Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00034

 

Ц.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШт холбогдох,

 

Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2018 оны 01 сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31936 дугаар захирамжаар Ц.Таас 41 515 000 төгрөгийг гаргуулж К ББСБ-д олгохоор шийдвэрлэж үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангахаар заасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг шинжээч томилон 80 000 000 төгрөгийн үнэтэй гэж үнэлгээ тогтоон 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ц.Тт 4/7891 дугаар албан бичгээр мэдэгдлээ. Төлбөр төлөгчийн эрх ашгийн ноцтойгоор зөрчин, барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 2 өрөө байрны үнэ ханш өнөөдрийн зах зээлд 100 000 000-120 0000 000 төгрөгийн үнэ ханштай байна.  Гэтэл ямар үндэслэлээр барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж байгааг ойлгох боломжгүй бөгөөд ийнхүү маш багаар үнэлсэнд гомдолтой. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 18260028/01 дугаар тогтоолоор битүүмжлэхдээ нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч энэ ажиллагааг мэдээгүй бөгөөд тус газраас хэрэгт гарган өгсөн нотлох баримтаас олж мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал болох нээмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн битүүмжлэх ажиллагаанд оролцуулсан бол тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, санал, хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байх байсан. Уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31936 дугаар захирамжаар Ц-ын Таас 41 515 000 төгрөгийг гаргуулж К ББСБ-д олгохоор төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор барьцааны хөрөнгө болох 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битмүүмжилж, 2018 оны 01 сарын 24-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 18260028/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгчийн гэр бүлийн гишүүн буюу итгэмжлэгдсэн Т.Ц байсан. Т.Цад тогтоолын хувийг гардуулж, сайн дураар эвлэрэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  сууцыг хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 120 600 000 төгрөгөөр, үүрэг гүйцэтгүүлэгч К ББСБ уг үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимейт ХХК-ийг томилон үнэлгээ хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан, Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2018 оны 01 сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч  шинжээчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх энэ талаар дүгнээгүй. Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэсэн шаардлагыг хөрөнгийн үнэлгээний тайлан хангасан гэж дүгнэсэн боловч хөрөнгийн үнэлгээний зүйлийн ямар шинж байдал, ямар онцлогт үндэслэн үнэлгээг гаргасан талаар огт дүгнээгүй, хөрөнгийн  тогтоосон үнэ цэнэ ямар үндэслэлээр тодорхой байсан талаар огт дүгнээгүй. Мөн шүүх хөрөнгө битүүмжлэх ажиллагааг, мэдээгүй, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой. Хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцоогүй,байлцуулаагүй,мэдэгдээгүй. Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь НШт холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах, мөн уг сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., шийдвэр биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж тайлбарлажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 31936 дугаар захирамжаар Ц.Таас 41 515 000 төгрөгийг гаргуулж К ББСБ-д олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангахаар заасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр тохиролцоогүй тул шинжээч томилсон үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 9-10, 39-40, 44/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 80 000 000 төгрөг гэж тогтоосон. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Тт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  4/7891 тоот албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 10-нд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн, үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах заалтыг зөрчөөгүй байна. / хх-ийн 1/

 

Төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчин, барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 2 өрөө байрны үнэ ханш өнөөдрийн зах зээлд 100 000 000-120 0000 000 төгрөг болох нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. /хх-ийн 105-111/

 

Харин нэхэмжлэгч нь дээрх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр битүүмжилсэн ажиллагааг хууль бус гэж үзэж шүүхэд уг ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

 

Гомдол гаргасан үндэслэлээ уг ажиллагааны талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, оролцуулаагүй, тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, санал, хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяалалд дээрх гомдол багтаагүй өөрөөр хэлбэл шүүхэд харьяалагдахгүй хэрэг маргааны асуудлаар шүүхэд гомдол гаргасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах гомдолд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн“..,хөрөнгийн үнэлгээний зүйлийн ямар шинж байдал, онцлогт үндэслэн үнэлгээг гаргасан, тогтоосон үнэ цэнэ ямар үндэслэлээр тодорхой байсан талаар  дүгнээгүй” гэх гомдол нь шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна. Шинжээч дүгнэлтээ хөрөнгийн байршил, зах зээлийн үнийн судалгаанд үндэслэсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг баримтыг няцаасан нотлох баримтыг гаргаагүй,  ”..,хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй, байлцуулаагүй, мэдэгдээгүй” гэх гомдол нь шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан биш байх тул давж заалдах журмаар гаргасан дээрх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/003227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2204012703 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 хороолол, 18 байрны 31 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан 2018 оны 01 сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдолд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД