Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/952

 

 

 

 

 

 

 

   

 2024              11           28                                         2024/ШЦТ/952

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ө.Батбаяр, Б.Энхбат

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 2 хавтаст хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа “***” төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, иргэн А.***гийн “***” төвд 2023 оны 10 дугаар сард захиалга өгч хэвлүүлсэн “Эр хүн” гэх нэртэй номын төлбөрт шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, мөн үлдэгдэл төлбөр болох 1.250.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус өөрийн эзэмшлийн ХААН банкны *** тоот дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулан завшиж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа “***” төвд үргэлжилсэн үйлдлээр нийт 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. Би “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 18 жил ажиллахдаа 8 жилд нь “***” төвийн даргаар ажилласан. Би сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 50 гаруй ном бичиж, 200 гаруй ном редакторласан. Тухайн үед *** гуай надтай холбогдож Авхиа генералын 100 насны ой болж байгаа, түүний талаарх номыг яаралтай хэвлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд *** гэх хүн Ширчингийн Сүхбаатарын бичсэн “Эр хүн” нэртэй номыг авчирч өгсөн ба уг номыг дахин хэвлэхийн тулд би редакторласан. Ном утга, найруулга, үг үсгийн алдаа их байснаас гадна, нэмж гэрэл зургууд оруулсан. Өөрийн шавь Алтанхүүтэй 4 хоног ажиллаж оюуны хөдөлмөрөө зарцуулсан. ***д номын мөнгө 3.250.000 төгрөг болно шүү гэж хэлж байсан. Зарим хүмүүс номоо хийлгэчхээд алга болчихдог болохоор мөнгийг нь урьдчилан авсан.

Миний бие “***” төвийн даргын албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод төмөр замын бус орлогыг нэмэгдүүлэх талаар заасан байдаг. Энэ байдлаар “Монгол туургатан” төслийн шугамаар 2019-2020 онд 40 гаруй номыг хэвлэж 26 сая төгрөгийн цэвэр орлого олж байсан. *** гуай намайг маш сайн таньдаг хүний хувьд 2.250.000 төгрөгийг шилжүүлүүлсэн байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байсан болохоор би Алтанхүүгийн нэрээр захиалга өгсөн. Энэ асуудлыг тооцооны нягтлан Оюун маш сайн мэдэж байх ёстой боловч миний эсрэг мэдүүлэг өгөхдөө хараагүй гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байна лээ. Би удирдлагын менежментийг хэрэгжүүлэн аль болох ажилчдадаа хүнлэг чанараар хандахыг хичээдэг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэх актдаа өрийн тухай акт үйлдсэн байгаа. 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр жилийн эцсийн баланс тайлан гарахаас өмнө энэ номын төлбөрийг шилжүүлсэн.

Намайг ажлаас халсан Төмөр замын даргын тушаалыг эс зөвшөөрч би шүүхэд хандсан. Улаанбаатар Төмөр замын удирдлагууд өөрчлөгдсөнөөр “***” төвийн даргын албан тушаалыг надаас авахын тулд ингэсэн болов уу гэж бодож байна. Шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч би энэ байгууллагад цаашид ажиллахгүй. 2023 оны 11 дүгээр сарын 14-өөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Байгууллагыг хохиролгүй болгож өрийг шилжүүлсэн байгаа. Гэтэл энэ асуудлаас хойш эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “... 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиалагч ***гээс “Эрх хүн” ном 1000 ширхгийг хэвлүүлэхээр *** төвд захиалга хүлээн авсан. Номыг хугацаанд нь хэвлэж захиалагч нарт нь хүлээлгэн өгсөн ба ***гээс 3.000.000 төгрөг *** төвийн дансанд тушаагдаагүй байна. Ном хэвлүүлсэн захиалагчдаас төлбөрийн талаар асуухад тухайн үед төвийн даргаар ажиллаж байсан ***ийн эзэмшдэг банкны дансанд шилжүүлснээ тайлбарладаг. Байгууллагын тоног төхөөрөмжийг ашиглаж хэвлэсэн номын төлбөрийг хувьдаа завшиж байгууллагад орох ёстой байсан орлого буюу эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл гэж үзэхээр байна. Иймд төвийн хэвлэлтийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан, нийгэмлэгт орох байсан орлогыг хувьдаа завшсан албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал олгосон үйлдлийг шалгаж өгнө үү” /1-р хх-н 43-45/ гэж,

гэрч *** “... намайг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа “***” төвийн даргаар ажиллаж байх хугацаанд тус төвийн даргаар өмнө ажиллаж байсан *** нь тус төвд хэвлэгдсэн “Эр хүн”, нөгөөх нь нэрийг нь сайн санахгүй байна иргэн ***ы захиалгатай номын төлбөрийг хувьдаа авч ашигласан асуудал гаргасан байсан. “Эр хүн” нэртэй ном нь ойролцоогоор 3 сая төгрөг, харин нөгөө ном нь 5 сая төгрөгийн төлбөртэй байсан санагдаж байна. Би 2023 оны 11 дүгээр сард *** даргатай ажил хүлээлцсэн юм. Тухайн үед *** дарга надтай байгууллагын болон номын төлбөр мөнгө /үлдэгдэл/-тэй холбоотой зүйл хэлээгүй. Ажил хүлээлцсэний дараа 2023 оны 12 дугаар сард байгууллагын санхүүгийн тайлан гарах үеэр ерөнхий нягтлан бодогчийн ажлыг түр давхар гүйцэтгэж байсан Оюун нь манай байгууллагын даргаар ажиллаж байсан *** нь 2021, 2023 онуудад манай төвд хэвлэгдсэн номын төлбөрийг өөрийнхөө болон дүү Батбаярынхаа дансаар авч өөр зүйлд ашигласан юм шиг байна. Энэ мөнгийг төлөхгүй бол байгууллага өр төлбөртэй гарах гээд байна гэж хэлсэн. Ингээд л ***ийг 2021, 2023 онд хэвлэгдсэн номын төлбөрийг хувьдаа авсан юм байна гэдгийг нь мэдсэн. Уг асуудлыг мэдээд удаагүй байхад *** дарга надтай утсаар холбогдоод наана чинь номтой холбоотой төлбөр мөнгөний асуудал гараад байгаа юм уу, наад асуудлыг чинь Оюун мэдэж байгаа, тэр чамд хэлсэн үү гэх утгатай зүйл хэлээд би наад мөнгөнүүдийг төлнө гэж хэлсэн. Ингээд л дээрх 2 номтой холбоотой төлбөр мөнгийг асуудал болж эхэлсний дараа төлчихсөн байсан. 2024 оны 1 дүгээр сард төлсөн байсан санагдаж байна. Ер нь *** дарга тухайн мөнгөтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдээд уг мөнгийг төлсөн гэж ойлгосон. Цагдаа, хуулийн байгууллагад хандах асуудал 2023 оны жилийн эцсээр Улаанбаатар төмөр замын удирдлагын төвшинд яригдсан юм билээ” /1-р хх-н 49-50/ гэж,

гэрч *** “... миний эцэг Жарантайн Авхиа гэж хуульч, генерал хүн байсан. Түүний 100 насны ой 2023 онд болсон бөгөөд түүний гэгээн дурсгал, ойг 2023 оны 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлсэн. Ширчиний Сүхбаатар гэх хүн миний аавд зориулж “Эр хүн” гэх номыг бичиж байсан бөгөөд 2023 онд болсон ойн арга хэмжээтэй холбогдуулж уг номыг дахин шинэчлэн гаргасан юм. Энэ номыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа “***” төвөөр 2023 оны 10 дугаар сарын сүүлд 1000 ширхгийг хэвлүүлсэн. Таны дээрх асуултад дурдагдсан мөнгө бол дээрх ном хэвлүүлсний төлбөр байгаа юм.

