Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0078

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

                                                                        

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.О

Шүүгдэгч                                                       Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             Д.Билэгсайхан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ат холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Г-н А.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овгийн Г-н А-г Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат тэнсэнгийн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22,11 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Оюунтуяа эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” тус тус заасан байхад дан ганц шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнээд Г.Аыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.

   

         Хэдийгээр Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр зохицуулагдсан боловч үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

         Учир нь шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

 

         Иймд шүүгдэгч Г.Аыг  анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1. 3, 39 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             М.ХҮРЭЛБААТАР

                                                                                           С.ЦЭЦЭГМАА