Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/00575

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2017/00575 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: Майсүрэн-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүцэтгэх албанд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Ганбаатар/РД: /,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Майсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Майсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дугаржав овогтой Майсүрэн нь 1975 оноос 2007 оныг дуустал хууль зүйн байгууллагад ажиллаж байсан билээ. 2014 оны 12 дугаар сард иргэн Ц.Цэдэнгийн бизинес санхүүгийн үйл ажиллагаанд туслах зорилго хүсэлтээр Х.Батсайхан, Э.Ганбаатар нартай танилцуулан 60.000 ам.доллар зээлэх тухай амаар тохиролцон улмаар Ц.Цэдэнгий гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл батламж зэрэг бичиг баримтыг үзүүлж харилцан тохиролцон Э.Ганбаатар, Ц.Цэдэн нар 60.000 ам доллар зээлэх, зээлдүүлэх тухай гэрээг бичгээр байгуулж, байлцсан миний бие Х.Батсайханы шаардсаны дагуу уг гэрээн дээр хэлбэрийн төдий гарын үсэг зурсан байдаг билээ.

Гэтэл миний зурсан уг гарын үсгээр үндэслэл болгон намайг 50% нийт 45.000 ам.доллар төлж барагдуулах мэтээр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй

дүүргийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №101\ШШ2016\00128 тоот шийдвэр гарсан билээ.

Харин би уг мөнгөнөөс нэг ч төгрөг авалгүй Ц.Цэдэн өөрийн гараар тоолж хүлээж авсан түүнийг ч гэрчлэх баримт үйлдсэн энэхүү баримт Э.Ганбаатарт байдаг юм. Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүргийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №101\ШШ2016\00128 тоот шийдвэр гарсан байдаг.

Гэтэл Ц.Цэдэнд УМБГазраас МУЭХ-ийн 148.4 дахь зүйл хэсэгт хамааруулан № 2014250000764 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тухай 2015 оны 06 дугаар сарын 04-ний №11\4-1180, 2015 оны 10 дугаар сарын 22-ны №11\4-2488, 2016 оны 05 дугаар сарын 20-ны №11\4-3011 тоот албан бичиг ирсээр атал шүүх шийдвэр гаргаж уг шийдвэрийн дагуу НШШГАлбанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн авто машин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдор бус болохыг тогтоосугай гэсэн энэхүү шийдвэрийг НДЗШШ, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр баталсаар байхад машины асуудлаар хууль зөрчин хураан авсан хууль бус үйлдэлүүд гаргаж байгаа тул НШШГАлбаны үйл ажиллагааг Ц.Цэдэнгийн № 2014250000764 дугаартай эрүүгийн хэргийн хохиролыг төлөгдтөл түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

2015 оны 12 дугаар 25-ны өдөр СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр Э.Ганбаатарт төлөх 60.000 ам.долларын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд Ц.Цэдэн өөрийн биеэр оролцож өөрийн гараар Д.Майсүрэн биш би энэ мөнгийг авсан нь үнэн, би бүрэн хариуцах болно гэж бичиг үйлдэн баталсаар атал анхан шатны шүүх уг нотлох баримтанд ач холбогдол өгөлгүй буруу шийдвэр гаргаж уг шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байгаа явдал нь ШШГүйцэтгэх тухай хуулийн 15-р зүйлд заасны 15.1.2,15.1.3,15.2.4 дахь зүйл хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үнэслэл гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Ц.Цэдэнд УМБГазраас МУЭХ-ийн 148.4 дахь зүйл хэсэгт хамааруулан № 2014250000764 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тухай 2015 оны 08 дугаар сарын 04-ний №11\4-1180, 2015 оны 10 дугаар сарын 22-ны № 11\4-2488, 2016 оны 05 дугаар сарын 20-ны № 11\4-3011 тоот албан бичиг ирсээр атал шүүх шийдвэр гаргаж уг шийдвэрийн дагуу НШШГАлбанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн авто машин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдор бус болохыг тогтоосугай энэхүү шийдвэрийг НДЗШШ, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр баталсаар байхад машины Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр мэтээр хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь иргэн Д.Майсүрэн миний хууль ёсны хүний эрхэнд халдаж байгаагийн тод илрэл болно.

НШШГАлбаны шийдвэр гүйцэтгэгч Х.Цэдэнсодном нь Дээд шүүхийн Иргэний танхимийн Хяналтын шатны шүүхийн тогтоол бичгээр гармагц таны байр орон сууц, машиныг дахин хураах болно гэж бүдүүлэгээр авирлаж заналийлсэн өнгө аястай сүрдүүлэг хийж байна.