Би өөрийн ах болох ***гээр дамжуулж 2023 оны 10 дугаар сарын дундуур байх он, сарыг нь нарийвчлан санахгүй байна ***той танилцаж, түүнтэй уулзан ном хэвлүүлэхээр болсон. Уг номыг хэвлүүлэх гээд хэвлэх үйлдвэр олдохгүй болохоор нь Т.*** ахад хэлтэл чи энэ хүнтэй очиж уулзаад номоо хэвлүүлчих, төлбөр мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн. ***той очиж уулзахад төлбөр мөнгө нь 3.250.000 төгрөг болно, урьдчилгаа нь 2 сая төгрөг болно, ном хэвлэгдсэний дараа үлдэгдэл мөнгийг нь хийгээрэй гэж хэлсэн. Тухайн үед би төлбөр мөнгийг нь хаашаа ямар байдлаар хийх вэ гэж асуутал энэ данс руу шилжүүлээрэй гээд надад өөрийнхөө дансыг өгсөн юмаа. Ямар шалтгааны улмаас өөрийнхөө дансыг өгснийг мэдэхгүй байна. ***той түүний ажлын байранд очиж уулзаж байсан. Ажил нь Төмөр замын удирдах газрын ойролцоо байрладаг юм билээ. Би мөнгийг интернэт банк ашиглаж шилжүүлэхэд түүний нэр гарч ирэхээр нь ямартай ч дарга нь юм чинь гээд л юм бодолгүй шилжүүлсэн. Би уг номыг бэлэн болгоод ***т файлаар өгч байсан. Тухайн үед өмнө үгийг нь солиод л хэвлүүлсэн. *** нь редакторлахад /эмхэлж, бичихэд/ ямар нэг байдлаар оролцоогүй. Харин хэвлэж өгсөн байгаа. Би уг номыг хэвлүүлэхтэй холбоотойгоор ***той ажлын байранд нь нэг л удаа уулзсан. Өөр хэн нэгэнтэй уулзаагүй. Ном “***” төвд хэвлэгдсэний дараа *** нь над руу хүнээр явуулсан нийт 1000 ширхэг ном авсан” /1-р хх-н 52-53/ гэж,

гэрч *** “... *** бол миний багын найз байгаа юм. Бид хоёр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж өссөн хүмүүс. Одоо гэр бүлийн найз нөхдийн холбоо хамааралтай. *** нь 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр байх /он, сарыг нь нарийвчлан санахгүй байна/ надаас 1.500.000 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд тэр мөнгөө 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буцаан өгсөн нь дээрх гүйлгээ мөн байна. *** надад мөнгө хэрэгтэй байна гээд л зээлээд авч байсан. Дараа нь утасдаад би мөнгөтэй болчихлоо чи дансаа өгөөч гэж хэлээд л уг мөнгийг над руу шилжүүлсэн. *** нь надаас дээрх 1.5 сая төгрөгийг зээлээд л буцаан өгч байсан. Өөр мөнгө зээлж байгаагүй. Би ***оос мөнгө зээлж байгаагүй. Бид хоёрын дунд одоо ямар нэг өр, авлага байхгүй ээ. *** миний данс руу мөнгө шилжүүлээд түүнийгээ гаргуулж авч байгаагүй” /1-р хх-н 55-56/ гэж,

