаар согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн нь Т.Х**************-ийн гараар бичиж өгсөн тайлбараар, эрх бүхий байгууллагаас шалгалтын явцад согтолтын зэрэг хэмжих багажаар тогтоосон согтолтын зэрэг болон цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан. Т.Х************** нь хүлээн зөвшөөрч оногдуулсан торгуулийг төлсөн зэргээр тогтоогдсон тул сахилгын арга хэмжээ авах саналыг удирдлагад танилцуулсан байна. Т.Х************** нь Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан "Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 "ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" үүрэг, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.5 "гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах" үүрэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм" -ийн 2 дугаар зүйлийн 2.2.1 "ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх". 2.2.2 "зөв шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх" ес зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан сахилгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж гаалийн албанаас халах шийтгэл оногдуулах тушаалын төслийг бэлтгэн сахилгын хорооны гишүүдэд танилцуулж, сахилгын арга хэмжээг авч Гаалийн ерөнхийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14 -ний өдрийн Б/69 дугаар тушаалаар Гаалийн албанаас халсан байна. Тухайн ажлаас халах сахилгын арга хэмжээг авахдаа дараах ажиллагааг хийсэн болно. Ажлын байрны сахилга ёс зүй, цагийн бүртгэл хийх удирдамжийг батлуулж ЧХОУНБ -д ажилласан, Гаалийн улсын байцаагчдын ажлын байр, цаг бүртгэлийг шалгасан, Гаалийн улсын байцаагчийн ажлын хуваарийг тодруулсан, Ажлын байран дээр согтуу байсан 2 ажилтны согтолтын зэргийг тусгай багажаар, эрх бүхий хуулийн байгууллагаар тогтоолгосон, Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газарт шалгах үүрэг өгч шалгуулсан, согтуу байсан ажилтнуудаас болон тухайн ээлжийн ахлах байцаагчаас тайлбар авсан,  Шалгалтын үр дүнг Г**** е******г******д**********д болон сахилгын хорооны гишүүдэд танилцуулсан, Хүний нөөцийн хэлтэст шалгасан материалыг шилжүүлсэн, Албанаас халах хуулийн үндэслэлийг Хуулийн хэлтсээр хянуулсан, Сахилгын арга хэмжээ авах болсон талаар сонсох ажиллагаа хийсэн, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг өөрсдөд нь танилцуулсан,  Холбогдох газарт тушаалын хувийг хүргүүлсэн зэрэг ажиллагааг хийсэн байна. Ажлын байранд архи уусан, ажилтай үедээ ажлын байран дээр согтуу байсан нь зарчмын ялгаа байхгүй ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй байсан бөгөөд гаалийн байгууллага архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дотоод журам дүрмээ хэрэгжүүлэхээс гадна Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2.  Нэхэмжлэгч Т.Х************** нь 2018 оноос эхлэн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд ариутгагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан байна.
  3.  Монгол Улсын Их хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан “Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүрэг гаалийн байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагаас гаалийн байгууллагад шилжин ирж буй албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинээр боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөр хянуулж батлуулах хүртэл нэр бүхий гаалийн газруудад албан хаагчдыг томилсны дотор нэхэмжлэгч Т.Х**************-ийг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилж ТТ-10-2 зэрэглэлээр цалинжуулж байжээ.
  4.  Гаалийн ерөнхий газрын даргын зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан алба хаагчдын сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтад тавьж ажиллах удирдамжийн дагуу тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.О*******, тус газрын Хэрэг бүртгэх албаны дарга Д.Ц*************** нар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, албаны бэлэн байдалд шалгалт хийхэд тус газрын карго терминалын 220 тоот албан ажлын өрөөнд нэхэмжлэгч нь ажлын байранд албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан нь хэргийн оролцогчдын тайлбар болон согтолт хэмжих багажаар 1,99 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч дээрх нөхцөлтэй байдалтай маргадаггүй.
  5.  Маргаан бүхий захиргааны акт болох Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т.Х**************-ийг “...ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг үл сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн...” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д “төрийн албанаас халах;” гэж заасны дагуу гаалийн албанаас халсан байна.
  6.  Уг тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хандсаны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т.Х**************-ийн гомдлын шаардлагыг хангахгүй орхисны дагуу 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр тус шүүхэд ханджээ.
  7.  Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах нөхцөл байдлыг харгалзаагүй ногдуулсан бөгөөд  өмнө нь сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй байхад ногдуулсан шийтгэл хүндэдсэн...сахилгын зөрчлийг хянан шалгах журмын дагуу сахилгын хороогоор хэлэлцүүлээгүй” гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Т.Х************** нь ёс зүйн дүрэм болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  8.  Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48 дугаар зүйлийн 48.1.4-д “төрийн албанаас халах”, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.11-д “гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;”, 274 дүгээр зүйлийн 274.2.5-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах”, Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Гаалийн улсын байцаагч сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтлан ажиллана: гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Гаалийн улсын байцаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэх болон дүрэмт хувцастай үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа хэрэглэх”, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана: ажил албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх”, 2.1.2-т “төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа үйлдэл гаргахгүй байх” гэж тус тус заасныг үндэслэн гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Х**************-ийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт албан үүрэг гүйцэтгэж байхдаа албаны дүрэмт хувцастайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж  үзэж  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлтэй байна.
  9. Мөн Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ журмын зорилго нь Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаалийн улсын байцаагч сахилгын хэм хэмжээ зөрчсөн тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтны гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчил нь дээрх журамд хамааралгүй болно.
  10. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий” байх тул нэхэмжлэгчийн “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Гаалийн тухай хуулийн 2711.1 дүгээр зүйлийн 2711.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Х**************ээс Г**** е******г******д**********д холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     Л.ӨЛЗИЙЖАРГАЛ