Иймд удаа дараалан хууль зөрчин 2016 оны 09 дүгээр сарын 28-ны нөхөж бичсэн тогтоолоор автомашиныг хураасан үйлдэл, 2016 оны 04 дүгээр сард СБД-ийн 3-р хороо 13-р байрны 1-р орц 15 тоот дундын эзэмшилийн 3 өрөө хувийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулах НШШГАлбанаас Эд хөрөнгө битүүмжилсэн №0403, №0207 тоот тогтоол, Эд хөрөнгөд үзлэг хийсэн № 0403, Үл хөдлөх эд хөрөнгөнд анх удаа дуудлага худалдаанд оруулах тухай №3\85 тогтоол гарган үйл ажиллагаа явуулж байгаа НШШГАлбаны хууль бус үйлдэлүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. НШШГАлбаны үйл ажиллагааг Ц.Цэдэнгийн №2014250000764 дугаартай эрүүгийн хэргийн хохиролын асуудал шийдвэрлэгдтэл түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20 000 000/хорин сая/ төгрөгийг гаргуулах ажиллагаанд 50/тавь/ хувийг төлсөн байгаа. Д.Майсүрэн гуайн хувьд АНУ-ын иргэн ирэхээр төлнө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж байгаа. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 386 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 574 дүгээр тогтоолоор Дугаржавын Майсүрэнгээс 91.556.472 төгрөгийг гаргуулж Э.Ганбаатарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын 28-нд хүлээн авсан.

Төлбөр төлөгч Д.Майсүрэн нь нэхэмжпэлдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг дээрх 3 шатны шүүхээс хүчин тегөлдөр бус болохыг тогтоосоор байтал хууль зөрчин 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нөхөж бичсэн тогтоолоор автомашиныг хураасан үйлдэл, 2016 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-15 тоот дундын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжилсэн №0403, №0207 тоот тогтоол, эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн №0403, Үл хөдлөх эд хөрөнгөнд анх удаа дуудлага худалдаанд оруулах тухай №3/85 тоот тогтоол гарган үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Төлбөр төлөгч Д.Майсүрэнд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 02-нд, 2016 оны 09 дүгээр сарын 28-нд, 2016 оны 12 дугаар сарын 20-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нийслэлийн замын цагдаагийн газарт 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/26303 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3/30652 тоот албан бичгээр төлбөр төлөгч Д.Майсүрэнгийн эзэмшлийн 33-99 УБӨ улсын дугаартай Ланд круйзер-100 маркийн автомашиныг албадан саатуулах мэдэгдлийг удаа дараа хүргүүлснээр 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураан авч албаны гаражид шилжүүлсэн.

Гэтэл Д.Майсүрэн нь дээрх 3 шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар Улсын дээд шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32016/03006 тоот захирамжаар түдгэлзүүлснээр автомашиныг Д.Майсүрэнд буцаан олгосон.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1268 дугаар захирамжаар Дугаржавын Майсүрэнгээс 23.737.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг 2013 оны 10 дугаар сарын 08-н хүлээн авсан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5070 дугаар захирамжаар 15.116.475 төгрөгийг гаргуулж А.Даваахүүд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Майсүрэнгийн хамтран өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-15 тоот 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2014 оны 03 дугаар сараас хойш гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна.

Төлбөр төлөгч Д.Майсүрэн нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-15 тоот дундын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжилсэн №0403, №0207 тоот тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгөнд анх удаа дуудлага худалдаанд оруулах тухай №3/85 тоот тогтоолд 2014 оны 08 дугаар сарын 28-нд гомдол гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2496 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1004 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 933 тоот тогтоолоор нэхэмжпэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д.Майсүрэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 60 000/жаран мянга/ ам.долларыг ганц Д.Майсүрэнгээс авах гэсэн шийдвэр гаргаагүй зөвхөн 30 000/гучин мянга/ ам.долларыг гаргуулах шийдвэр гарсан. Төлбөр төлөгдөхгүй би хохирч байгаа. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Майсүрэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байна гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1268 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс 23 837 975/хорин гурван сая найман зуун гучин долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 386 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 574 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчээс 90 337 200/ерэн сая гурван зуун гучин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 897 386/найман зуун ерэн долоон мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан Э.Ганбаатарт олгохоор шийдвэрлэж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 63 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаар мэдэгдэх хуудас, 128 дугаар шийдвэр, 386 дугаар магадлал, 574 дугаар тогтоол, 63 дугаар гүйцэтгэх хуудас, 16280974 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т .... эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 36 дугаар зүйлийн 36.1Дараахь үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална:, 36.1.1эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах; гэж заасан.

 

Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн 3399 УБӨ улсын дугаартай Ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг хураасан, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-15 тоот 3 өрөө орон сууцыг 152/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн болон №04/03 дугаар тогтоолоор эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн, 02/07 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй болох нь 152/01, №04/03 болон 02/07 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн тус шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шаардлага гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь үндэслэл, хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ: гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Майсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Майсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Майсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