гэрч *** “... *** төв нь 2022 оны 9 дүгээр сард манай албаны харьяанд ирсэн юм. Харьяанд ирсний дараа тус төвийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцахад нэр бүхий иргэнийн нэр дээр 2 сая төгрөгийн авлагатай байсан. Тус авлагыг судалж үзвэл тухайн иргэн нь “Ган зам пресс” төвөөр 2021 онд ном хэвлүүлээд тухайн төлбөрөө төлөөгүй байсан. Энэ талаар нягтлан бодогчоос тодруулахад энэ мөнгийг нь тухайн иргэн нь төлөөгүй байгаа. Тухайн асуудлыг *** дарга мэднэ гэсэн утгатай зүйл хэлсэн. Баримт бичгүүдийг үзвэл гэрээ, холбогдох баримтууд нь байхгүй байсан. Түүнээс хойш миний бие тухайн өр, авлагыг нэн даруй барагдуул гэсэн чиглэлийг *** даргад удаа дараа хэлж, чиглэл өгсөн. Үүнээс хойш 2023 оны 10 дугаар сард манай байгууллагын аудитын хурал болж дарга ***, нягтлан бодогч Б.Энхдөл нарыг ажлаас нь чөлөөлсөн. Ерөнхий нягтлан бодогч Б.Энхдөлийг ажлаа өгсний дараа Б.Оюун нь түүний ажлыг авсан юм. Б.Оюун нь ажлаа авсныхаа дараа байгууллагын өглөг, авлага, санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд манай байгууллага бусдаас авах нийт 3.250.000 төгрөгийн авлагатай юм байна гэж танилцуулсан. Тэгэхээр нь миний бие энэ юун авлага байдаг юм бэ? гэж асуухад урьд өмнө Төмөр замын даргаар ажиллаж байсан *** нь 2023 оны 10 дугаар сард ном хэвлүүлээд төлбөрөө өгөөгүй байгаа юм байна гэж хэлсэн. Түүний дагуу би ***тэй очиж уулзаад та 3 сая гаруй төгрөгийн ном хэвлүүлсэн юм байна. Та үүнийхээ төлбөрийг төлөөч гэсэн зүйлийг хэлсэн. Гэтэл тэрээр би наад номыг чинь хэвлүүлээгүй, өөр хүн хэвлүүлсэн байх ёстой би *** даргад хэлээд хооронд нь уулзуулсан. Тухайн ном хэвлүүлсэн хүн мөнгөө төлсөн байх ёстой гэж хэлээд над руу төлбөр төлсөн баримтаа скрийн шот /screen shot/ хийж явуулсан. Баримтыг үзвэл номын төлбөр болох нийт 3.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр *** даргын хувийн данс руу шилжүүлсэн байсан. Уг асуудал болсноос хойш буюу тухайн асуудлыг цагдаа, хууль хяналтын байгууллагаар шалгуул гэсэн чиглэл өгөгдсөний дараа *** дарга тухайн мөнгийг байгууллагын данс руу шилжүүлсэн байсан. Ингээд л Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуулийн хэлтсээс цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан юм.” /1-р хх-н 229-230/ гэж,

гэрч *** “... Монгол Улсын генерал ***гэх хүн бол миний авга ах байгаа юм. 2023 онд түүний 100 насны ой тохиож урьд хэвлэгдэж байсан “Эр хүн” нэртэй номыг дахин хэвлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор би байгууллагынхаа “***” төвийн даргаар ажиллаж байсан ***той уулзаад ***гэж хүний номыг хэвлүүлэх гэж байгаа юм, чи түргэн хугацаанд хэвлээд өгөөч, төлбөр мөнгийг нь өгнө, захиалгыг нь гялс баталгаажуулчих гэж хэлээд ***, А.*** нарыг хооронд нь уулзуулсан. Ингээд л А.*** номоо хэвлүүлээд төлбөр мөнгийг нь өгсөн байсан. Би анх уулзахдаа төлбөр мөнгийг нь өгөх газарт нь өгнө гэдгийг нь хэлсэн байсан. 2023 оны 12 дугаар сард байх /он, сарыг нь нарийвчлан санахгүй байна/ над руу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Маркетингийн албаны дарга *** залгаад та “Эр хүн” нэртэй ном захиалсан юм байна, төлбөр мөнгийг яасан юм бол гэхээр нь А.***гаас тодруулаад төлбөр төлсөн баримтыг нь *** руу явуулсан. Баримтыг нь үзэхэд ***ийн хувийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. А.***г тус данс руу мөнгө хий гэж хэлсэн гэж ойлгосон. Ямар шалтгааны улмаас тэгснийг мэдэхгүй байна. Уг асуудалтай холбоотойгоор үүнээс өөр зүйл мэдэхгүй” /1-х хх-н 232-233/ гэж,

гэрч ***“... 2021 онд *** гэх хүн манайд захиалга өгч ном хэвлүүлснийг би санаж байна. Ном хэвлүүлэх захиалга өгөхдөө албан ёсоор үйлдвэрийн мастер С.Ууганзаяад захиалга өгч захиалсан. Уг “Төрийн алба, шинэтгэлд шинэтгэхийн учир” номын хэвлэлтийн төлбөрийг зохих ёсны дагуу бүртгэл, тайландаа тусган 2023 онд байгууллагын дансанд төлүүлсэн. *** гэдэг хүн нь номын захиалгын төлбөрөө 2022 онд хийх ёстой байсан боловч ковидоос шалтгаалаад хойшлуулж байгаад 2023 онд төлсөн. Үүнийг би мэдэж байна. Энэ төлсөн баримт нь байгууллагын санхүүгийн тайлан мэдээнд байгаа. Харин 2023 онд ***гэх хүний захиалгаар “Эр хүн” гэдэг номыг манай байгууллага хэвлэснийг би сайн мэдэхгүй байна. Үйлдвэрийн захиалгаар ном хэвлэсэн бол заавал бүртгэл тайланд тусгагдаж төлбөр нь байгууллагын дансанд орох ёстой” /1-р хх-н 64-66/ гэж,

гэрч *** “... манай байгууллагад 2021 онд *** гэх хүний захиалгаар “Төрийн алба, шинэтгэлд шинэтгэхийн учир” гэдэг нэртэй номыг хэвлүүлэхээр захиалга өгч манайхаас хэвлэлтийг нь хийж ном болгож гаргаж өгсөн. Одоо би хэдэн сарыг нь санахгүй байна. Тухайн номын захиалагч *** нь ном хэвлүүлсэн төлбөрөө төлөхгүй байгааг би санхүүгийнхнээсээ мэдсэн. Одоо төлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна. Харин 2023 оны 8 дугаар сард байх ***гэх хүний захиалгаар “Эр хүн” гэсэн нэртэй 1000 ширхэг номыг манайх захиалгаар хүлээн авч хэвлэж гаргасан. Тухайн номын захиалагч ***гэх хүн нь захиалгын төлбөрөө мөн хийхгүй байна гэж би сонссон. Дараа нь 2023 оны 12 дугаар сард сонссон зүйл гэвэл ***гэх хүн нь ном хэвлүүлсэн төлбөрийг *** даргын данс руу шилжүүлсэн байна гэдгийг манай тооцооны нягтлан Оюун гэдэг хүнээс сонссон. Энэ ном нь анх захиалгаар орж ирэхдээ Замын даргын зөвлөх *** даргын ном гэж орж ирсэн бөгөөд маркетингийн албаны дарга *** даргаас асууж тодруулахад захиалгын төлбөрөө *** даргын дансанд хийчихсэн гэж хэлсэн гэж сонссон” /1-р хх-н 69-71/ гэж,

гэрч *** “... *** төв нь ***ы захиалгатай “Төрийн алба, шинэтгэлд шинэтгэхийн учир нэртэй” 156 хуудастай номыг 500 ширхгийг нь тус бүрийг 7500 төгрөгөөр, 400 ширхгийг 8000 төгрөгөөр хэвлэхээр захиалга авсан байсан. Энэ нь захиалгын хуудас дээрээс харагдаж байсан. Тус номын нийт төлбөр 6.950.000 төгрөг болсон бөгөөд *** нь төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.460.000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 490.000 төгрөгийг, 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Миний хувьд *** нь *** дарга болон түүний хамаарал бүхий этгээдэд номын төлбөрийг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Харин байгууллагын даргаар ажиллаж байсан *** нь “Эр хүн” нэртэй номын төлбөр болох 3 сая төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны, 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан байсныг дараа нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын дансанд төвлөрүүлсэн. Намайг ерөнхий нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж эхлэхэд буюу 2023 оны 11 дүгээр сарын эхээр ажил хүлээлцэхэд өмнөх ерөнхий нягтлан бодогч манай байгууллага *** гэх хүнээс 2 сая төгрөгийн авлагатай, өөр хэн нэгэн хүнээс авлага байхгүй гэж хэлж холбогдох санхүүгийн баримтыг хүлээлгэн өгсөн. Ажил хүлээж авсныхаа дараа мастерын буюу технологич инженер Ууганзаяагийн тайлантай танилцахад “Эр хүн” нэртэй ном нийт 1000 ширхгийг тус бүрийг нь 3000 төгрөгөөр хэвлэсэн талаар тайлагнасан байсан. Гэтэл тухайн номын төлбөр болох 3.000.000 төгрөг манай байгууллагын дансанд төвлөрөөгүй байсан. Шалтгааныг тодруулахад *** дарга Ууганзаяад тухайн үед наад номынхоо захиалгыг Алтанхүү гэж хүний нэр дээр бичээрэй, хүмүүс нь төлбөр мөнгөө өгөөгүй байгаа гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь миний бие уг номын авлагыг *** даргын нэр дээр бүртгэж авлага үүсгэн байгууллагын удирдлагад танилцуулсан юм. Тухайн үед манай маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ариунбаяр нь *** даргатай холбоо барьж “Эр хүн” нэртэй номын төлбөрийг ямар шалтааны улмаас хийгээгүй болохыг асуутал наад номын чинь төлбөрийг хийсэн байгаа шүү дээ ямар шалтгааны улмаас танай байгууллагын дансанд ороогүй болохыг мэдэхгүй байна гээд тухайн үед төлбөр шилжүүлж байсан гэх дансны хуулга /интернэт банкны хуулга, зургийг/ Ариунбаяр дарга руу явуулсан байсан. Тус төлбөр төлсөн гэх баримтыг үзвэл тухайн хүмүүс нь төлбөрийг байгууллагын даргаар ажиллаж байсан ***ийн данс руу хийсэн байсан. Ямар шалтгааны улмаас *** даргын данс руу хийснийг мэдэхгүй байна. *** дарга ажил хүлээлцэхдээ “Эр хүн” нэртэй номын төлбөр мөнгө өөртөө байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй. 2023 оны жилийн эцсээр уг номын авлагатай холбоотойгоор асуудал үүсэж эхлэхэд даргаар ажиллаж байсан *** нь тус 3 сая төгрөгийг манай байгууллагын Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй 405011752 тоот дугаарын дансанд байршуулсан байсан. Би *** даргыг уг мөнгийг төлөх талаар ямар нэг зүйл хэлээгүй” /1-р хх-н 86-88, 90-91/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн “***” төвөөс 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 44/140 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эр хүн” нэртэй номын захиалгын хуудас, төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн акт зэрэг /1-р хх-н 106-127/, “***” төвийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 44/38 дугаартай албан бичгээр ирүүлсэн тухайн байгууллагын 2022, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /1-р хх-н 130-169/, АТГ-ын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 03/2671 дугаартай албан бичиг, ***ийн 2021, 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэг /1-р хх-н 205-210/, ***ийн ХААН банканд бүртгэлтэй *** тоот дугаарын дансанд 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тухайн дансны хуулга /1-р хх-н 98-101/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр замаас” гомдлын материалд хавсарган ирүүлсэн баримтууд /1-р хх-н 17-33/, “Эр хүн” нэртэй номд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 102-103/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ шүүгдэгч ***ийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллажээ.

 

Эрүүгийн хуульд “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан байхаар, хүндрүүлэх шинж нь ... албан тушаалын байдлаа ашиглаж ... үйлдсэн байхаар хуульчилсан.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

 

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүнийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа хэвлэх үйлдвэр болох “***” төвийн даргаар ажиллаж байх хугацаанд “Эр хүн” нэртэй номыг дахин хэвлүүлэх тухай захиалга захиалагчаас ирүүлсэн байна.

 

Захиалагч буюу иргэн А.***гаас төлсөн хэвлэлтийн зардлыг “***” төвийн дарга *** нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулжээ.

 

Дээр дурдсанаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсанаар “хөрөнгө завших” гэмт хэргийн бүрдэл хангагдана.

 

Харин иргэн А.***гаас шүүгдэгч ***т ном хэвлүүлэхээр өгч байгаа мөнгийг түүнд итгэмжлэн хариуцуулахаар өгсөн эд хөрөнгө гэж үзэхгүй, нөгөөтээгүүр “***” төвийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг *** шууд завшсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Тодруулбал, иргэн А.***гаас шилжүүлсэн мөнгө тухайн байгууллагын хөрөнгө болохоос урьтаж өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч байгаа шүүгдэгч ***ийн үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг буюу нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *** нийтийн албан тушаалтан мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээр нотлогдоно.

 

Шүүгдэгч *** “***” төвд орох ёстой байсан орлого 3.250.000 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгож авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчиллөө.

 

Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Шүүгдэгч *** “***” төвд орох ёстой байсан орлого болох 3.250.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

 

Шүүгдэгч *** хэдийгээр гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “яллагдагч /шүүгдэгч/ өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан тул түүнийг өөрийнх нь мэдүүлгээр буруутгаж эрх зүйн байдлыг нь дордуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хуулиар хориглосноос гадна нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурорт үүрэгжүүлсэн.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 182/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 184/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 183/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 185/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1-р хх-н 181/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ***ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

5. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ЖАНЧИВНЯМБУУ